БНСУ-ын Хэвлэлийн арбитрын хороотой туршлага солилцлоо

БНСУ-ын Хэвлэлийн арбитрын хороотой туршлага солилцлоо

Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/, БНСУ-ын Хэвлэлийн арбитрын хороотой /PAC/ 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр уулзалт хийлээ. Тус уулзалтад ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Солонгосын Хэвлэлийн арбитрын хорооны Ерөнхий нарын бичгийн дарга Ким Юнжон, Олон нийттэй харилцах хэлтсийн дэд захирал Юн Жон Ли, Судалгаа боловсролын төвийн захирал, доктор Жүёон Ким нар оролцлоо.

Уулзалтын үеэр ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа Монголын хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын үүсэл санаачилга, төлөвшил, цаашдын чиг хандлагын талаар туршлагаасаа хуваалцав. Тэрээр ХМЗ нь 2015 оноос бүс нутагтаа сайн туршлага болж буй салбарын өөрийн зохицуулалтыг сэтгүүлчид, редакторууд, эвсэл холбоодын хамтын ажиллагааны дүнд амжилттай хэрэгжүүлж байгааг онцлов. Түүнчлэн цаашид хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын хараат бус байдлыг хадгалах замаар урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжиж, салбарын эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж буйгаа илэрхийллээ. 

 

Уулзалтын дүнд, Зүүн Өмнөд Азийн улс орнууд хэвлэл мэдээллийн хөгжил, ёс зүйн өөрийн зохицуулалтын талаар харилцан туршлага хуримтлуулах, хамтарсан уулзалт хэлэлцүүлэг хийх зэргээр хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой талаар талууд санал нэгдэв. 

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмжих, нийгэмд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын эгэх хариуцлагыг бэхжүүлэх, сэтгүүл зүйн бүтээлийн ёс зүй болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаа явуулдаг, сэтгүүлч, ажил олгогч, салбарын эвсэл холбоод, мэргэжлийн байгууллагуудын санаачилга, хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдсан хэвлэмэл, цахим, радио, телевизийн бие даасан өөрийн зохицуулалтын байгууллага. ХМЗ нь хэвлэл мэдээллийн байгууллага, редакцын мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, иргэн, байгууллага аж ахуйн нэгжээс редакцын нийтлэл, нэвтрүүлэгт гаргасан өргөдөл гомдлыг барагдуулах үндсэн чиг үүрэгтэй. ХМЗ нь хэвлэл мэдээллийн эзэд, сэтгүүлчдийн тэгш тооны төлөөлөл, мөн олон нийтийн төлөөлөл бүхий сайн дурын 45 гишүүнтэй.  

Харин БНСУ-ын Хэвлэлийн арбитрын хороо нь БНСУ-ын Хэвлэлийн хуульд заасны дагуу сонин, сэтгүүл, телевиз, бүх төрлийн онлайн хэвлэл, мэдээллийн портал сайтууд, IPTV зэрэг интернэтэд суурилсан мэдээллийн хэрэгслүүдийг хамарсан аливаа асуудал, маргааныг зохицуулж, залруулга гаргуулах, хариу тайлбар өгүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх замаар эвлэрүүлэн зуучлах эсвэл арбитрын аргаар шийдвэрлэдэг төрийн болон салбарын оролцоотой хамтын зохицуулалтын байгууллага юм. Тус байгууллага нь ахлах шүүгч, хуульч, салбартаа арваас дээш жил ажилласан туршлагатай сэтгүүлч, сэтгүүл зүй болон хуулийн салбарын профессоруудын төлөөлөл бүхий 90 гаруй Арбитрын гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Ташрамд дурдахад, хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтыг улс орнуудын улс төрийн бодлого, хэвлэл мэдээллийн хөгжил, нийгэм, соёлын ялгаатай байдлаас хамааран дараах гурван төрлөөр хэрэгжүүлж байна. Үүнд: бие даасан, хараат бус, сайн дурын үүсгэл санаачилгатай салбарын өөрийн зохицуулалт, төрийн болон салбарын оролцоотой хамтын зохицуулалт, төрийн шууд зохицуулалт хэмээн ангилж үзэж болно. ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалт нь ардчилсан нийгэмд хамгийн ээлтэй бөгөөд сэтгүүл зүйн агуулгын хяналт, эгэх хариуцлагын механизыг салбарт нь үлдээдэг давуу талтай. Монгол Улс энэ жишгээр хөгжиж буй нь Зүүн Европ, Төв Ази, Зүүн Өмнөд Азийн орнуудад загвар сайн туршлага болох боломжтой” хэмээн онцолсон юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.