“ӨӨРЧЛӨЛТИЙН ДУУ ХООЛОЙ” ТӨСЛИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

“ӨӨРЧЛӨЛТИЙН ДУУ ХООЛОЙ” ТӨСЛИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Европын Холбооны дэмжлэгтэйгээр Хэвлэл Мэдээллийн Зөвлөл болон DW Akademie хамтран хэрэгжүүлсэн “Өөрчлөлтийн дуу хоолой” төслийг 2023-2026 онуудад хэрэгжүүллээ.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните “Өөрчлөлтийн дуу хоолой” төсөл амжилттай өндөрлөж, Монголын иргэний нийгмийн орон зайг өргөжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудын эгэх хариуцлага ба засаглалыг бэхжүүлэх, залуусын медиа боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бодит үр дүнд хүрснийг хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн “төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд баримтлах эгэх хариуцлагын зарчмууд болох “Хөгжлийн төлөөх хариуцлага: иргэний нийгмийн санаачилга”-н 9 зарчмыг 32 ИНБ байгууллага дэмжиж буйгаа илэрхийлсэн, “Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого” баримт бичгийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьснаас гадна МУБИС, МУИС, Отгонтэнгэр, СУИС зэрэг томоохон сургуулиудад баримт нягтлан шалгах болон хэвлэл мэдээллийн боловсролын клубуудыг байгуулсныг мөн дурдлаа. Төсөл хэрэгжих хугацаа дуусаж байгаа ч боловсруулсан бодлого, эрх зүйн баримт бичгүүдийг Иргэний нийгмийн консорциумд хүлээлгэн өгч, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Монголын Залуучуудын Эвсэл үргэлжлүүлэн манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн дурдлаа.

Оролцогчид “иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн салбарын ойлголцлыг нэмэгдүүлэхэд, байгууллагын цахим чадавхийг бэхжүүлэх жижиг төслүүд, байгууллагын алсын хараа, үйл ажиллагааны дахин нэг харах боломжийг олгосон Алтангадас сургалт, төрийн бус байгууллагын альтернатив хуулийн төсөл, иргэний нийгмийн чуулганаар хэлэлцсэн асуудлууд, оюутан залуусын оролцоог хангаж буй байдал, оюутнууд руу чиглэсэн төслийн дэмжлэг, их дээд сургуулиудын тохируулгын үйлчилгээний талаарх судалгаа, контент, малчдын цахим хэрэглээ, харилцаа холбоо идэвхжсэн, төслийн тайлагнах явцыг илүү ойлгож мэдсэн, хотын захын залуусын дунд хийсэн судалгаа, хүртээмжийн зөрүүтэй, ялгаатай байдлын судалгаа гэх мэтээр төслийн хүрээнд хэрэгжсэн олон үйл ажиллагааны нөлөө, үр дүн”-гийн талаарх сэтгэгдлээ хаалтын үйл ажиллагааны үеэр хуваалцлаа.

Оролцогчид төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан чухал алхам болсныг онцолсон юм. Төсөл дуусаж байгаа ч бидний бүтээсэн эерэг өөрчлөлт, хамтын ажиллагааны нөхөрсөг уур амьсгал цаашид ч үргэлжлэх болно.

Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Европын Холбоо, DW Akademie болон идэвхтэй оролцсон бүх иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, хамтран ажиллагч талууддаа гүн талархал илэрхийлж байна.

Мэдээ бэлтгэсэн: Ц.Янжмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.