ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН СЭТГҮҮЛ ЗҮЙН ОЮУТНУУДТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН СЭТГҮҮЛ ЗҮЙН ОЮУТНУУДТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Энх тайван ирээдүйг цогцлоох нь" уриан дор Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) болон Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв  хамтран МУИС, МУБИС, Отгонтэнгэр, СУИС-ийн КТМУС-ийн баримт шалгагч оюутан клубуудтай “Сэтгүүл зүйн ёс зүй ба өөрийн зохицуулалт” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтаар МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор, ХМЗ-ийн Ёс зүйн хорооны гишүүн Д.Идэржаргал болон “Зууны мэдээ” сонины тоймч, ХМЗ-ийн Ёс зүйн хорооны гишүүн Б.Нямсүрэн нар нар “Ардчилсан тогтолцоон дахь хэвлэл мэдээллийн үүрэг” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Тэд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-аас жил бүр ардчилсан орнуудын хэвлэл мэдээллийн оролцоо, өөрийн зохицуулалтын хөгжлийг дэмжих зорилгоор зохион байгуулдаг “Role of Media in Democratic Countries” олон улсын Co-Creation хөтөлбөрт хамрагдсан туршлага, сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

ХМЗ-ийн Радио, телевиз, сайтын ёс зүйн хорооны орлогч дарга Ц.Чимэддондог “Сэтгүүлчийн ёс зүй, хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим” сэдвээр илтгэл тавьж, ирээдүйн сэтгүүлчдэд мэргэжлийн чанартай бүтээл туурвих талаар зөвлөмж хуваалцсан бол ХМЗ-ийн Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны дарга Х.Болормаа “Сэтгүүл зүйн бүтээлийн ёс зүйтэй холбоотой гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?” сэдвээр мэдээлэл хүргэж, хорооны үйл ажиллагааг танилцууллаа.

Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн "Үүр" төвийн хөтөлбөрийн менежер Л.Анударь “Сэтгүүл зүйн ёс зүйн стандарт нутагшуулах нь: JTI гэж юу вэ?” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, хуурамч мэдээлэлтэй тэмцэх "Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга"-ыг танилцууллаа.

Түүнчлэн баримт шалгагч оюутан клубууд болох МУИС-ийн “NUM Journalist”, МУБИС-ийн “VIBE MNUE”, СУИС-ийн “CheckLab” болон Отгонтэнгэр их сургуулийн “CheckPlus” клубууд үйл ажиллагаагаа танилцуулж, харилцан туршлага хуваалцав.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтыг бэхжүүлэх болон салбарын ёс зүйн стандартыг төлөвшүүлэхэд залуучуудын оролцоо чухал болохыг тэмдэглэж, тэдний идэвх санаачилгыг сайшааж буйгаа илэрхийллээ.

Мэдээ бэлтгэсэн: Ц.Янжмаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.