Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дадлагажигч Ч.Чойжилсүрэн "Монголын бизнес дэх хүний эрх залуусын нүдээр" бүтээлээ танилцуулж байна.
Бизнес бол Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч. Гэвч хөгжлийн энэ хүчний цаана хүний эрхийг хангах асуудал хэр бодитой шийдэгдэж байна вэ? гэдэг асуулт зүй ёсоор гарч ирдэг. Хүн төвтэй, шударга орчин бүрдэж байж л бизнесийн хөгжил тогтвортой, итгэлцэлтэй байх боломжтой.
Залуусын дунд хувийн хэвшилд ажиллахдаа тулгардаг нийтлэг асуудлуудын нэг нь ажлын гэрээ, цалин, илүү цагийн хөлс зэрэг хөдөлмөрийн эрхийн хэрэгжилттэй холбоотой байдаг. Хөдөлмөрийн тухай хууль ажилтны эрхийг хамгаалахаар зорьдог ч бодит байдал дээр энэ нь бүрэн хэрэгжихгүй байх тохиолдол гардаг. Тухайлбал, 2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн судалгаагаар хувийн хэвшилд ажиллагсдын 40 хувь нь хөдөлмөрийн гэрээгүй, 60 хувь нь илүү цагийн хөлсөө авч чаддаггүй гэжээ. Энэ нь ажилтны эрхийг хангах тогтолцоог илүү боловсронгуй болгохоос гадна ажилтнууд эрхээ мэддэг, түүнийгээ шаарддаг байх хэрэгтэйг харуулж байна.
Мөн ажлын орчин дахь сэтгэлзүйн дарамт ч залуусын хувьд анхаарал татсан асуудал юм. Зарим удирдлага ажлын байрны харилцаанд хэтэрхий хатуу ханддаг, үг хэлний дарамт үзүүлэх тохиолдол ч гардаг гэж ярьдаг. Ийм нөхцөлд ажилтан санаа бодлоо илэрхийлэх, шударга бус зүйлийг хэлэлцэх боломж хязгаарлагддаг. Энэ нь ажлын уур амьсгалд төдийгүй бүтээмжид сөргөөр нөлөөлдөг.
Сүүлийн жилүүдэд зарим байгууллагууд “нийгмийн хариуцлагатай” хэмээн тодорхойлогдож, ажилтныхаа сайн сайхны төлөө санаачилга гаргах болсон нь эерэг үзэгдэл. Гэхдээ хүний эрхийг хүндэтгэх соёлыг байгууллагын дотоод бодлого, харилцаанд бүрэн шингээх нь илүү үр дүнтэй байх болно. Үүнд зөвхөн цалин, ажлын нөхцөл гэлтгүй, сэтгэлзүйн болон бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэх, гомдол гаргах ил тод механизм бий болгох зэрэг алхам багтана.
Эцэст нь хэлэхэд, хариуцлагатай бизнес гэдэг нь зөвхөн эдийн засгийн ашиг бус, харин хүн бүрийн эрхийг хүндэтгэж, шударга, итгэлцэлтэй хамт олны соёлыг төлөвшүүлэх явдал юм. Ийм зарчимд тулгуурласан байгууллагууд л залуусын итгэлийг олж, урт хугацааны хөгжлийн бодит суурь болж чадна.




Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслийн хүрээнд бэлтгэв. Уг бүтээл нь зөвхөн зохиогчийн үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй.