ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн оны анхдугаар хурал боллоо

ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн оны анхдугаар хурал боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2024 оны нэгдүгээр улирлын хуралдаан хоёрдугаар сарын 2-нд боллоо. Энэхүү хурлаар 2023 оны хоёрдугаар хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг танилцуулж, 2024 оны эхний хагас жилийн төлөвлөгөө, төсвийг баталлаа. 

 

Энэ оноос эхлэн Европын Холбооны санхүүжилттэйгээр Дойче Велле Академитай хамтран хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн дуу хоолой: ИНБ-ууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтыг сайжруулахын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн зорилго, хамрах хүрээ, хүлээгдэж буй үр дүнтэй гишүүд танилцаж, ХМЗ-ийн үйл ажиллагааны цар хүрээг тэлэх, иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан иргэдэд ёс зүйт хэвлэл мэдээлэл, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг таниулан сурталчлах ач холбогдолтой хэмээн онцоллоо. Түүнчлэн энэ удаагийн хуралдаанаар “Ёс зүйн хорооны шийдвэрийн хураангуй” бэлтгэх аргачлалыг баталж, ХМЗ-ийн Удирдах зөвлөл, Ёс зүйн хороодод нэр дэвшигчид, гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн юм.

Цаашид иргэдийн мэдээллийн боловсролыг нэмэгдүүлж, хэвлэл мэдээллийн ёс зүй, өөрийн зохицуулалтын үйл ажиллагааны ач холбогдлыг иргэд, гомдол гаргагчдад таниулан сурталчлах, ёс зүйтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлж, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахыг Ажлын албанд үүрэг болголоо.

 

2023 онд ХМЗ-д нийт 33 гомдол ирсний 10-ыг РТВ-ийн ёс зүйн хороо, 9-ийг ССС-ын ёс зүйн хороо хүлээн авч шийдвэрлэлээ.  Арван гомдлыг ажлын албанаас ХМЗ-ийн хэлэлцэх асуудалд хамаарахгүй, хугацаа хэтэрсэн гэж үзэн буцааж, 3 гомдол гаргагч гомдлоо гаргах явцдаа буцаан татсан юм. Ёс зүйн хорооны шийдвэрээр гурван редакц ёс зүйн алдаа гаргаагүй, хоёр гомдлыг түр хойшлуулсан, 14 редакц ёс зүйн алдаа гаргасан хэмээн дүгнэжээ. 

 

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар товчлон хүргэе.

 

  • ХМЗ-өөс улирал тутам бэлтгэн гаргадаг цахим сэтгүүлийг Монгол, Англи хэл дээр тус бүр 4 удаа бэлтгэж улирал бүр 1500 орчим хүнд хүргэлээ. Өнгөрсөн онд РТВ-ийн ёс зүйн хорооны хурал 3 удаа, ССС-ын ёс зүйн хорооны хурал 4 удаа болж хорооны шийдвэрийг олон нийтэд мэдээлэв.

 

  • ХМЗ-ийн Удирдах зөвлөлд радио, телевизийн эзний төлөөлөл 1, РТВ-ийн ёс зүйн хороонд сайтын сэтгүүлчийн төлөөлөл 1, ССС-ын ёс зүйн хороонд олон нийтийн төлөөлөл 1 хүнийг тус тус сонгон шалгарууллаа. Цаашид, Удирдах зөвлөлд - радио, телевизийн эзний төлөөлөл 1, РТВ-ийн ёс зүйн хороонд - РТВ-ийн эзний төлөөлөл 1, олон нийтийн төлөөлөл 1, ССС-ын ёс зүйн хороонд - сонин, сэтгүүлийн сэтгүүлчийн төлөөлөл 2, сайтын сэтгүүлчийн төлөөлөл 1 хүнийг тус тус сонгох юм.

 

  • Жил бүр зохион байгуулдаг Сэтгүүл зүйн, Ёс зүйн форум “Ёс зүйн үнэ цэн: Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” сэдвийн хүрээнд 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр боллоо. Тус форумд 70 гаруй хүн оролцож, гарсан зөвлөмжийг олон нийтэд хүргэлээ.

 

  • Найман сарын турш хэрэгжүүлсэн “Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” төслийн хаалтын зөвлөлдөх уулзалт 2023 оны 03-р сарын 30-нд болов. Энэхүү төсөл нь хямрал, эрсдэлийн үед иргэдийн мэдээлэл авч буй байдлыг сайжруулах, баталгаатай мэдээллээр хангах, хэвлэл мэдээлэл, орон нутгийн засаг захиргаа, иргэд, олон нийтийн төлөөллүүд нэг дор цугларч, өөрсдийн мэдлэг, харилцаа холбоог нэгтгэн, мэдээллийг нягтлах, найдвартай, хариуцлагатайгаар түгээх сүлжээ болон ажиллахад чиглэсэн юм.

 

  • Өнгөрсөн оны “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”- ийг тохиолдуулан ЮНЕСКО, МСНЭ, Хэвлэлийн хүрээлэн, ГИТ, ХЭҮК, Эмнести интернэшнл зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж  2023 оны 4, 5-р сард Хэвлэлийн бага хурал, “Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь” хэлэлцүүлэг, “Хүний эрхэд суурилсан ирээдүйг бүтээх нь: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийг хангах хөшүүрэг” форумыг тус тус амжилттай зохион байгууллаа. 

 

  • Редакцын уулзалтын хүрээнд Монцамэ агентлаг, Graph.mn, Ergelt.mn сайтын редакцуудтай санал солилцон, хэвэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдлыг танилцуулж, редакцуудын түгээмэл гаргадаг ёс зүйн алдаанаас хэрхэн зайлсхийх тухай зөвлөмж өгөв.

 

  • “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд  "Мэдрэмжтэй мэдээлье" форумыг амжилттай зохион байгуулав. Виртуал редакц 2023 онд 9 сэдвийн хүрээнд нийт 101 бүтээлийг сэтгүүлчдээс хүлээн авч, хамтран ажиллалаа. “Редакцын буухиа” хамтарсан контентыг эхлүүлж 8 контентыг 80 сувгаар хүргэсэн юм. "Мэдрэмжтэй мэдээлье" редакцын менторшип хөтөлбөр 2023 онд амжилттай үргэлжилж, Zuv.mn, TV9, Eagle TV, Eguur.mn сайтын редакцуудад хөтөлбөрийг хэрэгжүүлэн 94 мэргэжилтнийг хамрууллаа. 

 

  • Эрүүгийн хуулийн эрх зүйн шинэчлэлийн нөлөөллийн ажлын хүрээнд “Доромжлох үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулах нь зөв үү” сэтгүүлчдэд зориулсан сургалт, чөлөөт уулзалт, редакторуудын уулзалтыг зохион байгуулж, редакторуудын уулзалтаас гарсан зөвлөмжийг УИХ-ын гишүүдэд явуулж, олон нийтэд мэдээлэв. 

 

  • Хэвлэл мэдээллийн салбар түүний өөрийн зохицуулалтын тогтвортой хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны үйл ажиллагааг тууштай дэмжих зорилго бүхий Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллага 2023 оны 12-р сард байгуулагдав. Тус байгууллага үйл ажиллагааныхаа эхлэлийг тавьж эдийн засаг, бизнесийн салбарын  мэргэжилтнүүдэд Хэвлэл мэдээллийн ёс зүй, түүний өөрийн зохицуулалтын талаар танилцуулсан юм. 

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.