"Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслийн хүрээнд бэлтгэсэн оюутнуудын цуврал бүтээл #8

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан Д.Түшигт-Эрдэнэ "Сошиал хамгаалагчдыг хэн хамгаалах вэ?" бүтээлээ танилцууллаа.

Сошиал хамгаалагчдыг хэн хамгаалах вэ?

2018 он. The New York Times-аас Фэйсбүүкт есөн сарын турш контент модератор буюу зүй бус контентуудыг хянан шалгах ажил хийсэн Селена Скола хэмээх эмэгтэй Фэйсбүүкийг шүүхэд дуудсан тухай мэдээлэв. Бүтэн өдрийн турш аллагын бодит бичлэгээс эхлээд бага насны хүүхдийн хүчирхийлэл хүртэл харах ёсгүй бүхнийг хардаг тэрээр Фэйсбүүк модераторуудаа хангалттай хамгаалахгүй байна хэмээн хуулийн гомдол гаргасан юм.

Селена Сколаг мэдэгдэл хийх хүртэл контент модераторуудын цалин, ажиллах нөхцөл, сэтгэлзүйн эмгэгүүдийн талаар олон нийт ямар ч мэдээлэлгүй байлаа. Энгийн хэрэглэгчид Фэйсбүүкээс ихэвчлэн жаргалтай, хөгжилтэй мэдээллүүд л харах бөгөөд хаа ганц л зүй бүс агуулгатай таардаг байлаа. Гэтэл үнэн хэрэгтээ хэрэглэгчдэд “аюулгүй” орон зай бүрдүүлэхийн тулд олон мянган контент модераторууд “аюултай” орчинд ажиллаж, сошиалыг хамгаалдаг болж таарсан юм. Тухайн үеийн тоогоор Фэйсбүүкийн дэлхий даяар байх 7,500 модератор долоо хоног бүр 10 сая контент үзэж, бусдад үзүүлэхэд аюулгүй эсэхийг нь шийддэг байжээ.

Хоёр жил үргэлжилсэн шүүх хурлын дараа Селена Скола болон бусад модераторууд ялалт байгуулж, Фэйсбүүк контент модераторууддаа нийт 52 сая ам.долларын нөхөн олговор олгох, цаашлаад тэдэнд мэргэжлийн сэтгэлзүйн үйлчилгээ ч үзүүлэхээр болж байв. Ажлын нөхцөлөөсөө болоод сэтгэцийн эмгэгтэй болсноо эмчийн бичгээр баталж чадвал дээд тал 5,000 нь ам.доллар, харин бие махбодын гэмтэл авсан бол 50,000 ам.доллар хүртэлх нөхөн олговор авах боломжтой байсан юм.

Гэсэн ч сошиал хамгаалагчдын асуудал Фэйсбүүкээр дууссангүй. 2020 оноос хойш цар тахал болон технологийн хөгжлийн нөлөөгөөр олон нийтийн сүлжээний хэрэглээ өндөр хурдаар нэмэгдэж, түүнийг нь дагаад аллага, хүчирхийлэл, ёс бус контентын тоо ч үлэмж ихэссэн билээ. Тийнхүү сошиал сүлжээ хөгжүүлэг компаниуд ч модераторуудаа нэмэх болов.

Хамгийн харамсалтай нь, энэ төрлийн ажлыг хөгжил буурай орны иргэд хийх нь нийтлэг байдаг аж. 2022 онд Time сэтгүүлийн хийсэн тусгай сурвалжлага Кенийн ядуусын хорооллын захад байх Фэйсбүүкийн контент модераторуудын оффисыг ил болгож байв. Тэрхүү оффист 200 гаруй ажилтан ажиллаж байсан бөгөөд тэдний сарын цалин нь 400 гаруй ам.доллар байжээ. Өөрөөр хэлбэл, технологийн компаниуд зардлаа хэмнэхийн тулд Африкийн орнууд болон Энэтхэг, Филиппин зэрэг хүн ам ихтэй, англи хэлтэй улс орнуудад оффисоо нээн ажиллуулдаг байгаа юм. Үүнийг олон улсын хүний эрхийн төлөө, хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг байгууллагууд удаа дараа шүүмжилсээр байдаг ч өнөөдрийг хүртэл дорвитой өөрчлөлт гарсангүй.

Өдгөө дэлхийн 5 тэрбум гаруй хүн аль нэгэн сошиал сүлжээг идэвхтэй ашиглаж буй бөгөөд өдөр бүр 1 тэрбум гаруй контент эдгээр сүлжээнүүдэд нийтлэгддэг гэх тоо бий. Энэ их контентыг дүрэм журамд нийцүүлэх ажлыг ядуу орны иргэд нуруун дээрээ үүрч буй.

Сүүлийн үед энэхүү ажлыг хиймэл оюун зэрэг технологийн тусламжтай хөнгөвчилсөөр байгаа ч хүний оролцоо зайлшгүй шаардлагатай технологийн компаниуд өөрсдөө ч мэдээлж буй. Иймд сошиал хамгаалагчдыг хэн хамгаалах вэ гэдэг асуулт хариултгүй хэвээр л байна.

 

Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслийн хүрээнд бэлтгэв. Уг бүтээл нь зөвхөн зохиогчийн үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.