Нэгүүн.мн сайтыг нягтлан шалгах ажлаа дутуу хийсэн гэж үзэв

Нэгүүн.мн сайтыг нягтлан шалгах ажлаа дутуу хийсэн гэж үзэв

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевиз, сайтын ёс зүйн хорооны дөрөвдүгээр улирлын хурал арванхоёрдугаар 5-ны өдөр боллоо.

Энэ удаагийн хурлаар “Өсөх Урам” ХХК-аас neguun.mn сайтын 2025 оны наймдугаар сарын 22-ны өдөр түгээсэн “Барилгын талбайд кран унаж хоёр иргэн эрүүл мэндээрээ ноцтой хохирсон асуудалд “Өсөх Урам” ХХК ямар хариуцлага хүлээв” гэх гарчигтай сурвалжилгад хаяглагдсан гомдлыг хэлэлцлээ. 

2025 оны наймдугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг, Бурхантай уулын энгэрт баригдаж байсан “Будда Таун” хотхоны 2-р ээлжийн барилгын талбайд кран унаж, хоёр хүн бэртсэн осол гарсан байна. Уг барилгын ажлыг гүйцэтгэж байсан “Өсөх Урам” ХХК ослын дараа эмнэлгийн тусламж дуудан яаралтай арга хэмжээ авсан бөгөөд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны харьяа Барилга, өргөх байгууламжийн техникийн улсын байцаагч ослын талаарх дүгнэлт гаргаж, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан талаар тайлбарлажээ.

Гэвч neguun.mn сайт дээрх гарчигтай сурвалжилгаар ослыг цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр нуун дарагдуулсан, ар гэртэй нь тохиролцсон байж болзошгүй гэх агуулгатай худал мэдээлэл түгээсэн гэж үзэн “Өсөх Урам” ХХК-ийн зүгээс Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирүүлсэн. Тус компани ослыг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн болохыг нотлох Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын тодорхойлолт, хэрэг бүртгэлийн хуулбар зэргийг гомдолдоо хавсарган ирүүлсэн. Улмаар гомдол гаргагч нь neguun.mn сайтыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1, 1.1, 1.2, 1.3, 2.1, 4.2 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн үзсэн юм.

Уг гомдлын дагуу neguun.mn сайт хариу тайлбараа ирүүлсэн бөгөөд тайлбарт дурдсанаар ослын талаарх мэдээллийг нэрээ нууцлахыг хүссэн, “Өсөх Урам” ХХК-ийн албан хаагч байж болзошгүй эх сурвалж редакцад хүргүүлжээ. Түүнчлэн тухайн эх сурвалж нь байгууллагын дотоод групп чат дахь мэдээлэл болон ослын зургуудыг илгээсэн бөгөөд редакцын зүгээс осол гарсан өдөр цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл бүртгэгдсэн эсэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөр дамжуулан нягталсан гэдгээ дурдсан байв. Улмаар тухайн өдөр цагдаагийн байгууллагад осол бүртгэгдээгүй гэсэн мэдээлэл авсан тул уг мэдээллийг нийтлэл хэлбэрээр анх түгээсэн гэжээ.

Мөн нийтлэл нийтлэгдсэний дараа кранисттай холбоотой нэмэлт мэдээлэл, тухайлбал кранистуудын чатад нийтлэгдсэн баримтууд редакцад ирсэн тул уг асуудлаар мэдээ, сурвалжилгыг үргэлжлүүлэн бэлтгэж эхэлсэн хэмээн тайлбарласан байна. Энэ хүрээнд “Өсөх Урам” ХХК-аас албан ёсоор тодруулга авах, хариу тайлбар сонсох зарчмыг баримталсан гэдгээ илэрхийлсэн. 

Ёс зүйн хороо уг гомдлыг нягтлан хэлэлцээд редакц шууд дамжуулалтынхаа үеэр ослын зургуудыг харуулсан, эх сурвалж ийм мэдээлэл өгсөн хэмээн ярьж, ХМЗ-д ирүүлсэн хариу тайлбартаа мөн дурдсан байсан ч эх сурвалжийн өгсөн мэдээллийг бусад түвшний эх сурвалжаас тодруулж нягтлаагүй гэж үзлээ. Тодруулбал, гомдол гаргагчийн ирүүлсэн баримтууд буюу тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл бүртгэгдсэн талаарх Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын албан тоот, Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, осол гаргасан кранистын мэргэжлийн үнэмлэх зэргээс харахад гомдол гаргагч тал хэргийг нуун дарагдуулсан, мэргэжлийн бус хүн ажиллуулсан гэх үндэслэл байхгүй хэмээв. Цаашлаад редакцын эх сурвалж болгон авсан групп чат нь тухайн барилгын компанийн бус Дархан-Уул аймгийн нийт кранистуудын группт тавьсан мэдээлэл байсан тул эх сурвалж нь өөрөө тухайн үйл явдалтай холбоотой бүрэн мэдээлэлтэй байсан эсэх, санаатайгаар ташаа мэдээлэл түгээсэн байж болох эсэхийг редакц дутуу нягталсан /тухайн ослын талаар Дархан-Уул аймгийн ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл гарч байсан/, тухайн ослын хэрэг нь хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа, асуудал нь бүрэн шийдэгдээгүй байхад “Барилгын талбайд кран унаж хоёр иргэн эрүүл мэндээрээ ноцтой хохирсон асуудалд “Өсөх Урам” ХХК ямар хариуцлага хүлээв” хэмээн гарчигласан нь олон нийтэд хэрэг эцэслэн шийдэгдсэн, байгууллага хариуцлага хүлээлгүй мултарсан мэтээр ойлгогдохуйц байсан нь агуулгыг буруугаар ойлгуулах, хялбарчлах шинжтэй тул “Хэвлэл мэдээллийн ёс зүйн  зарчим”-ын  1.1, 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэв.

Харин редакцын бэлтгэн түгээсэн мэдээний ерөнхий агуулга болох барилгын талбайд кран унаж хүн гэмтсэн гэдэг нь бодит болсон явдал бөгөөд сэтгүүлч шууд дамжуулалт хийх үеэрээ албан ёсны логотой сэтгүүлчийн үнэмлэхээ зүүсэн, логотой микрофон барьсан, аль редакцаас, ямар асуудлаар явж буйгаа хэлж буй нь шууд дамжуулалтаас тод харагдаж байгаа, байгууллагыг болон кранистыг гэм буруутай гэж дүгнээгүй, гэмт хэрэгтэн гэх зэргээр мэдээллээгүй, хэргийг нуун дарагдуулсан, мэргэжлийн бус хүн ажиллуулсан байж болзошгүй гэж байгаа учир  1, 2.1, 4.2 дахь заалтуудыг зөрчөөгүй  хэмээн дүгнэлээ.

 

Хавсралт:

Хурлын мэдээнд дурдагдаж буй "Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим"-ын заалтууд:

1 - “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно.”

1.1 - “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ.”

1.2 - “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ.”

1.3 - “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, эшлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана.”

2.1 - “Сэтгүүлч өөрийгөө танилцуулж, ил тодоор ажиллах нь энэхүү мэргэжлийн үндсэн зарчим болно. Зөвхөн олон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий, өөр аргаар олж авах боломжгүй мэдээллийг бусад аргаар авч болно.”

4.2 - “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй.”

 

Мэдээ бэлтгэсэн: Ц.Янжмаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.