Хорооны шийдвэр

ASU.MN, PAPARAZZI.MN САЙТУУДЫГ ЁС ЗҮЙН ЗАРЧИМ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЛЭЭ
ASU.MN, PAPARAZZI.MN САЙТУУДЫГ ЁС ЗҮЙН ЗАРЧИМ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЛЭЭ

ASU.MN, PAPARAZZI.MN САЙТУУДЫГ ЁС ЗҮЙН ЗАРЧИМ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЛЭЭ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны 2022 оны нэгдүгээр улирлын хурал дөрөвдүгээр сарын 18-нд болж, хоёр сайтад холбогдох гомдлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

1. Эхний гомдлыг иргэн Л.С-ээс Asu.mn сайтаар 3 дугаар сарын 1-ний өдөр шууд дамжуулсан “Хүүгээ алдсан ээж Сайд Ц.Нямбаатарт хандаж байна. “Сайдаа танай салбарын прокурор, шүүгч нар авилгал авч, хүн амины хэрэг шийдэж байна” анхаарч өгөөч” гэх, 3-ны өдөр шууд дамжуулсан “Г.Ганчимэг: Налайхын цагдаа, прокурор, шүүгч нарын авлига авч хүн амины хэргийг буруу шийдсэнийг дахин шалгахаар боллоо” гэх агуулга бүхий мэдээллүүдэд хаяглан ирүүлсэн. Ингэхдээ худал ташаа мэдээлэл тараасан, хариуцлагагүй, хайнга хандсан, олон нийтэд ташаа, сөрөг ойлголт өгсөн, мөрдөн байцаалтын ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэж үзсэн юм. Редакц хүүгээ алдсан гэх нэгэн ээжийн яриаг шууд дамжуулсан бөгөөд яриа өгч буй эмэгтэйн хүү 2021 оны 3-р сард хөл хорионы дэглэм зөрчин үйл ажиллагаа явуулж байсан амралтын газраас найзыгаа авахаар очоод хүнд хутгалуулан амиа алджээ. Энэ хэрэгт хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хэрэгтнийг хөнгөн шийтгэсэн, буруутай талаас авилга авсан хэмээн хардаж буй талаараа хохирогчийн ээж ярьсан байв.

 

Энэ гомдлыг Ёс зүйн хороо хэлэлцээд буруутгагдаж буй талаас тайлбар авахыг оролдоогүй /хоёр дахь бичлэг дээр шүүх хурлын дараа шүүхийн гадаа хохирогчийн ээжээс яриа авах үеэр буруутгагдаж буй талаас тайлбар авах бүрэн боломжтой байсан/, мэдээллийн үеэр ямар нэг нотлох баримт үзүүлээгүй бөгөөд сэтгүүлч өөрөө яриа өгч буй иргэнийг чиглүүлсэн, дэмжсэн, нөлөөлсөн асуултууд асууж, өөрийн үзэл бодлоо оруулж, дүгнэлт хийж ярьсан зэрэг нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1, 1.1, 1.8 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзлээ.

 

2. Дараагийн гомдлыг Фит Зоне ХХК-аас Paparazzi.mn сайтын фэйсбүүк хуудсаар 3 дугаар сарын 12-ны өдөр шууд дамжуулсан “Сүлд спиннинг Арслантай гүүрний салбараа дээрэмдүүлсэн талаар тайлбар өгч байна”, 14-ний өдөр шууд дамжуулсан “Сүлд спиннингийн нэрийг барьж хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа гэх спиннинг үйлчлүүлэгчээ гэмтээсэн үү” гэх гарчигтай мэдээллүүдэд хаяглан ирүүлсэн юм. Гомдол гаргагч редакцыг нэр төрд халдсан, ташаа мэдээлэл түгээсэн, бодит байдлыг мушгин гуйвуулсан гэж үзсэн. Эхний шууд дамжуулалтын үеэр Сүлд спиннинг төвийн үүсгэн байгуулагч Мөнхсүлд гэх иргэн гурван жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж, төв салбараа болгож ирсэн сургалтын байраа булаалгасан талаар ярьжээ. Ингэхдээ тус салбарт гурван жилийн хугацаанд спиннингээр хичээллэж, бүс, тос зэрэг бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан эмэгтэй нь түрээслэгч талтай тохиролцон байраа суллахыг шаардаж суллуулсан хэмээн ярьжээ. Улмаар тус байранд засвар хийж, багш нарыг нь урвуулан авч, маркетинг болон логог нь ашиглан ижил төрлийн үйл ажиллагаа явуулах болсон гэжээ. Түүнчлэн худал хэлж, хуйвалдаан зохион байгуулж, салбарыг нь дээрэмдсэн гэх агуулгаар ярьсан байна. Мөн буруутгаж буй эмэгтэйг иргэний хэргийн шүүхэд өгсөн байгаа талаар дурдсан. Хоёр дахь шууд дамжуулалтаар сургалтын төвийн үүдэнд маргаан үүсч буйг харуулаад, иргэн Мөнхсүлд болон сургалтын үеэр гэмтсэн гэх эмэгтэйн яриаг хүргэжээ. 

 

Ёс зүйн хороо уг гомдлыг хэлэлцээд яриа өгч буй иргэний мэдээлэл үнэнд нийцсэн эсэхийг нягтлан шалгах оролдлого хийгээгүй, сэтгүүлч тэнцвэртэй мэдээлэл өгөх үүрэгтэй ч тайлбар авах оролдлого хийгээгүй, хэт нэг талыг барьсан /хоёр дахь шууд дамжуулалтын үеэр буруутгагдаж буй талаас тайлбар авах бүрэн боломжтой байсан/ учир Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.8 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэв. Харин сэтгүүлч ямар нэг байдлаар дүгнэлт хийгээгүй, зөвхөн гомдолтой байгаа иргэний яриаг дамжуулсан учир баталгаагүй мэдээлэл, ам дамжсан яриа гэж дурдах шаардлагагүй, шууд дамжуулалтын үеэр дурдагдаж байгаа мэдээллүүд нь худал, ташаа гэдгийг ямар нэг эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй, сэтгүүлчийн зүгээс буруутгагдаж байгаа талыг ямар нэгэн байдлаар гэм буруутай хэмээн дурдаагүй, зөвхөн яриа өгч буй иргэн буруутган ярьж байгаа тул 1.6, 1.9, 4.2 дахь заалтуудыг зөрчөөгүй хэмээн дүгнэлээ.

 

Бэлтгэсэн О.ДҮҮРЭНЖАРГАЛ

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД