Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

ХМЗ-ийн гишүүд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан 2025.05.01-ний өдөр цахим хэлэлцүүлэг хийлээ. 

Хэлэлцүүлэгт удирдах зөвлөл болон ёс зүйн хороодын хорь гаруй төлөөлөл оролцож,   Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан зохицуулалтуудын давуу болон сул талыг хэлэлцэв. 

Хэлэлцүүлэгт оролцсон гишүүдийн зүгээс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэвлэл мэдээллийн агуулгын хяналтад төр оролцох ёсгүй бөгөөд сэтгүүл зүйн бүтээлийн ёс зүйтэй холбоотой харилцааг зохицуулдаг хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын эрх зүйн үндсийг тогтоох тухай бүлэг туссан нь авууштай боловч эрсдэлтэй тал бий гэж үзсэн юм. Иймд хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын үүрэг, ач холбогдлын талаар ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, бие даасан бөгөөд эрх зүйн чадамжтай өөрийн зохицуулалтын байгууллагыг урт хугацаанд оршин тогтнуулахад энэхүү хуулийн ач холбогдол, үр өгөөжийн талаар оролцогч талуудтай үр дүнтэй хэлэлцүүлгүүд хийхийг санал болгов.  

Түүнчлэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мэргэжлийн сэтгүүл зүй ба нийгмийн сүлжээний зааг ялгааг гаргаж өгсөн, мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийг баталгаажуулсан, төрөөс хэвлэн нийтлэх бүтээлд агуулгын хяналт тогтоох, аливаа хэлбэрийн дарамт үзүүлэх, үнэ төлбөргүй нийтлэхийг шаардахыг хориглосон, төр дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулахыг хориглосон зэргээр төр ба хэвлэл мэдээллийн харилцааг зохицуулсан, хэвлэл мэдээллийг институтын хувьд бэхжүүлэхэд дэмжлэг боло, мөн сэтгүүлчийг бэлтгэсэн мэдээ, нийтлэлтэй нь холбогдуулан гэрчээр дуудахгүй байх зэрэг давуу тал бийг онцлов.   

Харин сэтгүүл зүйн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг хуульчлах оролдлого хийснээс гадна тус хуулийн төслийн 6.5-д “Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагааг тусгайлан сурталчлуулах бол хэвлэл мэдээллийн байгууллагыг хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулна.”, 6.8-д “Монгол Улсын тухай албан ёсны мэдээллийг олон улсад түгээх, сурталчлах зорилго бүхий хэвлэл мэдээллийн байгууллага байна.”, 14.1-т “Хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 6.5-д заасны дагуу хийгдэж байгаа нийтлэл, нэвтрүүлэг хүргэхдээ захиалгат, эсхүл төлбөртэй болохыг тодорхой илэрхийлэх тэмдэглэгээ хэрэглэж, захиалагчийн, эсхүл төлбөр төлсөн этгээдийн нэрийг дурдана” зэрэг хэд хэдэн заалттай санал нийлэхгүй байгаагаа гишүүд онцолж байв. Түүнчлэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт зориулан гишүүдийн оролцоотой хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийхээр тогтов. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.