Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Иргэний нийгмийн байгууллагад зориулсан цахим орчинд мэдээлэл түгээхэд баримтлах ёс зүйн гарын авлагад суурилсан онлайн сургалтыг 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Тус сургалтын үеэр гарын авлагын бүтэц, гол онцлогийг танилцуулж, цахим орчинд мэдээлэл түгээхдээ баримтлах ёс зүйн зарчим, хариуцлагатай харилцаа, болзошгүй эрсдэлийг бууруулах арга хандлагын талаар мэдээлэл өгөв.
Сургалтыг Ж. Хулан, “Gereg & Ublife” ХХК-ийн дэд захирал удирдан чиглүүлэв. Энэхүү сургалт нь иргэний нийгмийн байгууллагууд цахим орчинд мэдээлэл түгээхдээ ёс зүйн мэдрэмжтэй, хариуцлагатай, олон нийтэд ойлгомжтой байдлаар ажиллах чадавхыг дэмжихэд чиглэсэн болно.
Сургалтын үеэр ашигласан материал болон сургалтын бичлэгийг авах хүсэлтэй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл bolormaa@mediacouncil.mn хаягаар холбогдоно уу.
Гарын авлагыг дараах холбоосоор татан авч ашиглах боломжтой: Цахим орчинд мэдээлэл түгээхдээ баримтлах ёс зүйн гарын авлага
Төслийн товч танилцуулга:
Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс ХБНГУ-ын Дойче Велле Академи (DWA)-тай хамтран “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийг 2023-2026 онд хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-уудын ил тод, бие даасан байдлыг дэмжиж, иргэний нийгмийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх замаар сайн засаглал, нийгмийн эв нэгдэлд хувь нэмрээ оруулах үндсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Төслийн хоёрдугаар үе шат нь ИНБ-ууд, хэвлэл мэдээлэл, залуучууд зэрэг нийгмийн олон талт бүлгүүдийг төрийн бодлогын хэлэлцүүлэгт татан оролцуулах, эдгээр оролцогч талуудын үр дүнтэй харилцаа холбоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Энэхүү гарын авлага нь ИНБ-ууд цахим орчинд мэдээ мэдээллийг хүргэхдээ бусад оролцогч талуудын үнэт зүйл, хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандах, зохисгүй үг хэллэгийг (үзэн ядсан, доромжилсон, ялгаварлан гадуурхсан гм) түгээн дэлгэрүүлэхгүй байх, нийгмийн тулгамдсан асуудал, олон нийтийн эрх ашгийг хөндсөн онцгой үйл явдлуудад өөрсдийн дуу хоолойг даацтай хүргэхэд баримтлах хэрэглэгдэхүүн болох юм. Улмаар ИНБ-уудад үр нөлөө бүхий мэдээлэл харилцааны бүтээгдэхүүнээр дамжуулан хүнлэг ёс, хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлооход хувь нэмэр оруулах чадамжийг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр зорьж байна.