"Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслийн хүрээнд бэлтгэсэн оюутнуудын цуврал бүтээл #10

Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн оюутан Д.Түшигт-Эрдэнэ "Цахим спортын цаад талд" бүтээлээ танилцуулж байна.

Цахим спортын Цаад талд

Сүүлийн жил гаруйн хугацаанд монголд цахим спортын цахилгаан цахилав. Тоглож чадах нь тоглож, тоглож чадахгүй нь үзэх гэх мэтээр бид нэг үеэ бодвол шинэ үеийн энэхүү соёлыг тодорхой түвшинд ойлгохтойгоо боллоо. Цахим спортыг подвалын өрөөтэй л холбон ойлгодог цаг ард хоцорч, өдгөө мэргэжлийн салбар болсныг нь бодитоор харж, улсынхаа шилдэг баг тамирчдыг нийтээрээ дэмжиж байна. Хоёрхон жилийн өмнө л гэхэд хэний ч таньдаггүй байсан тамирчид өдгөө бусад салбарын одуудаас дутахгүй нэр хүндтэй болж, ялангуяа залуусын хувьд даган дуурайж, шүтэн биширдэг хүмүүс нь болжээ.

Эцэг, эхчүүд ч хүүхдээ багаас нь цахим спортоор хичээллэхийг нь дэмжиж, дөрөв тавхан настай багачуудын цахим тоглоом тоглож буй бичлэг ч сошиал ертөнцөд үзэгдэх болов. Гэвч бид сайны хажуугаар саар байдгийг мартаж үл болно.

Учир нь цахим спорт хэдий “ирээдүй” мэт харагдавч энэхүү спортоос болж хохирсон, хохирсоор байгаа, ирээдүйд ч хохирох олон мянган залуус бий. Тиймээс энэхүү нийтлэлийг сануулга болгон бичлээ.

Манай улсад цахим спортын тогтолцоо, хууль эрх зүйн орчин хангалттай хөгжөөгүй байгаа учраас энэ салбарт хөдөлмөрийн мөлжлөг тэргүүтэй хүний эрхийн асар олон зөрчил гарч байдаг. Сүүлийн жилүүдэд энэ салбарт эргэлдэх мөнгөний хэмжээ, эрх ашиг, алдар нэр ихэссэн тул урьд өмнөхөөсөө ч олон асуудал гарсаар байгаа юм.

Хуулийн маргаан

Олон нийтэд ил болсон зөрчлүүд дундаас хамгийн өндөр дүнтэй гэж хэлж болох нь Stalwart Esports-ийн асуудал. PUBG Mobile тоглоомоор нэгэн цагт дэлхийн шилдэгт тооцогдож явсан тус баг энэтхэг эзэнтэй ч дан монгол тоглогчдоос бүрддэг байв. Монгол залуус Stalwart Esports-д гурван жилийн турш хүчин зүтгэж, 2023 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2-р байрт орсон юм. Гэтэл тус баг шагналын сан болох 800 гаруй сая төгрөгөөс тамирчдад хувь өгөхөөс татгалзаж, тэднийг гэрээний заалт зөрчсөн хэмээн буруутгасан тухай багийн тамирчид өнгөрсөн хавар албан ёсоор мэдэгдсэн билээ. Тамирчид болон дасгалжуулагчийн зүгээс гэрээний заалт зөрчөөгүй гэдгээ удаа дараа баталж, жил гаруй хөөцөлдсөн боловч тус багаас ямар ч хариу өгөлгүй, монгол тоглогчдыг санхүү мөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохироосон юм.

Энэ бол алдартай багийн, өндөр дүнтэй маргаан. Үүний ард олон нийтэд хүрээгүй, ижил төрлийн олон арван, магадгүй олон зуун түүх бий. Монгол тамирчдын ур чадвар сайжрах тусам тэднийг дотоод гэлтгүй гадаад багууд ч багтаа урин тоглуулдаг. Ингэхдээ томоохон багууд бол тухайн улсынхаа хууль дүрмээр хөдөлмөрийн гэрээ байгуулдаг ч ихэнх багууд гэрээ байгуулахгүй, зүгээр л аман тохироо хийх нь нийтлэг.

Гэрээ байгуулсан байлаа ч гэсэн гэрээний заалт зөрчигдсөн тохиолдолд тоглогчдын зүгээс хуулийн хариу арга хэмжээ авахад ихээхэн хүндрэл учирдгийг маш олон бодит түүхүүд баталдаг. Ялангуяа гадаад улсын багтай гэрээ хийсэн бол хуулийн маргаан өрнүүлнэ гэдэг бараг л боломжгүй зүйл. Хууль эрх зүйн мэдлэгтэй болох, өмгөөлөгч хөлслөх, шүүх дээр маргалдах гээд цаг хугацаанаас гадна их хэмжээний хөрөнгө мөнгө шаарддаг тул ихэнхдээ л чимээгүй хохироод дуусдаг нь харамсалтай.

Хөдөлмөрийн мөлжлөг

Цахим спортын тамирчдын авьяас чадвар ихэвчлэн насанд хүрэхээс нь өмнө тодордог. Тиймээс дөнгөж 14, 15-тай хүүхдүүдийг хэн нэгэн нь элдэв шан харамж, алдар нэр, бэлэг сэлт амлан багтаа тоглуулах тохиолдол элбэг. Энэ харилцаа нь хувь хүнээс хувь хүний хооронд явагддаг тул албан ёсны гэрээ байгуулна гэсэн ойлголт бараг л байхгүй. Дээрээс нь эцэг, эхчүүд нь ч төдийлөн анхаардаггүй.

Ингээд насанд хүрээгүй хүүхдүүд өдөрт олон цагаар тоглож, шим тэжээл багатай хоол идэж, ид өсөлтийн насан дээрээ бага унтаж, дасгал хөдөлгөөн хийхгүй байснаар эрүүл мэнд, сэтгэл санаагаараа насан туршдаа хохирох эрсдэлд унадаг.

Ер нь цахим спортын салбарт “Гар утас авч өгнө гэж хэлээд багтаа тоглуулсан ч сүүлдээ юу ч авч өгөөгүй”, “Багийнхаа нэр дээрээс тэмцээнд оруулсан ч тэмцээний шагналын сангаас хувь өгөөгүй”, “Амласан цалингаа алдаг оног өгдөг бөгөөд нийгмийн даатгал төлнө гэж амласан ч төлөөгүй байдаг”, “Өдөрт олон цагаар тоглохыг шаарддаг” гэх зэрэг асуудал, зөрчил маш нийтлэг тохиолддог юм.

Манай улсаас цөөн тооны баг тамирчид дэлхийн түвшинд өндөр амжилттай яваа ч энэ нь нийтээрээ болж бүтэж байгаа гэсэн үг огт биш. Харин ч эсрэгээрээ болохоосоо болохгүй нь давамгайлж байдаг нь цахим спортын цаана орших бодит үнэн билээ.

Иймд бид өөрсдөө эсвэл ойр дотнын хэн нэгнээ цахим спортын тоглогч болгох гэж байгаа бол дээр дурдсан эрсдэлүүдийг санаж явахад илүүдэхгүй.

 

Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслийн хүрээнд бэлтгэв. Уг бүтээл нь зөвхөн зохиогчийн үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.