Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Эмэгтэй улстөрчдийн дуу хоолой” хэвлэл мэдээлэл, цахим орчны нөлөөг тодорхойлох судалгааны тайланг бэлтгэж олон нийтэд танилцуулж байна.
Судалгааны үр дүнг хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд танилцуулах уулзалтыг 3 дугаар сарын 25-нд Их Британын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулав. Уулзалтад Их Британиас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт болон Их Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөл, Хөгжлийн Яамны Энэтхэг-Номхон Далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн сайд Сийма Малхотра нар оролцож, судалгааны үр дүн, ач холбогдлын талаар санал солилцлоо.
Түүнчлэн BBC Media Action-тай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Urug.mn, UbLife.mn, Graph.mn редакцууд оролцож, эмэгтэйчүүдийн эрх, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилгын хүрээнд контент бэлтгэн олон нийтэд хүргэснээ танилцуулав.
Арга хэмжээний үеэр ИБУИНХУ-ын Гадаад Хэрэг Хамтын Хөгжлийн Яамны Энэтхэг-Номхон Далайн Бүс Нутгийн Асуудал, Тэгш Эрхийг Хангах Асуудал Эрхэлсэн Сайд бөгөөд Парламентын Гишүүн Сийма Малхотрагийн хэлсэн үгээс хүргэж байна.
Өглөөний мэнд хүргэе,
Эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэж, улс төрд эмэгтэйчүүдэд тулгарч буй саад бэрхшээлийг илүү сайн ойлгоход тусалж буй чухал төслүүдийг тэмдэглэхээр өнөөдөр энд хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Мөн эдгээр төсөлд оролцсон бүх хүмүүст талархсанаа илэрхийлье.
Миний бие Монголд анх удаагаа айлчилж буй бөгөөд Британи-Монголын улс төрийн яриа хэлэлцээг хамтран даргалж, манай хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгааг харахад таатай байна.
Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн сайд болон тэгш эрхийг хангах асуудал хариуцсан сайдын хувьд гадаад айлчлал болгондоо эмэгтэй лидерүүдтэй уулзах нь миний хувьд нэн тэргүүний зорилт байсаар ирсэн. Учир нь улс төр, эдийн засаг, нийгмийн асуудалд эмэгтэйчүүдийн манлайлал, дуу хоолой маш чухал гэдэгтэй бид бүгд санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна.
Тийм ч учраас би Их Британийн тэгш эрхийг хангах асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж, жендэрийн тэгш байдлын талаар хийж буй ажлуудыг урагшлуулж байгаагаараа бахархдаг.
Өчигдөр би УИХ-ын эмэгтэй гишүүдтэй оройн зоог барьсан. Тэдний туршлагаас харахад олон нийтийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоо нь манай ардчилсан орнуудын хувьд нийтлэг тэргүүлэх чиглэл бөгөөд Их Британи, Монгол хоёр орон нэг завинд байгааг ойлголоо.
Их Британи, Монгол хоёр улсын хамтын ажиллагаа нь нээлттэй нийгэм, хариуцлагатай институц, идэвхтэй иргэний нийгэм гэсэн бидний ардчиллын нийтлэг үнэт зүйлд тулгуурладаг.
Англи хэлний багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулснаар 147,000 гаруй залууст хүрч, дараа үеийнхэнд шинэ Эдийн засгийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын анхны метроны бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор Лондон болон Их Британийн хотуудад дэд бүтэц барьж байсан туршлагаасаа бид хуваалцаж байна.
Гэхдээ хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгож, урт хугацаанд зөв шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн дуу хоолой нэн чухал. Бидэнд эртний зүйр үг байдаг - эмэгтэйчүүдэд тохирч байвал хүн бүрд тохирно гэсэн үг. Мөн Их Британи дахь туршлагаас харахад парламент дахь төлөөлөл маш чухал юм.
Өнөөдөр энэ судалгааны болон төслийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Энэ ажил бол бидний хамтын ажиллагааны бас нэгэн тод жишээ юм. Энэ нь ардчилсан амьдралд хэн, яаж оролцох вэ гэдэг асуултын хариултыг өгч байна.
Монгол Улс УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 40% болгох томоохон зорилт тавьсан.
Энэ судалгаа нь эмэгтэйчүүд нэр дэвших, хувь нэмрээ оруулах, дуу хоолойгоо хүргэх боломжтой байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Энэ нь цэцэглэн хөгжиж буй ардчилсан соёлын нэг хэсэг болох эмэгтэйчүүдийн дуу хоолойны тухай юм.
