Монгол Улс ардчиллын замыг сонгож, шинэ Үндсэн хуулиа баталсны 34 жилийн ойг тохиолдуулан 2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр “Үндсэн хууль: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Тус хэлэлцүүлгийг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, “Глоб Интернэшнл төв” ТББ, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, хууль зүйн салбарын төлөөлөл өргөнөөр оролцсон бөгөөд "Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдал" сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд /доктор, дэд проф./, "Цэцийн шийдвэр: Хэвлэл мэдээлэл ба хүний нэр төр” сэдвээр МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа, "Олон улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хязгаарлах хэм хэмжээ" сэдвээр Эмнести Интернэшнл байгууллага Г.Амарзаяа, "Монгол ба олон улсын жишиг: Нэр төр, алдар хүндийг хамгаалах нь" сэдвээр "Глоб интернэшнл"-ын хуульч Б.Пүрэвсүрэн нар тус тус илтгэл танилцуулав.
Тодруулбал Монголын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд “Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьж, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хөндлөө. Тэрбээр эдгээр эрхийг бодитой хэрэгжүүлэхийн тулд Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Жагсаал, цуглааны тухай хуулиудыг шинэчлэн батлах шаардлагатайг онцоллоо.

Мөн Монголын Эмнести Интернэшнл (МЭИ)-ийн Кампанит ажлын зохицуулагч Г.Амарзаяа Олон улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хязгаарлах хэм хэмжээ" сэдвээр илтгэл тавьж, Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтын зохицуулалтын талаар Эмнести Интернэшнлээс Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлсэн amicus тойм болон үзэл бодлоо илэрхийлэх эрхийн талаарх олон улсын эрх зүйн хэм хэмжээг танилцуулсан юм.

МСНЭ-ийн Дэд ерөнхийлөгч З.Боргилмаа “Цэцийн шийдвэр: Хэвлэл мэдээлэл ба хүний нэр төр” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж ирсэн, Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлт, Улсын Их Хурал уг дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан шийдвэрийн ач холбогдлын талаар танилцууллаа.

Түүнчлэн “Глоб Интернэшнл төв”-ийн хуульч Б.Пүрэвсүрэн “Монгол ба олон улсын жишиг: Нэр төр, алдар хүндийг хамгаалах нь” сэдвээр илтгэл тавьж, үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалт, шүүхийн практик, хүний эрхийн тэнцвэрт байдлын талаар мэргэжлийн дүгнэлтээ хуваалцлаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа оролцож, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13, 16 дахь заалтад туссан нэр төр, халдашгүй байх эрх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх хоорондын нарийн тэнцвэрийг хангах шаардлагын талаар байр сууриа илэрхийлэв.

Хэлэлцүүлэгт хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага, хуульч, судлаачдын төлөөлөл өргөнөөр оролцож, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаар нээлттэй санал солилцов. Хэлэлцүүлгийн төгсгөлд зохион байгуулагч, сэтгүүл Э.Энэрэл тус арга хэмжээ нь ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаа, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах эрх зүйн баталгааг цаашид бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.


Мэдээ бэлтгэсэн: Ц.Янжмаа