Радио, телевиз, сайтын ёс зүйн хорооны 2026 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 6-ны өдөр болж хоёр редакцад холбогдох гомдлыг хэлэлцлээ.
Нэг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай холбоотой сурвалжилга ёс зүйн зөрчил гаргаагүй
Nuuts.mn сайт 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Нууц материалууд: 166 тэрбумын тендерийг будилуулсан нь” гэх гарчигтай сурвалжилгыг олон нийтэд хүргэжээ. Уг сурвалжилгатай холбогдуулан ФЛСмидт Монголиа ХХК-аас Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирүүлсэн.
Гомдол гаргагч ФЛСмидт Монголиа ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 онд зарласан “Өндөр даралтын булт нунтаглагч төхөөрөмж нийлүүлэх” тендерт Монгол Улсын хууль тогтоомж болон тендерийн баримт бичгийн шаардлагыг бүрэн хангаж оролцсон, улмаар тендерийн хорооны шийдвэрээр гэрээ байгуулах эрх авсан гэж тайлбарласан байна. Нэвтрүүлэгт дурдагдсан “тендер зарлахаас өмнө материалаа бэлдсэн”, “тендерийн гүйцэтгэлийн баталгааны хугацаа дууссан байсан” зэрэг мэдээллийг бодит байдалд нийцээгүй, худал мэдээлэл гэж үзжээ. Мөн тендер зарлагдсаны дараа материалаа хууль, журмын дагуу бүрдүүлж хүргүүлсэн бөгөөд тендерийн баталгаа хүчин төгөлдөр байсныг банкны цахим баталгаагаар нотлох боломжтой гэж мэдэгдсэн байна.
Улмаар редакцыг тус нэвтрүүлгээ бэлтгэхдээ ФЛСмидт Монголиа ХХК-аас тайлбар аваагүй, агуулга нь нэг талыг барьсан, хараат бус сэтгүүл зүйн зарчмыг баримтлаагүй учраас “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1, 1.1, 1.2, 1.3, 1.8, 1.9 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Nuuts.mn сайтын редакц хариу тайлбартаа, нэвтрүүлгийн гол сэдэв нь ФЛСмидт Монголиа ХХК бус, харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан 166 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийн хууль ёсны байдал, хяналтын байгууллага болон шүүхийн шийдвэрийн хэрэгжилт байсан гэжээ. Тус тендерт ФЛСмидт Монголиа ХХК анх шалгарсан боловч Сангийн яам сонгон шалгаруулалтад ноцтой зөрчил илрүүлж, тендерийн хүчингүй болгосон ба дахин тендер зарлах чиглэл өгсөн. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ уг шаардлагыг хэрэгжүүлэлгүй гэрээ байгуулж, төлбөр шилжүүлсэн нь хууль зөрчсөн байж болзошгүй асуудлыг нэвтрүүлгээр хөндсөн гэж тайлбарласан байна. Мөн Улсын дээд шүүхээс уг тендер, түүнд үндэслэсэн гэрээг хууль бус гэж үзсэн шийдвэрийг дурдсан бөгөөд үүгээр төлбөр шилжүүлсэн эрх зүйн үндэслэлд эргэлзээ буйг олон нийтийн анхааралд хүргэхийг зорьсон гэжээ. Иймд ФЛСмидт Монголиа ХХК нь нэвтрүүлгийн гол шүүмжлэлийн объект бус, зөвхөн маргаанд оролцогчийн хувиар дурдагдсан бөгөөд нэвтрүүлэг нь компанийн нэр хүнд, үйл ажиллагааг бус, нийтийн ашиг сонирхол бүхий төрийн байгууллагын шийдвэр гаргалт, хяналт, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг шүүмжлэлтэй авч үзсэн гэжээ.
Хороо уг гомдлыг хэлэлцээд редакцын бэлтгэсэн сурвалжилгад ФЛСмидт Монголиа ХХК-ийг аливаа хэлбэрээр буруутгасан, гүтгэсэн эсхүл компанийн талаар худал мэдээлэл тараасан агуулга байхгүй, хөндөгдсөн гол асуудал нь Сангийн яамнаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 166 тэрбум төгрөгийн өртөгтэй өндөр даралтын булт нунтаглагч төхөөрөмж худалдан авах тендерийн үйл ажиллагаанд зөрчил илэрсэн гэж үзэн дахин тендер зарлах чиглэл өгсөн тухай бөгөөд энэ нь баттай эх сурвалж, баримтад тулгуурласан бодит үйл явдал мөн, сурвалжилгад Сангийн яамны дүгнэлт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ФЛСмидт Монголиа ХХК-тай байгуулсан худалдан авалтын гэрээ зэрэг баримт бичгийг хавсаргасан нь баталгаатай эх сурвалжид хамаарна, сурвалжилгын гарчиг болон дүрс нь бүтээлийн нэвтрүүлгийн агуулгатай нийцсэн бөгөөд мэдээллийг мушгин гуйвуулсан, нөхцөл байдлаас салгасан, эсвэл буруугаар ойлгуулахуйц байгаагүй, ФЛСмидт Монголиа ХХК-ийг буруутгасан, шүүмжилсэн агуулга байхгүй тул тайлбар авах шаардлагагүй байсан, мөн эрх бүхий байгууллагаас редакцын бэлтгэсэн сурвалжилгыг худал, ташаа мэдээлэл гэж тогтоогоогүй тул мэдээллийг ташаа болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй зэргийг харгалзан үзэж редакцыг ёс зүйн зөрчил гаргаагүй хэмээн дүгнэлээ.
Хоёр. Neguun.mn сайтыг эх сурвалжийн өгсөн мэдээллийг нягталж, баримтаар баталгаажуулж ажиллахыг санууллаа
Neguun.mn сайт болон тус сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2025 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр түгээсэн “Тод манлай уяач Б. Далай, түүний хүү УИХ-ын гишүүн Д.Батбаяр нар стратегийн орд газрыг ‘дархан эрх’-ээр ухаж олсон мөнгөөрөө УИХ-д хэд хэдэн гишүүнийг санхүүжүүлж, шургуулсан”, “Хятад иргэдийг хууль бусаар олноор нь Төв аймагт оруулж ирж байна” гэх агуулгатай сурвалжилга болон шууд дамжуулалтад хаяглан Монголчехметалл ХХК-аас гомдол ирүүлсэн.
Гомдол гаргагчийн зүгээс редакцыг “стратегийн орд газар байхгүй юу”, “...багийн засаг дарга, аймгийн засаг даргыг өвгөн мөнгө өгөөд тавиулсан”, “...багийн засаг даргыг 8 сая төгрөг өгөөд тавьсан”, “...иргэдийн хурлыг мөнгө өгөөд тавиулсан”, “...далд уурхайд хар мянган хятад ажилладаг”, “...Улсын Их Хуралд 5 хүн байгаа, мөнгө өгч гаргасан юм, хүүхэдтэйгээ 6 хүн” гэх зэргээр худал бөгөөд гүтгэлгийн шинжтэй, нотолгоогүй мэдээлэл түгээсэн гэж үзсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Батбаяр нь Монголчехметалл ХХК-д хувь эзэмшдэггүй, компанийн үйл ажиллагаа, зохион байгуулалтад оролцдоггүй байхад түүнийг компанийн үйл ажиллагаатай холбон “гэр бүлээрээ стратегийн орд эзэмшдэг”, “улс төрчдийг санхүүжүүлдэг” гэх агуулгаар мэдээлсэн нь сурвалжилгад дурдагдсан хувь хүн болон байгууллагын нэр хүндэд халдсан үйлдэл гэж гомдолдоо дурджээ. Мөн “Хятад иргэдийг хууль бусаар олноор нь орогнуулж байна” гэх агуулгатай мэдээллийг нотолгоогүйгээр, дуулиантай хэлбэрээр түгээсэн нь үнэнд нийцээгүй, эх сурвалжийн баталгааг нягтлаагүй хэмээн ХМЗ-д гомдол ирүүлсэн.
