Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн оюутан Д.Дэрэм "Даарч зогсох эрх" бүтээлээ танилцууллаа.
Нар мандахаас өмнө Нарантуулын гудамж бум бужигнан, хүмүүсийн хөдөлгөөн нэгэнтээ эхэлчихсэн байдаг.
Лангууны ард зогсох худалдаачид зузаан хүрмээ чангалж, амьсгаагаа уур болгон зогсоно. Хүн бүрийн хөдөлгөөн лангууны эгнээ шигээ цэгцтэй байх нь өдөр бүр давтагддаг тэмцлийн бэлгэдэл мэт...Цан цохисон цементэн дээрх “ажиллах эрх” гэдэг нь зөвхөн тав тухтай нөхцөл биш, жиндүү салхинд тэсвэрлэх, өдөр тутмын амьдралыг цуцалгүй үргэлжлүүлэх хүслийг илтгэнэ. Энэ жижигхэн ертөнцөд хөдөлмөр, хөлс, хүслийн дулаан бүгд багтжээ. Энд хүйтэн салхи, хөлдсөн шалан дунд дулааныг биш, борлуулалтаа хөөцөлдөж буй хүмүүс бий.

Хүйтнийг тэсвэрлэх хөдөлмөр...
Малгай, бээлий зардаг 40-өөд насны ах хүү энд удаж байгаа бололтой. Тэр өглөө бүр тэрэгтэйгээ ирээд лангуугаа яг л өөрийн” нутаг” шиг засна. Хажууд нь “дулаахан, ноосон малгай байна” гэж чанга дуугарах найз нь, нөгөө талд цайгаа халааж буй эмэгтэй. Тэд бүгд нэгэн төрлийн уран бүтээлчид. “Өчигдрийг бодвол бас ч гэж танагтай байна даа” гэж ах инээмсэглэнэ, инээмсэглэл нь дассан байдлыг илэрхийлж буй мэт боловч гомдлын хэлгүй хэлбэр юм. Худалдаачид жижиг цахилгаан халаагч авч хэрэглэдэг ч, захын цахилгаан хүчин чадал хүрэлцдэггүй тул ихэнхдээ ашиглах боломжгүй байдаг. Өвлийн улиралд хүйтэн, зуны улиралд халуунд ажиллахдаа дасаж биш тэсэж зогсоно.

Хүний эрхийн үндэсний комиссын 2023 оны судалгаагаар Нарантуул захын худалдаачдын 42 хувь нь “ажлын байрны дулаан хангалтгүй”, 56 хувь нь “гэрэлтүүлэг, аюулгүй байдлын орчин сул”, 62 хувь нь “ариун цэврийн өрөө хүртээмжгүй” гэж хариулжээ. Тэд сар бүр 150 мянган төгрөгийн түрээс төлдөг. Үүнд гэрэлтүүлэг, хамгаалалт орно гэнэ. Даан ч харамсалтай нь гэрэл нь бүдэг, хамгаалалт нь хол. Халаалтгүй, гэрэлтүүлэг муутай газар түрээслүүлэхдээ худалдаачдын төлөх үнийг биш харин тэдний тэсвэрийг нэмдэг юм шиг л санагдав.
Монгол Улсын нийт жижиг, дунд бизнесийн 60 гаруй хувь нь худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Гэвч хамгийн их татвар төлдөг, түрээс төлдөг энэ хэсэг хамгийн эмзэг нөхцөлд ажиллаж байна. Эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар, хүйтэн орчинд удаан ажиллах нь:

Төр, хотын анхаарал хаана байна вэ?
Нарантуул захын менежмент, хотын удирдлагууд жил бүрийн “халаалтын асуудлыг судалж байна” гэж хэлдэг ч бодит ажил хийгддэггүй. 2023 онд гаргасан шийдвэрийн дагуу “захын орчныг сайжруулах ажлын төлөвлөгөө” боловсруулсан ч одоогоор зөвхөн авто зам, хог хаягдлын хэсэгт л хэрэгжсэн байна. Халаалт, гэрэлтүүлгийн асуудлыг хэн ч хариуцахгүй, төр ч, хувийн хэвшил ч бие бие рүүгээ чихэж сууна.
Гэрээгүй дулаан, хариуцлагагүй эрх
2013 онд Хүний эрхийн үндэсний комиссын шалгалтаар Нарантуулын түрээслэгчдийн 80 хувь нь гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажиллаж байсан. Өнөөдөр ч 60 хувь нь амаар тохиролцдог хэвээр. Гэрээ байхгүй бол ямар халаалт, ямар гэрэлтүүлэг, ямар үйлчилгээ шаардах вэ гэдгээ мэдэх боломжгүй. Яг ийм үед түрээслэгч бол “бизнес эрхлэгч” биш, “эрх эдлэгч бус үггүй дагагч” болдог. Болд хэлэхдээ “Гэрээтэй байсан бол би үйлчилгээ нэхэх эрхтэй байх байлаа. Харин одоо зөвхөн төлбөрөө төлөх үүрэгтэй хүн”. Тэд эрх зүйн хувьд жижиг бизнес эрхлэгчид боловч бодитоор бол том системийн хөлд зогсож буй хөдөлмөр эрхлэгчид. Хөдөлмөрийн таатай нөхцөлийг шаарддаггүй мөртлөө төлбөрөө төлөхдөө хэзээ ч хоцордоггүй хүмүүс.
Нэмэгдэл БИШ нөхцөл
Тэдний хүсэл энгийн. Дулаан орчин, тод гэрэлтүүлэг, ариун цэврийн байгууламж. Энэ гурвыг шийдэж өгвөл түрээс нэмэгдэхэд хэн ч гомдоллохгүй. Дулаан орчинд ажиллах нь тансаглал биш, хэн нэгний сайн дурын тус ч биш тэдний хөдөлмөрийн таатай нөхцөлд ажиллах эрх юм. Нарантуулын хүйтэн лангууны цаана Монголын жижиг бизнесийн амьсгал оршиж байна. Харин тэр амьсгал дулаанд бус салхинд хийсэж байна. Өглөөний цан намсаж, оройн жавар татах бүрд тэд аргагүй хөрдөг ч хэзээ мохдоггүй энэ итгэлийг төр, хот, захын менежмент халааж чадсангүй. Хүйтнийг давж ажилладаг хүмүүсийг биширдэг улс байхын оронд тэднийг дулаанд ажиллуулах улс болох цаг ирсэн.

Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслийн хүрээнд бэлтгэв. Уг бүтээл нь зөвхөн зохиогчийн үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй.