Хорооны шийдвэр

Nuuts.mn сайтын бэлтгэсэн улсын бүртгэлийн тухай цуврал нэвтрүүлгийг Ёс зүйн зарчим зөрчөөгүй гэж дүгнэлээ
Nuuts.mn сайтын бэлтгэсэн улсын бүртгэлийн тухай цуврал нэвтрүүлгийг Ёс зүйн зарчим зөрчөөгүй гэж дүгнэлээ

Nuuts.mn сайтын бэлтгэсэн улсын бүртгэлийн тухай цуврал нэвтрүүлгийг Ёс зүйн зарчим зөрчөөгүй гэж дүгнэлээ

​​​​​​Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны 2023 оны IV улирлын хурал арванхоёрдугаар сарын 07-нд болж, гурван сайтад холбогдох дөрвөн гомдлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

 

1.Нууц.мн сайтад холбогдох гомдлууд

 

Нууц.мн сайт Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын нэр бүхий бүртгэлийн байцаагч нарын ажил үүрэг, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой баримт агуулсан цуврал нэвтрүүлгүүдийг 2023 оны 5 болон 9 дүгээр сард гаргажээ.

 

Тус редакц нь Ховд аймгийн Алтай суманд байрлах Богоч ордын эзэмших эрхийг “Талст молор” ХХК-ийн захирал,  БНХАУ-ын хөрөнгө оруулагч, нэр бүхий гурван иргэнээс хууль бусаар авсан тухай агуулга бүхий “Нууц материалууд: Ширэнгийн хууль” нэртэй 11 минутын нэвтрүүлэг, мөн “Аюуд” ХХК нь, “Хуашин констракшн Монгол” ХХК-ий хөрөнгийг хуурамч гарын үсэг, тамга ашиглан  өөрийн эзэмшилдээ хууль бусаар авсан тухай “Нууц материалууд: Бүртгэлийн мафи” нэртэй 22 минутын нэвтрүүлэг бэлтгэн цацжээ.

 

Эдгээр нэвтрүүлгүүдтэй холбогдуулан УБЕГ-ын улсын байцаагч нараас Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-д гомдол ирүүлсэн. Ингэхдээ тухайн редакц нь мэргэжлийн ёс зүйн алдаа гаргаж, хяналт шалгалтын ажиллагаа эцэслэн шийдэгдээгүй байхад асуудлыг шийдсэн мэтээр мэдээлсэн, төрийн албан хаагчдын нэр төрд халдсан мэдээлэл түгээсэн хэмээн Ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.3, 1.4  заалтуудуудыг зөрчсөн хэмээн буруутгав. 

 

Эдгээр гомдлуудын дагуу Ёс зүйн хороо дээрх бүтээлүүдийг нягтлан хэлэлцээд редакц нэвтрүүлгүүддээ, хэн болохыг  нь тодорхой дурдсан аман эх сурвалж болон албан ёсны  тамга, тэмдэгтэй тушаал шийдвэр бүхий бичгийн эх сурвалжуудаар баримтаа баталгаажуулсан. Нэвтрүүлгийн гарчиг нь Улсын бүртгэлийн байгууллагыг шууд хэлсэн гэх үзэх үндэслэлгүй. Мөн нэвтрүүлэгт ямар нэгэн техникийн арга ашиглаж мэдээллийг мушгин гуйвуулсан гэдгийг нотлох алдаа байгаагүй зэргийг үндэслэн дээрх Ёс зүйн кодуудыг зөрчөөгүй гэж үзлээ.

 

ХМЗ редакцад хариу тайлбар ирүүлэх хугацаа олгосон боловч тодорхой шалтгаануудын улмаас хариу тайлбар ирүүлээгүй юм.

 

2. Neguun.mn, Tac.mn сайтад холбогдох гомдол

 

Хөтөлийн “Цемент, шохой” ТӨХК-ий үйл ажиллагаа, удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай Neguun.mn сайт, Tаc.mn сайт хамтран сурвалжилж, Neguun.mn сайт “Хөтөл цемент шохой ТӨХК-ны удирдах албан тушаалтнууд архидан согтуурч, сэтгүүлч болон албаны машинд халдсан”, Тас.mn сайт “Хөтөлийн ‘Цемент шохой’ ТӨХК-ий дарга нар архидан согтуурч, сэтгүүлчийн биед халдаж, машиныг нь эвджээ” гэсэн гарчигтай мэдээллүүдийг 2023 оны 11 дүгээр сарын 5-нд тус тусын сайтаар түгээжээ.

 

Дээрх мэдээллүүдэд Хөтөлийн “Цемент, шохой” ТӨХК-ийн олон нийттэй харилцах мэргэжилтэн гомдол гаргаж, редакцуудыг хуульд заасан хэлбэрээр мэдээлэл авалгүй, ажлын бус цагаар шууд бичлэг хийсэн, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн, байгууллагын болон холбогдох ажилтнуудын нэр хүндэд халдсанд гомдолтой байна гэв.

 

Neguun.mn болон Tac.mn сайт хариу тайлбараа ХМЗ-ийн ажлын албанд илгээсэн бөгөөд тус тайлбаруудад гомдол гаргагчийн дурдсан ёс зүйн зарчмын заалтуудыг зөрчөөгүй гэдгээ илэрхийлсэн юм. Гэвч ХМЗ-ийн ёс зүйн хороо гомдол гаргагчийн өргөдөл, редакцуудын хариу тайлбар болон нийтэд цацагдсан эх материалуудыг нягтлан хэлэлцээд нэр бүхий хоёр редакцыг Ёс зүйн зарчмын 1.1, 1.5, 1.6, 4, 5 заалтуудыг зөрчсөн гэж үзлээ. 

 

Хороо тайлбарлахдаа “Редакцууд ТӨХК-ий үйл ажиллагаа, удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар шүүмжлэлт нэвтрүүлэг хийхдээ тодорхой баримтууд дэвшүүлж, удирдлагуудыг буруутгаж буй боловч үүнийгээ баталгаажуулсан эх сурвалж, баримт нотолгоо ашиглаагүй, мөн эх сурвалжаас мэдээлэл авахдаа урьдчилан тохиролгүйгээр амралтын цагаар нь шууд дамжуулалт хийснээс үүдсэн маргааныг олон нийтэд цацсан, мөн тодорхой баталгаажсан баримтгүйгээр, сэтгүүлчдийн хувийн үзэл бодол хэт давамгайлсан” энэхүү нөхцөл нь сэтгүүл зүйн мэргэжлийн үйлдэлд халтай гэж үзээд, Ёс зүйн зарчмын 1.1, 1.5, 1.6, 4, 5  заалтуудыг зөрчсөн хэмээн дүгнэлээ.

 

Хурлын мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:

1.1   Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ.

1.2   Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ.

1.3  Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, эшлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана.

1.4   Фото, видео, аудио мэдээллийн агуулгыг техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүй.  

1.5  Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана.

1.6  Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурьдана.

4.     Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана.

5. Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД