Мэдээ, мэдээлэл

Хэвлэл мэдээллийнхэн жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн төлөө нэгдлээ
Хэвлэл мэдээллийнхэн жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн төлөө нэгдлээ

Хэвлэл мэдээллийнхэн жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн төлөө нэгдлээ

Мэдээллийн хэрэгслээр нийтлэн, нэвтрүүлж, эш татаж, сурвалжилж буй сэтгүүл зүйн агуулгад эмэгтэйчүүдийн дуу хоолой ямар хувь эзэлдгийг та мэдэх үү? Алив мэдээлэлд албан тушаалтан, мэргэжилтнийг эх сурвалж болгохдоо эмэгтэйчүүдийг эрчүүдээс хоёр дахин бага эш татдаг бөгөөд эх сурвалжийн дөрвөн хүн тутмын нэг нь л эмэгтэй хүн байдаг.



Мөн Хэвлэлийн хүрээлэнгийн 2017 оны судалгаанд мэдээллийн хэрэгслүүд эрчүүдийг ажил хэрэгч байдлаар, албан тушаалтан, улс төрч, шийдвэр гаргагч дүрээр, харин эмэгтэйчүүдийг албаны бус, ихэвчлэн энгийн иргэн, мэргэжилтний хувьд илүүтэй дүрсэлдгийг онцолжээ.

 

Хэвлэл мэдээллийн үйл ажиллагаан дахь энэхүү тэнцвэрт бус байдлыг халах, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд уриалан, хамтран ажиллах зорилгоор Хэвлэл мэдээллийн зөвлөл, UBLIFE сайт, “Гэрэг” сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитэд Медиа” Групп хамтран “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийг байгуулаад байна. Үүний хүрээнд хэвлэл мэдээллийн төлөөллүүдийг урин, хамтран ажиллаж, бие биенээсээ суралцах, хөгжих уриатай нээлтийн арга хэмжээ зохион байгууллаа. Тус нэгдэл нь жендэрийн мэдрэмжтэй, ёс зүйтэй сэтгүүлч, редакторуудын мэдлэг, чадвараа сайжруулах, харилцан туршлага солилцох, салбартаа манлайлах, уншигч, үзэгчдийнхээ итгэлийг хүлээх хамтын ажиллагааны талбар байх юм.

 

Хэвлэл мэдээллийн агуулга дахь хүйсийн тэгш бус байдал нь нийгмийн буруу хэвшмэл ойлголтыг дэвэргэж байдаг бөгөөд үүний хамгийн тод жишээ эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо хязгаарлагдмал буйгаар илэрдэг.  Олон улсын парламентын холбооноос сар бүр шинэчлэн гаргадаг Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жагсаалтаар манай улс 187 орноос 128 дугаарт эрэмбэлэгдэж байна. Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувийн Ази тивийн дундаж 20 хувь, дэлхийн дундаж 25 хувь бол монголд сүүлийн хоёр сонгуулиар энэхүү үзүүлэлт 17 хувиас өссөнгүй.  


Мэдээллийн хэрэгслээр эмэгтэй улстөрчдийг гадаад төрх, хүйс, хувийн амьдрал болон гэр бүлийн байдал зэргээр дүрсэлж, улс төрийн байр суурь, үйл ажиллагааг нь хойш тавих үзэгдэл байсаар байна. Энэ мэт ташаа ойлголтыг залруулж, хүйсийн ялгаваргүй ижил тэгш хандах, нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг тэнцвэртэй хүргэх сэтгүүл зүйн үндсэн зарчмыг төлөвшүүлэхийн төлөө хэвлэл мэдээллийн 30-аад байгууллага нэгдлээ.

 

Нээлтийн арга хэмжээний үеэр сэтгүүлч, редакторууд санал солилцоход жендэрийн мэдрэмж бол зөвхөн хүйсийн асуудал биш нийгмийн тогтвортой хөгжлийн асуудал гэдгийг тухайн мэдээллийн хэрэгслийн удирдлага, редакц нэн түрүүн ойлгох шаардлагатай гэдэгт санал нэгдэж байв. Мөн өдөр тутмын мэргэжлийн үйл ажиллагаанд тулгардаг жендерийн асуудлыг хэлэлцэж, хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцсан юм. Сэтгүүл зүйн агуулга дахь хүйсийн тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүлч, редакторуудын “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэлд хэвлэлийн байгууллагууд нэгдэх боломж нээлттэй гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

 

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийг Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Анлимитэд медиа группийн хамтарсан консорциумаас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд үүсгэн байгуулав.





 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД