Хорооны шийдвэр

АРВАН РЕДАКЦЫГ ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН ГЭЖ ДҮГНЭЛЭЭ
АРВАН РЕДАКЦЫГ ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН ГЭЖ ДҮГНЭЛЭЭ

АРВАН РЕДАКЦЫГ ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН ГЭЖ ДҮГНЭЛЭЭ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны 2022 оны  хоёрдугаар улирлын хурал зургадугаар сарын 21-ний өдөр болж гурван гомдол гаргагчаас ирүүлсэн хорин зургаан редакцад хамаарах гомдлыг хэлэлцлээ.

 

 

Нэг. Neguun.mn сайтын эсрэг хүнсний аюулгүй байдалтай холбоотой гомдлыг ёс зүйн алдаа гаргасан гэж үзлээ

 

Тус сайтын фэйсбүүк хуудсаар 2022 оны тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд хүнсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллүүдийг шууд дамжуулсан. Тодруулбал, редакц мах, махан бүтээгдэхүүн бэлтгэдэг дотоодын үйлдвэр нэгэн Хятад компанид муудсан, чанаргүй махаа нийлүүлдэг байж болзошгүй талаар мэдээлсэн юм. Хороо энэхүү гомдлыг нягтлан хэлэлцээд редакц тухайн байгууллагыг хүнсний аюулгүй байдалтай холбоотой буюу маш ноцтой асуудалд буруутгаж байгаа хэдий ч мэдээллээ бусад түвшний буюу нэмэлт эх сурвалжуудаас баталгаажуулаагүй, эх сурвалж гэх иргэний үг үнэн болохыг батлах ямар нэг баримт, нотолгоо байхгүй байхад байгууллагын нэр хүндэд халдсан гэж үзээд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1, 1.2, 1.3, 1.6, 4.2 дахь заалтуудыг зөрчсөн байна хэмээн шийдвэрлэлээ.  

 

 

Хоёр. Редакцууд төрийн өндөр албан тушаалтай байсан хоёр хүнийг АТГ-аас шалгаж байгаа тухай бичихдээ ёс зүйн алдаа гаргажээ

 

Тавдугаар сард нэр бүхий 9 редакц төрийн өндөр албан тушаал хашиж байсан хоёр хүнийг АТГ-аас шалгаж байгаа талаар мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор нэгэн иргэнээс баттай нотлох баримтгүйгээр хүний нэр төр, алдар хүндэд халдсан гэх гомдол ХМЗ-д ирсэн юм. Ёс зүйн хороо уг гомдлыг хэлэлцээд редакцууд мэдээллээ тодорхой баримт, эх сурвалжуудаар нягталж, баталгаажуулаагүй, нэмэлт буюу албан ёсны эх сурвалжаар баталгаажуулаагүй гэж үзээд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1, 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн байна хэмээн дүгнэлээ.

 

 

Гурав. Эрүүл мэндийн салбарын багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах үйлчилгээ үзүүлдэг байгууллагын гомдлыг түр хойшлууллаа

 

Нэр бүхий 13 хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2022 оны гуравдугаар сард эрүүл мэндийн салбарын багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах үйлчилгээ үзүүлдэг байгууллагын талаарх цуврал нийтлэлүүд гарсан. Уг нийтлэлүүдтэй холбоотой гомдлыг холбогдогч байгууллагаас ХМЗ-д ирүүлсэн юм. Ёс зүйн хороо уг гомдлыг хэлэлцэхдээ зарим редакцын ирүүлсэн хариу тайлбар өгөх хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, гомдлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа.


 

Хавсралт

 

Хурлын мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:

 

1 - “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно”

1.1 - “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”

1.2 - “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”

1.3 - “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана”

1.6 - “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана”

4.2 - “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй”

 

Бэлтгэсэн: О.Дүүрэнжаргал

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД