“ЭМЭГТЭЙ УЛС ТӨРЧДИЙН ДУУ ХООЛОЙ” СЭДЭВТ СУДАЛГААНЫ ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

“ЭМЭГТЭЙ УЛС ТӨРЧДИЙН ДУУ ХООЛОЙ” СЭДЭВТ СУДАЛГААНЫ ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан, Их Британийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Эмэгтэй улс төрчдийн дуу хоолой” судалгааны үр дүнг танилцуулах уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү уулзалтыг Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны хүсэлтээр зохион байгуулж, гишүүдэд судалгааны тайланг танилцууллаа.

Судалгаанд улс төрийн сонгуульт үйл ажиллагаанд оролцож байсан 370 эмэгтэй, мөн гүнзгийрүүлсэн ярилцлагад 20 эмэгтэй улс төрч хамрагдсан бөгөөд насны ангилал, намын харьяалал, сонгуульд оролцсон байдал, нэр дэвшсэн болон ялалт байгуулсан үзүүлэлтүүдийг нэгтгэн дүн шинжилгээ хийсэн.

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх чиглэлээр олон жилийн турш тууштай ажиллаж, “Мэдрэмжтэй мэдээлье” санаачилгын хүрээнд редакц, сэтгүүлчдийн чадавхыг бэхжүүлэх ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Судалгааны дүнгээс харахад эмэгтэй улс төрчдийг хэвлэл мэдээллээр тэнцвэртэй, хэвшмэл ойлголтоос ангид байдлаар хүргэх тал дээр ахиц гарч буй хэдий ч тэдний туршлага, үзэл бодлыг гүнзгий тусгасан чанарын судалгаа дутмаг байсаар иржээ.

Мөн эмэгтэй улс төрчдийн эсрэг цахим орчин дахь дайралт, дарамт нь анхаарал татсан асуудал хэвээр байна. Энэхүү судалгаа нь эмэгтэй улс төрчдийн бодит туршлага, дуу хоолойд тулгуурлан хэвлэл мэдээлэл болон цахим орчинд тулгарч буй саад бэрхшээл, түүнийг даван туулах боломжит шийдлүүдийг системтэйгээр тодорхойлсон анхны цогц ажил болсноороо онцлог юм.

Судалгааны үр дүн нь эмэгтэй улс төрчдийн эсрэг чиглэсэн ялгаварлан гадуурхалт, цахим дайралтыг баримтжуулж, эдгээрийг бууруулах нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон харуулж байна.

Эмэгтэйчүүдийн дуу хоолойг бодитоор дэмжих, тэгш оролцоог хангах нь ардчилсан нийгмийн чухал үнэт зүйл билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.