Сэтгүүл зүйн бүтээлд эх сурвалжаа тодорхой дурдах нь зүйтэй

Сэтгүүл зүйн бүтээлд эх сурвалжаа тодорхой дурдах нь зүйтэй

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны нэгдүгээр улирлын хурлаар хэлэлцэхийг түр хойшлуулсан гомдлыг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хэлэлцлээ.  

 

2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Eguur.mn сайт болон сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаараа “Э.Батбаяр ‘Зэс эрдэнийн хувь’-ийг авч Э.Бат-Амгалан барилга барьж дэвжсэн түүх ба 6.8 тэрбумын гүйлгээ” гэх гарчигтай нийтлэл түгээжээ.  Уг нийтлэлийг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.3, 1.6, 1.8, 2.3 дахь заалтуудыг зөрчиж байна хэмээн “Би Эй Ти Девелопмент Партнерс” ХХК-аас ХМЗ-д гомдол ирүүлсэн. Гомдол гаргагч нь Eguur.mn сайт дээрх мэдээллийг бэлтгэн түгээхдээ баримт нотолгоо, баталгаатай эх сурвалжид тулгуурлаагүй, тодорхойгүй эх сурвалж, таамаг дүгнэлт, хардлага, гүжирдлэгийн шинжтэй хэллэгийг ашигласан бөгөөд  тус байгууллагын санхүүгийн гүйлгээг хууль бус мэтээр ойлгуулах, компанийн хамаарал бүхий этгээд Э.Батбаярын хувийн болон албан ажил үүргийг ашиг сонирхлын зөрчилтэй холбон буруутгах, тус компанийг улс төрийн албан тушаалтантай хамааралтай мэтээр гуйвуулан дүрслэх, мөн гадаадын иргэн, хуулийн этгээдийг залилан, хөрөнгийг нь завшсан мэтээр ойлголт төрүүлэх үг хэллэгийг ашиглан зориудаар олон нийтэд ташаа, сөрөг ойлголт төрүүлэхүйц байдлаар мэдээлсэн гэж үзсэн. Түүнчлэн эдгээр мэдээлэл нь бодит баримтаар нотлогдоогүй, “гэж харагдаж байна”, “гэж уншигдаж байгаа”, “логик нь ийм” гэх мэт субьектив таамаг, дүгнэлтэд тулгуурласан бөгөөд сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд нийцээгүй, нэг талыг барьсан, хариуцлагагүй нийтлэл гаргасанд гомдолтой байна гэжээ.

Харин хариуцагч редакцын зүгээс ирүүлсэн хариу тайлбартаа “2021 оны эхээр Э.Бат-Амгалан сайдын дүүгийн эхнэр Э.Энхмаа "Зэс Эрдэнийн хувь" компанийн өмчлөгчдийн нэг болсноос хойш удалгүй УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн компаниас түүний компани руу 4 сарын хугацаанд 6.8 тэрбум төгрөг шилжсэн. Эхний гүйлгээ хийгдсэнээс ердөө 10 хоногийн дараа сайдын дүү Э.Батбаяр мөн уг зэсийн компанийн өмчлөлд нэмэгдэж орсон байна. Eguur.mn сайт олон нийтэд нээлттэй өгөгдөлд дүн шинжилгээ хийж, энэхүү их хэмжээний мөнгөн гүйлгээ болон Э.Бат-Амгалан сайдын барилгын бизнес огцом тэлсэн цаг хугацаа давхцаж буйг сэтгүүлчийн хардах эрхийн хүрээнд логик хамаарлаар нь холбон нийтэлсэн. Редакцын зүгээс хэнийг ч шууд гэмт хэрэгтэн гэж гүтгээгүй бөгөөд сэтгүүл зүйн нийтлэг хэм хэмжээний дагуу ажилласан” гэдгээ онцолсон юм. 

Ёс зүйн хороо дээрх гомдлыг нягтлан хэлэлцээд редакцын бүтээл нь эрэн сурвалжлах бүтээлийн шинжтэй бөгөөд гарчиг, зураг зэрэг нь мэдээллийг мушгин гуйвуулаагүй, мөн хэн нэгнийг шууд буруутгалгүйгээр зөвхөн таамаг дэвшүүлсэн тул холбогдох этгээдээс заавал тайлбар авах шаардлагагүй, түүнчлэн олон нийтэд танигдсан этгээдийн нээлттэй гэрэл зураг ашигласан нь хувь хүний орон зайд халдаагүй гэж үзэн 1.1, 1.3, 1.6, 1.8, 2.3 дахь заалтуудыг зөрчөөгүй гэж шийдвэрлээ.

Харин бүтээлд тодорхой эх сурвалжийг дурдаагүй бөгөөд редакц хариу тайлбартаа хэд хэдэн эх сурвалжийг хавсарган ирүүлсэн. Түүнчлэн редакц бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийг анхдагч эх сурвалжийн хэмжээнд ашиглахдаа  баталгаат эх сурвалж мэтээр үзсэн нь хангалтгүй бөгөөд бусад нотлох нэмэлт эх сурвалжуудыг бүтээлдээ дурдах шаардлагатай байсан тул 1.2 дахь заалтыг бүрэн хэрэгжүүлээгүй тул зөрчсөн  хэмээн шийдвэрлэлээ.
 

Мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:

1.1 - Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ.

1.2 - Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ.

1.3 - Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, эшлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана.

1.6 - Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана.

1.8 - Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно.

2.3 - Хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглах тохиолдолд тухайн хүний болон насанд хүрээгүй хүмүүсийн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна.



Мэдээ бэлтгэсэн: Ц.Яжмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.