2026 оны 2 дугаар сарын 27–28-ны өдрүүдэд Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Монголын Залуучуудын Эвсэлтэй хамтран 1997 оны Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчлэл, хуулийн хэрэгжилтийн үнэлгээ, цаашдын үйл ажиллагааны стратеги боловсруулах, иргэний нийгмийн байр сууриа нэгтгэх зорилготой зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Хоёр өдөр үргэлжилсэн арга хэмжээг МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал ерөнхий чиглүүлэгчээр удирдсан бөгөөд иргэний нийгмийн консорциумын гишүүд болон бусад төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг нийт 20 орчим оролцогчид оролцов.
Зөвлөлдөх уулзалтын эхний өдөр төрийн бус байгууллагын тухай хуулийн альтернатив байр суурь, анхаарах асуудлууд, хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал, хуулийн төсөлтэй нийцлийн үнэлгээ зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, санал солилцлоо. Т.Энхжаргал (Монголын Залуучуудын Эвслийн зөвлөх, хуульч) альтернатив хуулийн төслийн талаар илтгэл танилцуулж, оролцогчдын хэлэлцүүлгээр цаашдын алхмуудыг тодорхойлов.
Хоёр дахь өдөр цаашдын үйл ажиллагааны зураглал гаргах, нэгдсэн байр суурь болгон нэгтгэх, бодлого боловсруулагчдад чиглэсэн зөвлөмж боловсруулах болон иргэний нийгмийн байгууллагын өөрийн удирдлагын механизмын санаачилгыг хэлэлцэв. Уулзалтаас гарсан санал, зөвлөмжүүдийг олон нийтэд хүргэх, төрийн болон бодлого тогтоогч талуудтай хамтран цаашдын төлөвлөгөөнд тусгах зорилготойг зохион байгуулагчид онцлов. Мөн цаашид тус зураглал төлөвлөгөөг Эмнести Интернэшнл болон Глоб Интернэшнл Төв төрийн бус байгууллага дэмжин оролцохоор тогтлоо.
Хэвлэл Мэдээллийн Зөвлөл DWA (Deutsche Welle Akademie) болон Европын Холбооны дэмжлэгтэйгээр 2023–2026 онд “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө нэгдэнэ” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн зорилго нь иргэний нийгмийн байгууллагуудын ил тод, бие даасан байдлыг бэхжүүлж, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх замаар сайн засаглал, нийгмийн эв нэгдэлд хувь нэмэр оруулахад оршино. Төслийн хоёрдугаар үе шат нь иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, залуучууд зэрэг олон талт бүлгүүдийг төрийн бодлогын хэлэлцүүлэгт татан оролцуулах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэгдэж байна.


Мэдээлэл бэлтгэсэн: Ц.Янжмаа