ТӨВ АЗИ БА МОНГОЛЫН МЕДИА ОРЧНЫ ТАЛААР БИШКЕКТ ЯРИЛЦАВ

ТӨВ АЗИ БА МОНГОЛЫН МЕДИА ОРЧНЫ ТАЛААР БИШКЕКТ ЯРИЛЦАВ

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас 10 дугаар сарын 9, 10-нд Киргизстаны Бишкек хотод Төв Ази ба Монголын Хэвлэлийн эрх чөлөөний хурлыг зохион байгуулав. Энэ хуралд монголыг төлөөлөн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөл болон Ёс зүйн хорооны 6 гишүүн, ХЗДХЯ, ГХЯ болон “Монцамэ” агентлагаас нэг төлөөлөл оролцлоо.

Хэвлэл мэдээллийн зөвлөл болон ёс зүйн дүрэм, хариуцлага хүлээлгэх бусад механизм нь сэтгүүл зүйг улс төрөөс хараат бус байдлаар маргаан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Энэ тухай хэлэлцүүлэгт Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Төслийн менежер, мэдээллийн боловсролын сургагч багш Ц.Сувданцэцэг оролцож Монголын улсын нөхцөл байдлын талаар хуваалцав.

ЕАБХАБ-ын энэ хурал маш өргөн хүрээний сэдвүүд хөндсөн бөгөөд голчлон өнөөгийн дижитал экосистемд мэдээллийн үнэн зөв, баталгаатай байдал болон хэвлэл мэдээллийн ёс зүй, итгэлцлийг хэрхэн бэхжүүлэх вэ гэсэн хүрээнд төвлөрлөө. 

Нийтийн ашиг сонирхолд үйлчилсэн, баталгаатай мэдээлэл нь иргэд үзэл бодлоо тунгааж, мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах, нийгмийн амьдралд оролцоход зайлшгүй чухал билээ. Мөн олны анхаарлыг татсан аливаа асуудлыг ойлгож, ардчилсан хэлэлцүүлэг өрнүүлэх үндэс суурь нь болдгоороо онцлог.

Тиймээс мэдээллийн эрүүл орчин бүрэлдэн хөгжих нөхцөлийг бий болгох үүрэг, хариуцлага нь дан ганц сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажил биш бөгөөд хараат бус, олон ургалч хэвлэл мэдээллийг зүй ёсны хүрээнд чөлөөтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хамгаалах үүрэг төрд ч бас бий гэдгийг ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч, Элчин сайд Яан Браату нээлтийн үгэндээ онцлов. 

Түүнчлэн мэдээллийн үнэн зөв, баталгаатай байдлыг хэвлэл мэдээллийн эрх чөлөөнөөс салгаж авч үзэх боломжгүй. Мэдээллийн эрүүл орчинд энэ хоёр хоёулаа хэрэгтэй. Нэг талаас мэдээлэл бүтээж, түгээх эрх чөлөө, нөгөө талаас тэрхүү мэдээллийг ойлгож, үнэлж дүгнэхэд нь олон нийтэд туслах мэргэжлийн, ёс зүйтэй, хариуцлагатай үйл ажиллагаа шаардлагатай гэдгийг тэмдэглэлээ. 

Мөн сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудал технологийн эрин үед бүр ч хурцаар хөндөгдөх болсон. Бие махбодын хүчирхийлэл сэтгүүлчдэд ноцтой аюул учруулсан хэвээр байгаагийн зэрэгцээ аюулгүй байдлын асуудалд цахим заналхийлэл, дарамт, айлган сүрдүүлэлт, хууль эрх зүйн арга хэрэгслээр дарамтлах явдал мөн нэмэгдэв. Үүнээс гадна цахим орчинд эмэгтэй сэтгүүлчид харьцангуй түгээмэл бөгөөд онцгой хэлбэрийн доромжлол, дарамтад өртөх болсныг дурдах ёстойг хурлаар онцлов. Энэ хэлэлцүүлэгт “Глоб Интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэн оролцож өөрийн ажиллаж ирсэн орчин, нөхцөл ба туршлагаасаа ярьсан.

Цаашлаад сэтгүүл зүйн боловсрол цаг үе, зах зээлийн өөрчлөлттэй нийцэж чадаж байна уу, технологийн аварга компаниуд болон хиймэл оюуны эрин үед хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах нь зэрэг олон асуудлаар Төв Ази ба Монголын медиа салбарын мэргэжилтнүүд санал солилцлоо. 

Мэдээ бэлтгэсэн: Ц.Янжмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.