Редакц буруутгал, хардлагыг баримт, найдвартай эх сурвалжаар баталгаажуулах ёстой

Редакц буруутгал, хардлагыг баримт, найдвартай эх сурвалжаар баталгаажуулах ёстой

Радио, телевиз, сайтын ёс зүйн хорооны 2026 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 8-ны өдөр болж нэг гомдлыг хэлэлцлээ. 

Tovch.mn сайт 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр “‘ШИВЭЭ-ОВОО’-г бүрхсэн Ч.Хүрэлбаатарын бүлэглэл!! ‘УВСЫН БҮЛЭГЛЭЛ’ 108 тэрбумаар дизель шахжээ, Н.УЧРАЛ САЙДАА!!” гэх гарчиг бүхий сурвалжилгыг нийтэлсэн байна. Уг сурвалжилгад Ч.Хүрэлбаатарыг “Увсын бүлэглэл”-ийг удирддаг, “Шивээ-Овоо” ХК-ийн тендерүүдийг хууль бусаар зохион байгуулж, тодорхой компаниудад давуу байдал олгосон, 108 тэрбум төгрөгийн тендерийг бүлэглэлээрээ дамжуулан авсан, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, улсын хөрөнгө тоносон гэх зэрэг агуулгаар мэдээлжээ.

Гомдол гаргагчийн зүгээс тус редакц Ч.Хүрэлбаатарын талаар илт худал мэдээлэл түгээж, түүнийг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн, удирдагч мэтээр олон нийтэд ойлгуулсан боловч эдгээр агуулгаа албан ёсны эх сурвалж, баримтаар нотлоогүй, олон нийтийг төөрөгдүүлж, нэр төрд нь халдсан гэж үзэн гомдол ирүүлсэн байна.

Редакцын зүгээс “Шивээ-Овоо” төрийн өмчит компанийн газар дээр очиж ажилласан бөгөөд тухайн мэдээллийг бичиг баримт болон эх сурвалжид үндэслэн бэлтгэсэн гэдгээ илэрхийлсэн. Мөн “Увсын бүлэглэлд Ч.Хүрэлбаатар хамааралтай” гэх агуулгыг сэтгүүл зүйн чөлөөтэй хэвлэн нийтлэх, “хардах эрх”-ийн хүрээнд бэлтгэсэн гэж тайлбарласан байна. Редакцын мэдээлснээр эх сурвалж нь “Шивээ-Овоо” төрийн өмчит компанийн ажилчид байсан, иргэн О.Отгонтөгстэй холбоотой агуулга нь “Цензургүй сурвалжилга” багийн бэлтгэсэн хоёр нэвтрүүлэгт мөн дурдагдсан мэдээлэл байсан гэжээ. Түүнчлэн www.opendata.burtgel.gov.mn цахим хуудсаар дамжуулан холбогдох мэдээллийг баталгаажуулсан гэв.

Ёс зүйн хороо тус гомдлыг нягтлан хэлэлцээд редакц тухайн сурвалжилгаараа “...Ч.Хүрэлбаатар тендерийн хулгай зохион байгуулсан”, “...бүлэглэл удирдсан”, “...улсын хөрөнгө тоносон” гэх мэт агуулгыг хөндсөн нь нэг талаас нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн хяналт, ил тод, чөлөөт шүүмжлэлийн үүргийг гүйцэтгэж буй боловч нөгөө талаас аливаа буруутгал, шүүмжлэлийг хийхдээ тодорхой баримт, найдвартай эх сурвалжуудаар баталгаажуулах ёстой гэсэн мэргэжлийн үйл ажиллагаагаа дутуу хийсэн гэж үзлээ. 

Тухайлбал, редакц иргэн О.Отгонтөгсийг эх сурвалж болгон ашигласан хэдий ч түүний хэлсэн үг нь баталгаатай эх сурвалж, баримт, нотолгоо болоход хангалтгүй бөгөөд редакцын хариу тайлбартаа дурдсан “Цензургүй сурвалжилга” нэвтрүүлгийн аль хэсгийг эх сурвалж болгон ашигласныг бүтээлдээ тодорхой дурдаагүй. Түүнчлэн редакцын дурдсан www.opendata.burtgel.gov.mn сайт дээрх нээлттэй мэдээллүүд нь Ч.Хүрэлбаатар бүлэглэл удирддаг гэсэн буруутгалыг хангалттай батлах баримт болоогүй гэж үзэв. Мөн редакц хариу тайлбартаа “хардах эрх”-ийн үүднээс хандсан гэсэн боловч үүнийгээ бүтээлдээ тодорхой дурдаагүй, түүнчлэн сурвалжилгын гарчигтаа баталгаагүй мэдээлэл, таамаглалыг баримтаар нотлогдсон, болсон үйл явдал мэтээр үзэгч, сонсогчдод ойлгогдохуйц байдлаар дүрсэлсэн, дээрх сурвалжилгыг бэлтгэж олон нийтэд хүргэхдээ уг шүүмжлэл нь редакцын таамаглал, батлагдаагүй хардалт зэргээр үзэгч, сонсогчдод тодорхой мэдээлэл өгөөгүй. Мөн “...Ч.Хүрэлбаатар Увсын бүлэглэл удирддаг, ...улсын хөрөнгө тоносон, ...тендерийн хулгай хийсэн, ...бүлэглэлээрээ дамжуулан ашиг хүртсэн” зэргээр буруутгахдаа баримт, эх сурвалжуудаар нотлоогүй, батлагдсан мэдээлэл мэтээр мэдээлсэн, редакц Ч.Хүрэлбаатар болон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой мэдээлэл түгээсэн боловч тухайн этгээдүүдээс тайлбар авах, эсвэл тайлбар өгөх боломж олгосон эсэх нь тодорхойгүй, эдгээрийг төлөөлөх эх сурвалжийн мэдээлэл байхгүй хэмээн үзэж “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1, 1.2, 1.3, 1.6, 1.8 дахь заалтуудыг зөрчсөн гэж шийдвэрлэв.

Харин тус сурвалжилга нь мэдээ биш нөлөөллийн зорилготой бүтээл гэдгийг “#SPECIAL_REPORT:” тэмдэглэлээр ялгасан, Ч.Хүрэлбаатар болон нэр бүхий этгээдүүдийг тодорхой гэмт хэрэг үйлдсэн мэтээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэх зэргээр нэрлэн зааж буруутгаагүй, редакцын бэлтгэсэн сурвалжилгад мэдээллийг хувийн зорилгоор ашигласан, мэргэжлийн давуу байдлаа урвуулан ашигласан, мэдээлэх эсэхтэй холбоотойгоор аливаа хэлбэрийн авлига авсан гэх агуулга, баримт байхгүй, хэдийгээр редакц зарим мэдээллээ хангалттай баримтаар баталгаажуулаагүй боловч илтэд гутаан доромжилсон үг хэллэг ашиглаагүй, санаатайгаар гүтгэсэн гэж үзэх үндэслэлгүй тул 1.5, 4.2, 5 дахь заалтуудыг зөрчөөгүй хэмээн дүгнэлээ.

Хавсралт

Хурлын мэдээнд дурдагдаж буй "Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим"-ын заалтууд:

1.1 - “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” 

1.2 - “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ” 

1.3 - “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, эшлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана” 

1.6 - “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана” 

1.5 - “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана” 

1.8 - “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” 

4.2 - “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” 

5 - “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн  мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана” 

 

Мэдээ бэлтгэсэн: Ц.Янжмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.