Эх сурвалжаас ирүүлсэн мэдээллийг давхар нягтлан шалгах үүргээ чанд биелүүлэхийг редакцуудад санууллаа

Эх сурвалжаас ирүүлсэн мэдээллийг давхар нягтлан шалгах үүргээ чанд биелүүлэхийг редакцуудад санууллаа

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 26-ны өдөр боллоо.  

Улаанбаатар хотын захиргаа нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөхийн тулд түргэн үйлчилгээний цэгүүд (ТҮЦ)-ийг буулгах ажлыг 2025 оноос эрчимжүүлсэн. Гэвч ТҮЦ эрхлэгчид болон тэдгээрийн холбооноос “Төрийн байгууллага зөвшөөрөл олгоогүйгээс болж ТҮЦ-үүд ‘зөвшөөрөлгүй’ хэмээн тооцогдож байгаа нь шударга бус” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж талуудын дунд зөрчил маргаан үргэлжилж буй.

Энэ талаар 2025 оны наймдугаар сарын 15, 21-ний өдрүүдэд “Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар ТҮЦ-ийг нь буцаан тавьж өгнө гэж 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөг авчээ”, “ТҮЦ эрхлэгч 100 иргэнээс тус бүр 1 сая төгрөг авсан Х.Бат-Ялалт, Г.Одмаа нарын хэргийг шалгаж эхэллээ” гэх агуулгатай нийтлэлийг 15 сайтаар түгээжээ.

Тухайлбал, мэдээллийг reelnews.mn, livetv.mn, erennews.mn, asu.mn, arslan.mn, zarig.mn, 24tsag.mn, chig.mn, tur.mn, zereg.mn, tovch.mn, time.mn, toim.mn болон бусад хоёр сайт нийтэлсэн бөгөөд гомдол гаргагч нь тухайн редакцуудыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.6, 3, 4, 4.2 дахь заалтуудыг зөрчиж байна хэмээн ХМЗ-д гомдол ирүүллээ.

Ингэхдээ “ТҮЦ-ийг буцааж тавьж байрлуулахаар ТҮЦ эрхлэгч бүрээс 1 сая төгрөг авсан гэдэг нь худал бөгөөд энэ талаар гомдол гаргагчаас ямар ч тодруулга мэдээлэл аваагүй, ТҮЦ-ийн нэгдсэн холбооны гишүүдээс, ТҮЦ эрхлэгчдээс ч энэ тухай асууж лавлалгүйгээр мэдээллийн цахим сайтууд үгсэн хуйвалдсан мэт нэг ижил текст бүхий мэдээллийг түгээсэнд гомдолтой байна” гэжээ. Мөн “ТҮЦ эрхлэгчид болон тэдгээрийн эрхийг хамгаалж буй хүмүүсээс ярилцлага тодруулга авалгүйгээр олон нийтэд худал мэдээлэл түгээсэн нь гомдол гаргагчийн болон ТҮЦ эрхлэгчдийн нэр төр, алдар хүндэд ноцтойгоор халдаж буй үйлдэл” гэж үзжээ.

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2025 оны есдүгээр сарын 10-ны өдөр “Хариу тайлбар хүсэх тухай” албан бичгийг редакцуудад хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор редакцууд Нийслэлийн цагдаагийн удирдах газраас тухайн хэрэг шалгагдаж буй эсэх талаар тодруулахад Нийслэлийн цагдаагийн удирдах газар нь “Хэргийн оролцогчоос бусдад мэдээлэл задруулах боломжгүй” гэсэн хариуг хүсэлт гаргасан редакцуудад өгчээ.

Тиймээс Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гомдол хүлээн авах, барагдуулах журмын 3.4-т заасан “Гомдол гаргагч Зөвлөлд хандан гомдол гаргахдаа эсхүл гаргасныхаа дараа хорооны хуралдаанаас өмнө тухайн асуудлаар шүүх, цагдаагийн байгууллагад нэхэмжлэл гаргасан тохиолдолд гомдлыг хэлэлцэхийг хойшлуулж болно. Ингэж хойшлуулсан тохиолдолд анхан шатны шүүх хурлын эсхүл цагдаагийн байгууллагаас зөрчлийг хянан шийдвэрлэсний дараа гомдлыг хэлэлцэнэ” гэсэн заалт хэрэгжих боломжгүй гэж үзлээ. ССС-ын Ёс зүйн хороо “Уг хэргийн талаар шүүх, цагдаад хэрэг үүсээгүй бөгөөд редакцууд мэдээллээ тодруулах зорилгоор эрх бүхий байгууллагаас тодруулга авсан нь хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж үзээд тухайн бүтээлийн агуулгыг ёс зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзлээ.

Ёс зүйн хороо дээрх гомдлыг нягтлан хэлэлцээд редакцууд мэдээллийн гол эх сурвалж болох Нийслэлийн Цагдаагийн ерөнхий газраас хэргийг урьдчилан тодруулаагүй, мэдээллийн баталгаатай эсэхийг нягтласан баримтаа бүтээлдээ тусгаагүй, үйл явдлыг нотлоогүй байгаа таамаг гэж дурьдаагүй, хэд хэдэн мэдээллийн сайтууд нэг ижил агуулга бүхий мэдээллийг нэгэн зэрэг, нэг ижил хугацаанд нэгдсэн байдлаар түгээсэн нь тухайн мэдээллийг дуулиантайгаар түгээж буй хэлбэр гэж үзлээ. Түүнчлэн “...ТҮЦ ажиллуулж байсан 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөг авчээ” гэх мэдээлэл нь аль нэг эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар нотлогдсон, баталгаатай дүгнэлт биш байхад хэд хэдэн хүний нэрийг нь дурдан тодруулга авалгүйгээр буруутган нийтэлсэн тул “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1, 1.2, 1.6, 4, 4.2 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Харин 3 дахь заалтыг тус бүтээлийн ёс зүйн хүрээнд хамааралгүй хэмээн үзсэн.

Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн “Гомдол хүлээж авах, барагдуулах журам”-ын 6.3.2 болон 6.3.4-т заасны дагуу нэр бүхий 2 редакцад зөрчлийг зөвлөмжийн хамт хүргүүлээд харин алдаагаа залруулах хүсэлтийг харгалзан үзэж олон нийтэд нэрийг мэдээлэхгүй, харин бусад 13 редакцыг 6.3.3 болон 6.3.4-т заасны дагуу ёс зүйн алдаа гаргасныг олон нийтэд мэдээлж, гомдол гаргагч болон редакцад гомдлыг хэлэлцсэн дүгнэлтийг зөвлөмжийн хамт хүргүүлэх шийдвэр гаргалаа.

 

Хавсралт

Мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:

 

1.1 - “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”

1.2 - “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”

1.6 - “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана.Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана”

3 - “Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй””

4 - “Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана”

4.2 - “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй”

 

 

Бэлтгэсэн: Ц.Янжмаа /ХМЗ-ийн ажлын алба/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.