Ёс зүйн хороо редакцуудад мэдээллийн агуулга, хэлбэрт хянуур хандахыг сануулав

Ёс зүйн хороо редакцуудад мэдээллийн агуулга, хэлбэрт хянуур хандахыг сануулав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 20-ны өдөр болж, гурван гомдол гаргагчаас ирүүлсэн дөрвөн редакцад холбогдох гомдлыг хэлэлцлээ. 

 

НЭГ. Tsahimtv.mn сайтын редакцыг мэдээллийн агуулга, хэлбэрт хянуур хандахыг сануулав

Tsahimtv.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр “Бүдүүлэг дээрээ хэл ам нь бүр нэг золбин.. өдий насны хүн байж ууж идчихээд биеэ хянах чадваргүй бол битгий ууж бай! Хүний амь хохироох хэмжээний агсан заваан бол гарч орж яадаг юм! Ийм сэжгийн хүмүүстэй битгий ууж байгаарай. Үхэл эсвэл торны цаана 2 ойрхон шүү!!” гэх агуулгатай мэдээлэл цацагджээ. 

Энэхүү хэсэг бүлэг хүмүүс маргалдаж буй 19 секундийн видеонд дүрс нь орсон нэгэн иргэнээс ХМЗ-д гомдол ирүүлсэн бөгөөд гомдол гаргагч нь өөрийгөө 2025 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр болсон тухайн үйл явдлын үеэр хэрэгт ямар ч оролцоогүй, зөвхөн найзтайгаа уулзах зорилгоор тухайн байршилд очсон хөндлөнгийн хүн байсан гэжээ. Улмаар редакц үйл явдлыг хөндлөнгөөс зөвшөөрөлгүй хийсэн бичлэгийг нягталж шалгалгүйгээр, хамааралгүй иргэний царай төрхийг тодорхой, танигдахуйц байдлаар фэйсбүүк хуудсандаа байршуулан олон нийтийн сүлжээнд нийтэлсэнд гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн редакцыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 6.8 дахь заалтыг зөрчсөн гэж гомдол гаргагч үзсэн байна.

Ёс зүйн хороо уг гомдлыг хэлэлцээд tsahimtv.mn сайтын түгээсэн дээрх видео бичлэг нь сэтгүүл зүйн бүтээлийн шинж чанар агуулаагүй, хувийн өс хонзонгийн шинж агуулсан байх магадлалтай, хэрэгт шууд хамааралгүй хөндлөнгийн иргэний дүрсийг оруулан нийтэлсэн бөгөөд бичлэгийн тайлбартаа доромжилсон, бүдүүлэг өнгө аястай үг хэрэглэсэн тул Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 6.8 дахь заалтыг зөрчсөн хэмээн шийдвэрлэлээ.

Мөн тухайн редакцыг цаашид мэдээлэл бэлтгэх, түгээхдээ Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг чанд мөрдөн мэдээллийн агуулга, хэлбэрт хянуур хандах, хүний нэр төр, алдар хүнд, хувийн нууцад хүндэтгэлтэй хандах, хэрэгт шууд хамааралгүй этгээдийн зураг, дүрсийг зөвшөөрөлгүйгээр нийтлэхээс зайлсхийх, мэдээллийн үнэн зөв, тэнцвэртэй байдлыг хангаж ажиллахыг сануулав.

 

ХОЁР. Neguun.mn сайтад мэдээллийн эх сурвалжийг нягталж байхыг дахин санууллаа

Neguun.mn сайт болон сайтын албан ёсны фэйсбүүк хуудсанд 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр болон Майнс Ап ХХК хоёрын 6.2 тэрбумын тендерийн балаг” гэх гарчигтай сурвалжилга нийтлэгджээ. Мөн тус мэдээллийг TV9 телевизээс бэлтгэн хүргэдэг “Монгол коммент” шууд нэвтрүүлгээр олон нийтэд хүргэсэн байна. Мэдээллийн гол агуулга нь Эрдэнэт үйлдвэр 6.2 тэрбум төгрөгийн тендер зарлаж, Моннис группийн охин компани Майнс ап ХХК гинжит бульдозер нийлүүлсэн. Гэвч бульдозер нь шинэ биш, 2023 онд үйлдвэрлэгдсэн хуучин тоног төхөөрөмж байсан. Үүний улмаас дөрвөн сарын дотор эвдрэл гарч, оператор амь эрсэдсэн ч асуудлыг нуун дарагдуулсан гэжээ.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан "Майнс Ап" ХХК-аас Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирүүлсэн бөгөөд редакцууд компанийн байр суурийг тодруулаагүй, эх сурвалжийг нягтлаагүй, үнийн мэдээллийг буруу тайлбарлаж, "..танил тал ашиглан тендерт шалгарсан", "...төмрийн хог нийлүүлсэн", "...хүний амь нас эрсэдсэн" гэх мэт илт худал, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан хэмээн үзсэн байна. Түүнчлэн уг мэдээлэлтэй холбогдуулан тайлбар, нотлох баримт буюу “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ тоног төхөөрөмж хүлээн авах акт, Техникийн эд ангийн бүрэн бүтэн байдлыг шалгасан үзүүлэлтийн мэдээлэл, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэргийг хавсарган ирүүлсэн. 

