Мэдээ, мэдээлэл

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ЭВСЭЛ, ХОЛБООДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ЭВСЭЛ, ХОЛБООДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ЭВСЭЛ, ХОЛБООДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО

      Хөл хорионы үед иргэн бүрийн суурь эрх болох үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний хэрэгжилт хэр түвшинд байгаа, мэдээ сурвалжилга бэлтгэн түгээхэд сэтгүүлчдэд ямар саад бэрхшээл тулгарч буй талаар хэвлэл мэдээллийн салбарын эвсэл, холбоод 12 дугаар сарын гурванд цахимаар хэлэлцлээ. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулсан энэхүү уулзалтын үеэр иргэдийн мэдэх эрх, сэтгүүлчдийн хараат бус, чөлөөтэй ажиллах нөхцлийг сайжруулахын тулд хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө хүчин чармайлт гаргах шаардлагатай гэдэгт санал нэгдэв. Түүнчлэн цар тахлын болон бусад хуулиудад анхаарал хандуулах, шинэ хууль журмуудад сонор байх, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, салбар дотроо уялдаа холбоотой хамтарч ажиллах, хэвлэл мэдээллийн салбарын эдийн засгийн хүндрэлийг шийдэх арга замууд эрэлхийлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцсан юм.

 

   Уулзалтад оролцогчид “Цар тахлын үед хэвлэлийн эрх чөлөө хумигдаж, тодорхой асуудлуудад зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай байна. Тулгамдаж буй гол асуудлуудад цар тахлын талаарх хэвлэлийн бага хуралд сэтгүүлчийн тавих асуултад шүүлтүүртэй хандаж, таалагдаагүй эсвэл шүүмжлэлт асуултаас зайлсхийж, зарим хэвлэл мэдээллийн байгууллагыг оролцуулахгүй байх зэргээр ялгавартай хандаж байна. Ийм байдал даамжирвал хэвлэл мэдээллийн байгууллагууд төрийн байгууллагын хэвлэлийн албанаас ялгарах зүйлгүй болно.  Мөн цахим сайтуудын мэдээний сэтгэгдэл хэсгийг хаахаар зохицуулж байгаа нь иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдаж буй хэлбэр юм” гэдгийг онцоллоо.

 

    Гурван цаг илүү хугацаанд үргэлжилсэн цахим уулзалтын үр дүнд мэргэжлийн эвсэл, холбоод нэгдмэл байр суурьтай байж хамтын ажиллагаагаа илүү хөгжүүлэх шаардлагатай хэмээн үзлээ. Үүний тулд цаашид хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг хийх, цар тахлын үеийн хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулах, редакцуудын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлийн талаар мэдээлэл цуглуулж гарц шийдэл хайхад анхаарч ажиллахаар боллоо.

 

     Энэхүү цахим уулзалтад  Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл,  Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын сайтын холбоо, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын хүйн радиогийн холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Орон нутгийн телевизүүдийн холбоо, Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлах нэгдэл, Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн эрх чөлөө нэгдэл ТББ, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб ТББ, Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо ТББ зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД