ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТААР ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ ПРАКТИКИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТААР ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ ПРАКТИКИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Нийслэлийн прокурорын газраас 2026 оны есдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан “Хүний эрх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлэгт Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа оролцож, "Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтаар ёс зүйн зөрчлийг шийдвэрлэж буй практик" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Тус сургалт, хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн прокурорууд, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Монголын Хуульчдын холбоо, Монголын Эмнести Интернэшнл болон Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл оролцож, хүний эрх, хууль хэрэглэх практик болон холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцов.

Илтгэлийн хүрээнд Монгол Улсад хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын тогтолцоо хэрхэн ажилладаг, сэтгүүл зүйн ёс зүйн зөрчлийг хэрхэн хянан хэлэлцэж, шийдвэрлэдэг практик, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороодын үйл ажиллагааг танилцууллаа.

Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт нь сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүйг салбарын оролцогчдын оролцоотойгоор хамгаалах, редакцын хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн гомдлыг хараат бусаар хянан хэлэлцэхэд чиглэдэг. Энэ нь хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ олон нийтийн өмнө хүлээх хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлагыг бэхжүүлэх чухал механизм юм.

Сургалт, хэлэлцүүлэг нь хүний эрхийг хамгаалах, хууль хэрэглэх практикт холбогдох байгууллагуудын ойлголт, туршлага солилцох боломжийг бүрдүүллээ.

Мэдээ бэлтгэсэн: Ц.Янжмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.