Эх сурвалжаа уншигчдад ойлгомжтой хүргэх нь редакцын үүрэг гэж үзлээ

Эх сурвалжаа уншигчдад ойлгомжтой хүргэх нь редакцын үүрэг гэж үзлээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевиз, сайтын ёс зүйн хорооны ээлжит хурал есдүгээр сарын 12-ны өдөр боллоо.

Энэ удаагийн хурлаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс focus.mn сайтын зургаадугаар сарын 5-нд нийтлэгдсэн “АН-ЫН ТОМИЛГОО ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙГ САМАРЧ БАЙНА” гэх гарчигтай мэдээлэлд хаяглагдсан гомдлыг хэлэлцлээ. Гомдол гаргагч нь редакцыг баримт нотолгоогүй ташаа мэдээлэл түгээсэн, таамаг, ам дамжсан яриаг бодит мэтээр бичсэн, мэдээллээ нягтлаагүй, үзэл бодол оруулж, буруутгагдаж буй талаас тайлбар авалгүйгээр мэдээлсэн  гэж үзсэн. 

Уг гомдолтой холбогдуулан  редакц хариу тайлбараа ирүүлсэн бөгөөд төрийн тусгай чиг үүргийн байгууллагын албан хаагчид болон тэдний гэр бүлийн хэрэгцээнд зориулагдсан “Хамгийн чухал нь” аяныг хувийн зорилгоор ашиглаж, харьяалалгүй иргэдийг хэвтүүлсэн, ТЕГ-ын хяналт, тусгай зөвшөөрөлтэйгөөр ажиллаж байсан цахим бүртгэлийн системийг ТТАХНЭ-ийн дарга, дэд хурандаа Н.Одонгуа дур мэдэн өөрчилж, эмнэлгүүдэд ашиглагдахаа больсон "И клиник" системээр шинэчилснээс болж эмнэлгийн бүх цахим бүртгэл доголдож, "тойргийн өвчтөнүүд" болон тус эмнэлгээр үйлчлүүлж, эмчлүүлдэг ХЗДХЯ-ны 11 агентлаг болон төрийн тусгай чиг үүргийн алба хаагчдын өвчний түүхийг "устгасан" нь ноцтой үр дагаврыг үүсгэж, тусгай чиг үүргийн эмчлүүлэгчдийн нууцлал, аюулгүй байдлыг алдагдуулсан, зарим улс төрч, олны танил хүмүүс яаралтай эмчилгээ шаардлагагүй атлаа хэвтэн эмчлүүлсэн, эмнэлгийн дарга хугацаанаасаа өмнө цол хүртсэн, сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийсэн зэрэг нь холбогдох хуулийг зөрчсөн гэж үзэн уг асуудлаар төрийн байгууллагууд шалгалт явуулж буй зэргийг онцолсон байна. Түүнчлэн мэдээллээ олон талын эх сурвалж, баримтад тулгуурлан бэлтгэсэн бөгөөд эрх бүхий төрийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр зарим баримтыг нийтэд дэлгэх боломжгүй гэдгээ илэрхийлж, ХМЗ-д ирүүлэх боломжтой баримтуудаа ирүүлсэн билээ. 

Ёс зүйн хороо уг гомдлыг нягтлан хэлэлцээд редакц бүтээлээ олон талын эх сурвалж, цахим баримтад тулгуурлан бэлтгэсэн гэдгээ илэрхийлэн баримтаа хариу тайлбартаа хавсаргасан, бүтээлдээ дурдсан баримт, нэр, үйл явдлыг нягталж баталгаажуулсан, эмнэлгийн цахим бүртгэл, цэргийн цол олгохтой холбоотой журмууд гэх мэт баримтуудыг харгалзан үзэж Ёс зүйн зарчмын 1, 1.1, 1.6, 4, 5 заалтуудыг зөрчөөгүй гэж үзсэн. Харин ХМЗ-д ирүүлсэн хариу тайлбартаа баримт, эх сурвалжуудаа хавсаргасан боловч бүтээлдээ дурдаагүйгээс тухайн бүтээлийг уншигчид эх сурвалжгүй мэтээр ойлгогдохоор байсан, “түүхэнд үзэгдээгүй жишгийг үзүүлжээ, АН-ын сувилал болжээ, ноцтой өвчингүй атлаа..” гэх зэргээр дүгнэлт хийн, үзэл бодлоо оруулсан, гомдол гаргагчаас хариу тайлбар авахаар эрх зүйн зохицуулалтын хүрээнд албан бичгээр хүсэлт гаргах нь зохимжтой байсан гэж үзээд Ёс зүйн зарчмын 1.2, 1.5, 1.8 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. 

Хавсралт

Хурлын мэдээнд дурдагдаж буй "Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим"-ын заалтууд:

1 - “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно.”

1.1 - “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ.”

1.2 - “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ.”

1.5 - “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана.”

1.6 - “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана.”

1.8 - “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно.”

4 - “Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана.”

5 - “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн  мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана.”

 

Мэдээг бэлтгэсэн: О.Дүүрэнжаргал, Ц.Янжмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.