Ёс зүйн хороо уг гомдлыг хэлэлцээд Neguun.mn дээрх мэдээллийг түгээхдээ тодорхой эх сурвалж болон эх сурвалжийн үнэн зөв, баталгаатай эсэхийг нягталж, баримтжуулсан талаар огт дурдaагүй, мэдээлэлд баталгаатай, тодорхой эх сурвалж дурдаагүй атлаа “...тендерийн балаг” гэх мэтчилэн агуулгыг хэт нэг талыг барьсан, дүгнэлтийн шинжтэй үг хэллэг ашигласан, таамаглал, ам дамжсан яриаг тодорхой эх сурвалжид тулгуурлан нягталж баталгаажуулаагүй, мөн түүнийг таамаг шинжтэй болохыг ил тод тэмдэглээгүй тул “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.2, 1.3, 1.6 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Харин редакцын сурвалжилга, мэдээлэл нь нийтийн эрх ашгийн төлөөх агуулгатай, мөн мэдээлэлд ашигласан зураг, дүрс нь насанд хүрсэн хүний, олон нийтэд нээлттэй эх сурвалжаас авсан тул 1.8 болон 2.3 дахь заалтуудыг зөрчөөгүй гэж үзэв.

Үүнтэй адил TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлэг нь бусад хэвлэл мэдээллийн байгууллагын бэлтгэсэн мэдээллийг дамжуулсан бөгөөд мэдээллийн эх сурвалжийн үнэн зөвийг нягтлаагүй, баталгаагүй мэдээллийг шууд дамжуулсан тул 1.2, 1.3, 1.6 дахь заалтуудыг зөрчсөн, харин тус нэвтрүүлэг нь мэдээллийг бэлтгэн түгээдэггүй, шууд явдаг, мэдээлэлд дурдагдаж буй этгээдтэй харилцаж байр суурийг нь авах боломжгүй байдгаараа онцлогтой, мэдээлэлд ашигласан зураг, дүрс нь олон нийтэд нээлттэй эх сурвалжаас авсан зэргийг харгалзан үзэж 1.8 болон 2.3 дахь заалтуудыг зөрчөөгүй гэж дүгнэв.

 

ГУРАВ.  Eguur.mn сайтад хаяглагдсан гомдлыг хойшлууллаа

Eguur.mn сайт болон сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар түгээсэн 2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр “Э.Батбаяр ‘Зэс эрдэнийн хувь’-ийг авч Э.Бат-Амгалан барилга барьж дэвжсэн түүх ба 6.8 тэрбумын гүйлгээ” гэх гарчигтай сурвалжилгад хаяглагдсан гомдлыг “Би Эй Ти Девелопмент Партнерс” ХХК-аас ирүүлсэн. Хороо гомдлыг хэлэлцээд редакцын бүтээл нь эрэн сурвалжлах шинжтэй бөгөөд гомдолд холбогдох асуудлаар редакцын дэлгэрэнгүй хариу тайлбар, баримт мэдээллийг нэмэлтээр авах шаардлагатай гэж үзсэн. Иймээс eguur.mn редакцаас гаргасан хариу тайлбар ирүүлэх хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, гомдлыг 2026 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр дахин хэлэлцэхээр шийдвэрлэв.

 

Мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:

1.2 - Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ.

1.3 - Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, эшлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана.

1.6 - Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана.

1.8 - Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно.

2.3 - Хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглах тохиолдолд тухайн хүний болон насанд хүрээгүй хүмүүсийн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна.


Мэдээ бэлтгэсэн: Ц.Янжмаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.