Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн оюутан Б.Мөнхдөлгөөн "Оюутны улирлын чанартай ажлын байр ба тэдгээрийн тулгамдсан асуудлууд" бүтээлээ танилцууллаа.
Жилийн арван хоёр сар, дөрвөн улирлын хэдий хугацаанд нь оюутан бид амардаг билээ? Илүү ч үгүй дутуу ч үгүй яг гучин хоёр долоо хоногт нь хичээлээ хийж, ойролцоогоор дөрвөн долоо хоногийн хугацаанд шалгалт шүүлгээ өгч явдаг бол үлдсэн арван зургаа орчим долоо хоногт зарим нь аялж, амарч зарим нь ажилладаг.
Монгол улсад 2023-2024 оны байдлаар 150,282 оюутан сурч байсан (Боловсрол, шинжлэх ухааны яамны статистикт) бөгөөд тэдний хэд нь хөдөлмөр эрхэлдэг бол? Ажилладаг оюутан хэд байгаа талаар ч тодорхой судалгаа, тоо хэмжээг гаргахгүй хэрээний тэднийг хөсөр хаяжээ. Тэдэнд хөдөлмөрийн гэрээ, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, зориулалтын хувцас хэрэглэл, тэр ч бүү хэл баталгаатай цалин олгох уу гэдэг нь эргэлзээтэй. Нөгөө талаас бодоод үзвэл хоёр, гуравхан сар хүрэхтэй үгүйтэй ажиллах хүчинд тэр бүрийг зарцуулах нь тийм ч ашигтай байж чаддаггүй биз.
Зарим зарлагдсан ажлын байрууд ажилд орох гээд очиход гурав хоног цалингүй дадлага хийлгэнэ. Тэгээд гурав хоногийн дараа “Уучлаарай та манайд тэнцэхгүй юм байна” гэж хэлээд явуулах нь егөөтэй санагдана. Гурав хоногийн цалинтай дадлагуудаараа хүний нөөцөө бүрдүүлж түүгээрээ ашгаа олж бизнесээ өргөжүүлэх газрууд ч бий. Угтаа бол хуулиндаа тэр гурав хоног нь дагалдангийн гэрээ байгуулж үндсэн ажилтны цалингийн 70 хувиар цалинжуулах учиртай юм. Зарим нь оюутан авахгүй гээд шууд л хүний тооноос хасаад хаячихна шүү дээ.
Намайг 2020 онд “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д ажиллаж байх үед ажлаа хийж яваад галзуу хулганы дугуйнд хуруугаа бяцалчихсан залууд удирдлагаас цалинтай долоо хоногийн чөлөө өгөөд, “Долоо хоногийн дараа ажилдаа ир, үгүй бол ажлаасаа гар” гээд хээв нэг зогсож байсан нь жигшүүртэй. Ер нь манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдал хэр хангагдаж байгаа билээ? Барилгын салбарыг бол бүр яриад ч хэрэггүй биз. 2025 оны 5 сард баригдаж буй барилгын 11 дүгээр давхраас 40 настай эрэгтэй тухайн барилгын компанид эхний өдрөө туслах ажилтнаар ажиллаж байсан бөгөөд тагтны тавцан хэсэгт эд зүйл зөөж байгаад унаж нас барсан нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтэст бүртгэгджээ. Ховд аймагт 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 71 настай хүн баригдаж байсан 2 давхар орон сууцны барилга дээрээс унаж нас барсан. 2020 оны 3 сарын 9-ний өдөр Голден Будда хотхонд барьж байсан барилгын 9 дүгээр давхраас заслын ажилтан унаж нас баржээ гээд л явж өгнөдөө. Эдгээр нь ердөө л интернэт дээр хайхад гарч ирж буй хамгийн наад захын гурван мэдээлэл бөгөөд хамгийн эхний мэдээг уншихад л хэн нэгэн ажилд орсон эхний өдрөө л аюулгүй байдлыг нь хангаж өгөөгүй, хариуцлагагүй компаниас болж эндчихсэн байгааг харах тун харамсалтай.
Зарим газар ажилд орохын тулд өдрийн цалингаасаа давсан өртгөөр дүрэмт хувцас авна. Ажилд орж мөнгөтэй болохын тулд мөнгөтэй байх хэрэгтэй. Бас л егөөтэй асуудал.
Дээрх бүх асуудлыг ажил олгогчоос шаардаад сууж байвал зарим ажил олгогчид эгээ шоолох нь холгүй. Гэсэн ч бас ус балгачихсан юм шиг чимээгүй байх нь манай үеийн “стилл” биш. Хүний хэрэгцээний анхан шатны асуудлуудыг ч хангахгүй байгаа газруудын хүний нөөцийн ажилтнууд “Одооны хүүхдүүд ажил хийж чадахгүй” гээд олон нийтийн сүлжээнд нийтлээд л байгаа харагддаг юм. Уг нь бүх нийтээрээ ажил олгогчдоосоо энэ бүх зүйлийг нэхдэг бас шаарддаг бол хүссэн хүсээгүй бидний эрх ашгийг хамгаалдаг болох учиртай юм.

Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслийн хүрээнд бэлтгэв. Уг бүтээл нь зөвхөн зохиогчийн үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй.