Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан Б.Мөнхдөлгөөн “Цагийн ажлын байр ба оюутан залуусын нөхцөл байдал” сэдэвтэй бичвэрээ танилцууллаа.
Та цагийн ажил хийж байсан уу? Ажил гэдэг нь таны хувьд яг юу вэ? Эдгээр асуултад хариулж байх зуур тань би өөрийн бодлыг хуваалцъя.
Би сэтгүүл зүйн мэргэжлээр их сургуульд зургаа дахь жилээ “элээж” байна. Миний сурч буй мэргэжил их сургуульд дөрвөн жил сураад төгсөх боломжтой байдаг. Яагаад би мэргэжил нэгт нөхдөөсөө бүхэл бүтэн хоёр жил илүү сураад явж байгаа юм бол? Бага байхаасаа цэрэгт явах хүсэлтэй байсан би их сургуулийнхаа хоёр дахь жилдээ иргэний журамт үүргээ биелүүлэн цэргийн албыг жилээр хаагаад ирсэн юм. Үүнээс гадна дахиад нэг жил. Ажлын байран дээр гараад, амьдралын их далайд умбаж болох байсан ахин нэг жилээ оюутан хэвээр өнгөрөөсөн шалтгаан минь “сургалтын төлбөр буюу мөнгө”.
Эгэл жирийн дундаж амьдралтай айлын олон хүүхэд надтай ижил шалтгаанаар төгсөж чадахгүй сурсаар байна. Манай улсын хувьд төрийн өмчит зургаан сургуулийн ерөнхий суурь хичээлийн төлбөр ойролцоогоор нэг багц цаг нь 157’600 төгрөг байна. Үүнээс харвал нэг оюутны семестерт үзэх 21 багц цагийн хичээлийн төлбөрийг тооцвол 3’309’600 төгрөг болж байна. Үүнээс гадна Монгол улсын насанд хүрэгчдийн сарын дундаж хэрэглээ 657 мянган төгрөг байгаагаас 30 хувь нь хүнсэнд, 42 хувь нь хүнсний бус хэрэглээнд зарцуулагддаг аж.
Дээрх тоог харвал нэг оюутан нэг семестерт ойролцоогоор дөрвөн сая орчим төгрөгийг зөвхөн энгийн хэрэглээнд ашиглахаар байна. Өнөөгийн байдлаар Монгол улсад нэг цаг ажиллахад дунджаар 6500 төгрөг олно. Бүтэн цагаар долоо хоногт дөчин цаг ажиллахад 260 мянган төгрөг, сард 1 сая 40 мянган төгрөг олох буюу дундаж цалинтай ажил эрхэлж буй оюутны нэг семестер өөрөөр хэлбэл гурван сарын орлого нь 3 сая 120 мянган төгрөг байна. Үүнээс ажиглавал оюутнууд цагийн ажлыг хагас цагаар биш бүтэн цагаар ажиллаад ч сургалтын төлбөр, амьдрах зардлаа олох нэмээд санаа нийлсэн нөхдөөрөө гадуур зугаацахад багагүй хүндрэлтэй тулгарна. Тэгвэл оюутан бүрд хичээлийнхээ хажуугаар бүтэн цагийн ажил хийх боломж бий юу? Боломжтой байгаад энэ бүх оюутныг ажиллуулах ажлын байр байгаа болов уу?
Их сургуульд орсон эхний жилээсээ эхлээд л энэ бүхнийг мэдэх, сонсох биш туулсан юм. Арван дөрвөн настайгаасаа эхэлж ажил хийсэн миний хувьд сураад ажиллаад байх нь тийм ч төвөгтэй санагдахгүй байсан ч бодит байдал тэс өөр байсан юм.
