Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн 2024 оны хоёрдугаар хуралдаан дөрөвдүгээр сарын 30-нд боллоо. Энэ удаагийн хурлаар ХМЗ-ийн дүрмийн 7.3, 7.13, 9.4, 9.7-д заасны дагуу нөхөн сонгуулийг нээлттэй зарын дагуу зохион байгуулж, хүсэлтээ илэрхийлсэн төлөөллийн квотыг хангах шинэ гишүүдийг сонголоо. Ингэхдээ мөн салбарын эвсэл, холбоодоос төлөөллөө нэр дэвшүүлэхийг хүсч, нэр дэвшигчдийн нэрсийг авсан юм.
Удирдах зөвлөлийн хурлаар ХМЗ-ийн удирдах зөвлөл болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигч бүрийн мэдээлэлтэй нарийвчлан танилцаж, хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Удирдах зөвлөлд радио, телевизийн эзэн/ажил олгогчийг төлөөлөн ажиллах гишүүнээр Медиа групп ХХК-н гүйцэтгэх захирал А.Баярбатыг, Радио, телевиз, сайтын ёс зүйн хороонд радио, телевизийн эзэн/ажил олгогчийг төлөөлөн ажиллах гишүүнээр ТВ9 телевизийн гүйцэтгэх захирал Б.Баяртулгыг, Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороонд сайтын сэтгүүлчийг төлөөлөн ажиллах гишүүнээр gogo.mn сайтын ерөнхий редактор Р.Адъяасүрэнг, сайтын эзнийг төлөөлөх гишүүнээр Mining.mn сайтын эрхлэгч, ерөнхий редактор Б.Пүрэвийг, сонин/сэтгүүлийн сэтгүүлчийг төлөөлөн ажиллах гишүүнээр Зууны мэдээ сонины тоймч Б.Нямсүрэн, Business.mn сэтгүүлийн ерөнхий редактор Г.Даваадорж нарыг тус тус зургаан жилийн хугацаагаар сонгов.
Мөн энэ үеэр Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороонд сайтын эздийн төлөөллөөс сонгогдсон Г.Лхагвадорж, олон нийтийн төлөөллөөс сонгогдсон хуульч, судлаач Л.Галбаатар нарын хүсэлтийг харгалзан үзэж, ХМЗ-ийн гишүүнээс чөлөөллөө.