Neguun.mn хариу тайлбартаа “Хятад иргэдийг хууль бусаар олноор оруулж байна” гэх мэдээлэл нь үнэн бөгөөд хууль бусаар оршин сууж байсан БНХАУ-ын иргэдийн талаарх мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын газар болон цагдаагийн байгууллагаас авах боломжтой, нотлогдсон мэдээлэл гэж тайлбарлажээ. Мөн “зөвшөөрөлгүй дайрч орж дуу дүрсний бичлэг хийсэн” гэх гомдлын тухайд хэвлэл мэдээллийн байгууллага нь төрийн тусгай хамгаалалттай бүсээс бусад объектод нэвтрэн орж мэдээ, сурвалжилга бэлтгэх эрхтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн мэдээллийг тэнцвэртэй байлгах зорилгоор хариу тайлбар авах гэсэн боловч байгууллагын зүгээс дотогш нэвтрүүлээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан гэж тайлбарлажээ. УИХ-ын гишүүн Д.Батбаярыг Монголчехметалл ХХК-тай холбоотой хэмээн дурдсан тухайд, тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа компанийн удирдлагыг шилжүүлсэн, тухайн компани нь түүний эцэг болон дүүгийнх нь хамаарал бүхий компани бөгөөд Д.Батбаяр тус компанид байнга орж гардаг гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн гэж хариу тайлбартаа дурдсан.
Хороо дээрх гомдлыг сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзээд редакц нь “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1, 1.2, 1.3, 1.6 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Тодруулбал, редакц “эх сурвалжаас мэдээлэл ирсэн” гэж тайлбарласан боловч тухайн эх сурвалж нь хэн болох, мэдээлэл нь баталгаатай эсэхийг хариу тайлбар болон бүтээлдээ ямар нэг баримтаар нотлоогүй тул мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулаагүй, эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягтлаагүй, тодорхой дурдаагүй, тухайн асуудал хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж, нотлогдоогүй байхад “...стратегийн орд газрыг ‘дархан эрх’-ээр ухаж олсон мөнгөөрөө УИХ-д хэд хэдэн гишүүнийг санхүүжүүлж, шургуулсан”, “Хятад иргэдийг хууль бусаар олноор нь Төв аймагт оруулж ирж байна” гэх мэтээр нэгэнт батлагдсан бодит явдал мэт гарчиглан түгээсэн нь ёс зүйн зөрчил мөн гэж үзэв.
Харин шууд дамжуулалтын явцад редакц гомдол гаргагчаас тайлбар авахыг хэд хэдэн удаа оролдсон нь харагдаж байсан. Мөн сэтгүүлч шууд дамжуулалт хийхдээ албан ёсны логотой үнэмлэх зүүж, логотой микрофон ашигласан нь өөрийгөө танилцуулж, ил тод ажиллах зарчмыг зөрчөөгүй, тухайн тохиолдолд сэтгүүлч өөрийн болон байгууллагын нэрийг нуун дарагдуулах, худал нэр хэрэглэх, айлган сүрдүүлэх, нууцаар бичлэг хийх, тагнаж чагнах зэрэг үйлдэл хийсэн нь тогтоогдоогүй, редакцын шууд дамжуулалтад Д.Батбаярыг стратегийн ордтой холбоотой агуулгаар дурдсан боловч түүнийг гэмт хэрэг үйлдсэн эсвэл гэмт хэрэгтэн гэж мэдээлээгүй тул 1.8, 2.1, 2.2, 4.2, 5, 6.1 дахь заалтыг зөрчөөгүй гэж дүгнэлээ.
Хавсралт
Хурлын мэдээнд дурдагдаж буй "Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим"-ын заалтууд:
1 - “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно”
1.1 - “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”
1.2 - “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”
1.3 - “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, эшлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана”
1.6 - “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана”
1.8 - “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно”
1.9 - “Нийтэлж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон мэдээллийг нэн даруй залруулна”
2.1 - “Сэтгүүлч өөрийгөө танилцуулж, ил тодоор ажиллах нь энэхүү мэргэжлийн үндсэн зарчим болно. Зөвхөн олон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий, өөр аргаар олж авах боломжгүй мэдээллийг бусад аргаар авч болно”
2.2 - “Мэдээлэл олж авах бусад арга гэдэгт өөрийн болон байгууллагын нэрийг худал хэлэх буюу хэлэхгүй байх, дарамтлах, айлган сүрдүүлэх, сэтгэл санааны онцгой байдлыг ашиглах, нууцаар бичлэг хийх болон тагнаж чагнахыг хамаатуулна”
4.2 - “ Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй”
5 - “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана”
6.1 - “Хэргийн сэжигтэн этгээдийн нэр, хувийн мэдээлэл болон зургийг бусдад танигдахуйц байдлаар нийтэлж, нэвтрүүлэхдээ хувь хүний эрхийг хамгаалах шаардлагыг харгалзана”
Бэлтгэсэн: Ц.Янжмаа