Дээр дурдсанчлан би арван дөрвөн настайгаасаа эхэлж ажил хийсэн. Ээждээ санхүүгийн дарамт мэдрүүлэхгүй байх нь миний хувьд маш чухал зүйл байсаар ирсэн тул хуулийн дагуу хөдөлмөр эрхлэх болсон. Арван найман насанд хүрснээс хойш өөрөөр хэлбэл, оюутан болсноос хойш бүтэн цагийн ажил хийх боломж надад нээгдсэн. Гэвч долоо хоногт 40 цаг ажиллаад сургалтын төлбөр болон хэрэглээгээ бүрэн хангаж чаддаг байсан уу гэвэл үгүй. Үүнээс гадна би айлын том хүү. Ээждээ, гэр бүлийнхээ хувьд ч нэмэр болох нь миний хариуцлага учраас олсон цалингаасаа багахан ч болтугай илүүчлэх шаардлагатай байв. 2020 оны зун Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажиллаж байх хугацаанд миний цагийн хөлс таван мянган төгрөг байсан юм. Тухайн жилийн намар нь МУИС-д элсэхэд нэг багц цагийн нь төлбөр 98 мянган төгрөг байлаа. Намрын улиралдаа би 21 багц цагийн хичээл үзэхэд миний зуны 3 сар ажиллаж олсон цалин минь хаанаа ч хүрээгүй юм. Яагаад гэвэл зуны гурван сар би бүтэн цагаар ажиллаад ажиллаад бодогдсон цалин минь 2 сая 400 мянган төгрөг боловч НДШ төлсний дараа гар дээр минь 1 сая 800 мянга орчим төгрөг л ирсэн дээ... Гэтэл би 2 сая 58 мянган төгрөг төлөх хэрэгтэй шүү дээ.

Оюутнууд цагийн ажил хийх зайлшгүй шаардлага гарч цалин хөлсийг нь гололгүй нүдээ аниад ажилласан ч асуудлууд дуусахгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй удааж, ажилласан өдрүүдийнх нь цалинг өгөхгүй хөөгөөд гаргах газрууд, илүү цагаар морь нохой мэт зүтгүүлчхээд өдрийн найман цагаар л цалин бодож залхаан цээрлүүлэх удирдлагууд гээд л... Жишээлбэл, миний их л ойрын нэг хүн монголдоо нэлээд нэр бүхий алдартай ресторанд зургаан сар орчим ажиллаж байсан юм. Хуульдаа ажилтны долоо хоногт ажиллах дундаж цаг нь 40, дээд хязгаар нь 56 цаг байдаг бол тухайн найзын маань ажиллаж байсан ресторан үндсэн зөөгч нараа нэг өдөрт хамгийн багадаа 14 цаг ажиллуулдаг, цаашлаад удирдах албан тушаалтнууд нь долоо хоногт 5-аас дээш өдөр ажиллахыг шаарддаг байсан тухай надад ярьж байв. Рестораны ачаалал ихтэй, маргааш өглөө нь захиалга ихтэй өдрүүдэд өдөрт 16 цаг хүртэл сунах буюу долоо хоногт ойролцоогоор 70-80 цаг ажилладаг боловч илүү цагийн цалин бодох байтугай нэг долоо хоногт дээд тал нь 60 цагийн ажлыг энгийн ажлын хөлсөөр бодож цалинг нь тавьдаг байсан гэнэ. Угтаа бол аль хэдийн хийчхээд байгаа хөдөлмөрийн хөлс шүү дээ.
Энэ бүхнээс харахад их сургуульд эцэг эхийн дэмжлэг, туслалцаа байхгүй л бол дөрвөн жилээр төгсөх цаашлаад суралцахад ч хүндрэлтэй санагдана. Арга ч байж үү дээ унтах нойр, идэх хоол, суух хичээлээ таслан байж олсон мөнгө нь өнөөх зарсан зарлагаа ч гүйцэхгүй бахардаж унах гээд байхад нэмээд хийсэн хөдөлмөрөө шударга үнэлүүлж чадахгүй байх. Гомдоллох гэсэндээ биш миний, бас дэргэдэх найзуудын маань өдөр хоног, цаг минут яг л ингэж өнгөрч байхад, би ч болтугай ингээд дуугарахгүй бол босоо инээдийн хэд “Жэн Зи” гэж ирээд шоолоод байхад.
Угтаа бол бид чинь хуультай улсын журамтай иргэд. Илүү цагаар ажилласан бол тухайн ажилласан цагийг 1.5-аар үржүүлж бодохоор хуульд тусгасан байдаг ч бодит байдал дээр бол яг л цаасан дээр цацсан үртэс. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Манай үндсэн хууль амьдарч чадвал хамгийн иргэн төвтэй хууль байгаа юм” гэж хэлсэн дээ?
Саруул ухаант монгол хүн та өөрийн тэргүүндээ дахин нэг тунгаагаад үзээрэй.
Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслийн хүрээнд бэлтгэв. Уг бүтээл нь зөвхөн зохиогчийн үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй.