Өөрийн зохицуулалтын байгууллагуудын бүс нутгийн сүлжээний цахим уулзалт боллоо

Өөрийн зохицуулалтын байгууллагуудын бүс нутгийн сүлжээний цахим уулзалт боллоо

Төв Азийн орнуудын хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд байгуулагдсан өөрийн зохицуулалтын байгууллагуудын бүс нутгийн сүлжээний цахим уулзалт 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Энэхүү уулзалтад Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/ болон Казахстан, Киргизстан, Узбекстан, Тажикстаны хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагууд оролцож нэг жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн салбарт гарсан ахиц, тулгамдаж буй асуудал, тэр дундаа мэргэжлийн сэтгүүл зүйн өнөөгийн байдал, хэвлэл мэдээллийн ёс зүйн төлөвшил, сэтгүүлчдийн эрхийн асуудал, хууль эрх зүйн орчин хэвлэл мэдээлэлд хэрхэн нөлөөлж буй талаар өргөн хүрээнд мэдээлэл солилцлоо. 

 

Уулзалтаар ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөвшил, цаашдын чиг хандлагын талаар туршлагаасаа хуваалцаж, өнгөрсөн 9 жилийн хугацаанд иргэд, ААН, төрийн байгууллагаас сэтгүүл зүйн бүтээлд ирүүлсэн гомдол, түүнийг шийдвэрлэсэн байдлын талаар танилцууллаа. 

Тодруулбал, тэрээр “ХМЗ нь 2015 оноос 2023 оныг дуустал нийт 555 өргөдөл гомдлыг хүлээн авч, 54 удаагийн Ёс зүйн хорооны хурлаар нийт гомдлын 59 хувийг шийдвэрлэсэн. Ёс зүйн хорооны дүгнэлтээс харахад хариуцагч хэвлэл мэдээллийн редакцууд бүтээлээ бэлтгэхдээ мэдээллээ нягтлах, баримтаар баталгаажуулах ажлаа дутуу хийсэн, эх сурвалжийн тэнцвэрт байдлыг хангаагүй, сэтгүүлчийн хувийн үзэл бодол хэт давамгайлсан, таамаг байж болзошгүй мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа ч таамаг гэдгийг илэрхийлэх агуулга бүтээлдээ тусгаагүй зэрэг нийтлэг алдаа гаргасан  байгааг харж болохоор байна. Мөн 2023 онд ХМЗ-ийн үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн судалгааны дүнд судалгаанд оролцогчдын 83 хувь нь “Хэвлэл мэдээллийн зөвлөл нь хэвлэл мэдээллийн байгууллага, редакцын мэргэжлийн ёс зүй болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх чиг үүргээ амжилттай  биелүүлсэн” хэмээн дүгнэсэн” гэдгийг хэллээ. 

 

 

Мөн ХМЗ-ийн төслийн менежер А.Ариунтуяа “ХМЗ-өөс өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн “Хямралын үеийн мэдээлэл харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа”, “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хэрэгжилт, 2024 оноос Европын Холбооны дэмжлэгтэйгээр ХБНГУ-ын Дойче Велле Академи хамтран хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд хариуцлагатай, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн ач холбогдлын талаар танилцууллаа.

Харин төв Азийн зарим улс орнуудад хэвлэлийн эрх чөлөөний асуудал харилцан адилгүй байгааг уулзалтын үеэр бусад орны төлөөлөгчид онцолж байлаа.

Тухайлбал, Казахстанд зургаадугаар сарын 20-нд Хэвлэл мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд тус хуулиар олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тодорхойлолтыг өргөтгөж, цахим хэвлэлийг төрийн эрх бүхий байгууллагад бүртгэх, гадаадын сэтгүүлчид бүтээлдээ "хэт даврагч үзэл”-ийг сурталчлах агуулга тусгасан бол гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэвлэн нийтлэх эрх бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэмээн бүртгэхээс татгалзаж, тэдний ажилд хөндлөнгөөс оролцох, үйл ажиллагааг нь зогсоох эрхийг тус улсын Засгийн газарт олгосон байна. Цаашилбал, холбогдох эрх бүхий байгууллагад “Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хяналт тавих, Өөрөөр хэлбэл, бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл үндэсний хууль тогтоомжийг дагаж мөрдөх заалт оржээ. Энэ заалт нь сэтгүүлчдийн дунд өөрийгөө цензурдэх, мөн сурвалжлах сэдвийг хязгаарлахад хүргэж болзошгүй талаар салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Узбекистанд төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл голлох үүрэгтэй бөгөөд тэдгээр нь ёс зүйн зарчмаа мөрдөж ажилладаг хэмээн онцолсон. Харин дийлэнх тохиолдолд цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хаягласан гомдлууд давамгайлж тэдгээр нь хүний ​​эрх, нэр төр, хувийн нууцад халдсан, үл хүндэтгэсэн, ялгаварлан гадуурхсан агуулгатай байдаг хэмээв.  

Киргиз улс "Гадаадын төлөөлөгчдийн тухай" хуулийг баталсан бөгөөд хуульд зааснаар төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд гадаадын хандивлагчдаас буцалтгүй тусламж авч байгаа тохиолдолд энэ талаар мэдээлэл бүртгүүлэх ёстой. Мөн "Худал ташаа мэдээллээс хамгаалах тухай" хуулийн дагуу эрх бүхий байгууллага гомдлын дагуу хариуцагч хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж болно хэмээн заасан байна. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаалгах шалтгаан болохгүйн тулд тус улсын хэвлэл мэдээллийн зөвлөл редакцад ирүүлсэн аливаа гомдлыг хүлээж авахгүй байгаа талаар ярьж байлаа. 

Уулзалтын төгсгөлд Төв Азийн орнууд Монголын хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын бие даасан тогтвортой үйл ажиллагааг онцлон тэмдэглэж, энэ чиглэлд жишиг болгон суралцах, мөн Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө, иргэний орон зайг хамгаалан бататгах чиглэлд хийж хэрэгжүүлж буй бодлого, туршлагаас хуваалцах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.