Эмэгтэйчүүд төрийн албан тушаалд томилогдоход тулгардаг хэвлэл мэдээллийн саад бэрхшээлийн талаар Монголд анх удаа ийм төрлийн судалгаа хийхэд Их Британи улс дэмжлэг үзүүлсэнд би маш их бахархаж байна. Энэ ажилд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст би дахин талархал илэрхийлмээр байна.
Тус судалгааны ажлыг үндэсний хэмжээний судалгаа, 2020, 2024 оны сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйчүүдтэй хийсэн ярилцлагад үндэслэн хийсэн.
Хэвлэл мэдээллийн тэгш бус байдал, онлайн хүчирхийлэл эмэгтэйчүүдийн улс төрийн дуу хоолойг хязгаарласаар байна. Эдгээр нь хэн олны нүдэнд илүү харагдах, хэн итгэл үнэмшил олж, олон нийтийн амьдралд бүрэн оролцох боломжтой гэдэгт нөлөөлдөг.
Судалгаанаас харахад эмэгтэй мэргэжилтнүүдээс бага ярилцлага авдаг, эмэгтэйчүүдийн түүх бага орон зай эзэлдэг, 2024 оны сонгуулийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй арван улстөрч тутмын хоёр нь л эмэгтэйчүүд байжээ.
Тус судалгаа нь олон ардчилсан улс орнууд, Их Британид ч гэсэн тохиолддог зүйл болох манлайллын талаарх олон нийтийн ойлголтыг төлөвшүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг харуулж байна.
Эмэгтэйчүүдийн талаар мэдээлэхгүй эсвэл хэвшмэл ойлголттой болсон үед тэдэнд итгэх олон нийтийн итгэл багасаж, тэдний олонд танигдах боломж буурч эрх мэдэлд хүрэхэд хэцүү болдог. Үүнийг улстөрч хүний хувьд өөрийн биеэр туулсан.
Би 20 гаруй жилийн өмнө улс төр, төрийн албанд орж ирж буй эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх, сургах, мэргэжлийн хүрээллийг бий болгох зорилгоор Фабиан тинк-танкийн нэг хэсэг болох Фабиан эмэгтэйчүүдийн нийгэмлэгийг үүсгэн байгуулсан.
Аливаа ардчилсан тогтолцоонд шударга, тэнцвэртэй, төлөөллийг бий болгох нь чухал. Мөн бид эмэгтэйчүүдийг зөвхөн төрийн албан тушаал хашихад нь бус урт хугацаанд ажиллахад нь болон тэдний хөдөлмөрийг үнэлж, ажлын үр дүнг нь харахыг зорих хэрэгтэй.
Эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нь олон талаар ашиг тустайг бид мэднэ. Дэлхий даяар хүйсийн тэгш бус байдлыг арилгаснаар дэлхийн эдийн засагт ойролцоогоор 7 их наяд долларын орлого оруулах боломжтой.
Манай хоёр орны залуу эмэгтэйчүүдийн ур чадвар, санаа, хүсэл эрмэлзэл нь бидний ирээдүйн эдийн засагт чухал байр суурь эзэлнэ. Мөн эмэгтэйчүүд олон нийтийн амьдралд илүү өргөн оролцоотой байх нь ихэвчлэн илүү мэдрэмжтэй, уян хатан, аюулгүй нийгмийг бий болгодог.
Иймээс BBC Media Action нь Граф, UB Life, Өрөг гэсэн гурван хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилласанд туйлын баяртай байна.
Энэ нь дэлхий даяарх эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалах Их Британийн бодлоготой шууд уялдаж байгаа юм.
Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөхгүй байх, цахим орчины дарамт зэрэг шинэ аюул заналхийллийг даван туулах, эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн тулд хамтдаа зогсох болно.
Тиймээс энэ төсөлд оролцсон бүх хүмүүст баярлалаа. Таны ажил ардчилсан үйл явцад илүү олон эмэгтэйчүүд оролцож, тэднийг харж, сонсож, нухацтай хүлээн авахад тусалж байгаа бөгөөд энэ нь манай хоёр орны ардчиллыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Би та бүхний илтгэлүүд, хийсэн ажлын талаар илүү ихийг сонсохыг тэсэн ядан хүлээж байна. Эдгээр нь ирэх жилүүдэд бидний ажилд ахиц дэвшил гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Баярлалаа.