Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн оюутан Б.Маралмаа "Ашиг нь байвал арга нь олдох уу?" бүтээлээ танилцууллаа.
Бизнесийн ертөнцөд ийн ярьдаг. Гэвч ашгийн төлөө хүний эрх, байгаль орчныг золиослох нь зөв үү? Ийм асуулт өдгөө бизнес эрхлэгчдэд өдөр бүр тулгардаг байх. Тэгвэл тэд хэрхэн, яаж шийддэг бол?
Монголын баруун бүсийн нэгэн уул уурхайн компанийн олборлолтоос болж 2023 онд нутгийн малчдын усны эх үүсвэр бохирдсон тухай мэдээлэл цацагдаж байв. Иргэдийн гомдлоор орон нутгийн удирдлага шалгалт хийхэд уурхайн лаг хаягдлын сангаас усны урсгалд нэвчсэн нь тогтоогдсон. Компанийн ашиг өсөж, шинэ техник, тоног төхөөрөмж авсан ч орон нутгийн иргэдийн амьдралын чанар эрс дордсон. Хүний амьдрал орчин нөхцөлийг доройтуулан муутгаж байж олсон ашиг. Ийм байхаас өөр аргагүй юм гэж үү?

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим”-д зааснаар компаниуд “Хүний эрхийг зөрчихгүй байх, сөрөг нөлөөллөө бууруулах, хохирол учруулсан бол хохирлыг барагдуулж, засч, сайжруулах үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэвч Монголд энэ зарчим зарим салбарт хангалттай хэрэгждэггүй нь үнэн билээ. Хүний эрхийн үндэсний комиссын 2024 оны тайланд дурдсанаар, ажилчдын 38 хувь нь илүү цагаар ажилласан ч хөлсөө бүрэн авч чадаагүй, мөн үйлдвэрлэлийн осолд өртсөн тохиолдлуудын 60 хувь нь хамгаалах хэрэгсэл хангалтгүйгээс болсон гэжээ.

Эдгээр нь зөвхөн хөдөлмөрийн зөрчил биш, хүний эрхийн зөрчил мөн. Хэрвээ компанийн зорилго зөвхөн “ашиг” олох бол ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал хоёрдогч асуудал болдог. Гэтэл эдгээр нь компанийн урт хугацааны тогтвортой байдлын суурь хэсэг юм.
Эсрэгээрээ ёс зүйг эрхэмлэж буй компаниуд ашигтай байхын зэрэгцээ нийгмийн итгэлийг хүлээж чаддаг. Жишээлбэл, “Говь” ХХК байгальд ээлтэй, ус хэмнэдэг технологи ашиглан ноолуур боловсруулах үйл явцыг сайжруулсан нь зөвхөн байгальд бус, брэндийн нэр хүндэд ч ашиг авчирсан байдаг. Тус компанийн “Sustainable Cashmere” хөтөлбөр нь 2023 онд Европын зах зээлд борлуулалтаа 20 хувиар өсгөсөн гэж мэдээлсэн байна.

Дэлхийд харвал спорт хувцасны “Patagonia” компани “Бидний зорилго дэлхийг аврах” уриатай ажилладаг. Ашгаа нэмэхийн оронд байгаль хамгааллын төсөлд хандивладаг бөгөөд хэрэглэгчид нь үүнийг өндөр үнэлж, борлуулалтыг нь улам өсгөдөг. Энэ бол ёс зүй ба ашиг хоёрын зөрчил биш, харин хамтдаа өсөх боломж гэдгийг харуулж буй.
Бизнесүүд хүний эрхийг зөрчихгүй байх зарчмыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд дараах гурван чиглэлд анхаарах шаардлагатай гэж судлаачид зөвлөж байна. Тэдгээр нь:
Эдгээр алхам нь зөвхөн ёс зүйтэй харагдах бус, компанийн тогтвортой байдлын баталгаа болдог. Ашиг ба ёс зүйн зөрчилд эцсийн хариулт нь “аль нэгийг нь сонгох” биш юм. Харин аль аль нь оршин тогтнож болох тэнцвэрийг олох тухай асуудал.
Хүний эрхийг хүндэтгэх нь бизнесийн эсрэг бус, харин түүний бат бөх үндэс юм. Хэрвээ бизнесүүд зөвхөн ашгийн тоогоор хэмжигдвэл тэдний амжилт түр зуурынх. Харин хүний эрх, ёс зүйг хамгаалж чадвал тэр бизнес ирээдүйтэй, итгэлтэй, тогтвортой хөгжлийн жишиг болно.
Ашиг бол богино хугацааны амжилт, ёс зүй, хариуцлагатай бизнес бол урт хугацааны үнэ цэн.

Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд бэлтгэв. Уг бүтээл нь зөвхөн зохиогчийн үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй.