Хорооны шийдвэр

10 гаруй редакцад хаягласан ёс зүйн зөрчлийн гомдлыг хэлэлцлээ
10 гаруй редакцад хаягласан ёс зүйн зөрчлийн гомдлыг хэлэлцлээ

10 гаруй редакцад хаягласан ёс зүйн зөрчлийн гомдлыг хэлэлцлээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны 2021 оны хоёрдугаар улирлын ээлжит хурал 2021 оны зургадугаар сарын 24-ний өдөр болж, 10 гаруй редакцад холбогдох ёс зүйн гомдлыг хэлэлцлээ.

 

Bolod.mn сайтад хаягласан “Цоба” ХХК-ийн гомдол үндэслэлгүй

Bolod.mn сайтад 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр нийтлэгдсэн “Газрын албаны дарга нарын авлигын хэрэгт холбогдсон Цоба ХХК байгаль сүйтгэсээр байна”, мөн тус сайтын фэйсбүүк хуудсаар дөрөвдүгээр сарын 16-ны өдөр түгээгдсэн “Цоба ХХК-ийн хууль зөрчин байгальд халдаж буй барилгын ажлыг хэн зогсоох вэ” гарчигтай мэдээлэлд компанийнх нь талаар худал мэдээлэл тараасан, компанийн нэр төрд халдсан, гүтгэсэн хэмээн “ЦОБА” ХХК гомдол ирүүлсэн юм.

Ёс зүйн хороо энэхүү гомдлыг хэлэлцээд bolod.mn сайтын редакц ёс зүйн алдаа гаргаагүй гэж дүгнэлээ. Учир нь, тус мэдээллүүдэд дурдагдаж буй баримтууд нь төрийн эрх бүхий байгууллагуудын хийсэн хяналт шалгалт, дүгнэлтэд үндэслэсэн байсан юм.

 

Isaid.mn сайт зөрчил гаргаагүй

Isaid.mn сайтад 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр нийтлэгдсэн “Төрсөн ахыгаа 76 удаа хутгалж, хөнөөгөөд өөрөө амиа хорложээ” гэсэн гарчигтай мэдээлэл нь гэмт хэрэг үйлдсэн арга хэрэгслийг тодорхой дүрсэлсэн, гэмт хэрэг өдүүлэх сэдлийг төрүүлэхүйц байсан гэж иргэн А.Б гомдол ирүүлжээ.

Дурдсан мэдээ нь цагдаагийн байгууллагын эх сурвалжтай мэдээлэл бөгөөд агуулгыг нягталж үзэхэд гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэрийг нарийвчилж дүрсэлсэн зүйл байхгүй тул Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 4.1-т заасан “Гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхээс зайлсхийнэ” гэснийг зөрчөөгүй хэмээн хороо дүгнэлээ.

 

Tac.mn-д хаягласан “Оюуны ундраа” ХХК-ийн гомдол үндэслэлгүй

Tac.mn сайтад 2021 оны тавдугаар сарын 3-ны өдөр нийтлэгдсэн “Танилц, Шадар сайд С.Амарсайхан арбитрын шүүхэд ялагдаж, 4,7 сая ам.доллар төлөх болсон баримт” гэх гарчигтай мэдээлэлд “Оюуны ундраа” ХХК гомдол ирүүлсэн байна.

“Танилц, Шадар сайд С.Амарсайхан арбитрын шүүхэд ялагдаж, 4,7 сая ам.доллар төлөх болсон баримт” гэсэн гарчигтай мэдээлэл нь “байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны нууцад хамаарах мэдээллийг нийтэд задруулсан бөгөөд бусдад өртэй мэтээр ойлгуулж, төрийн эрх бүхий байгууллагуудад байсан нууц материалуудыг ил болгосон, компанийн нэр хүндэд хууль бусаар халдсан” хэмээн “Оюуны ундраа” ХХК гомдлоо тайлбарласан.

Харин редакц энэхүү гомдол үндэслэлгүй хэмээн хариу тайлбар ирүүлжээ. Уг хариу тайлбарт “компанийн нэр хүндэд хууль бусаар халдсан” гэсэн нь үнэнд нийцэхгүй байна, учир нь, тухайн нийтлэлийг хууль бус гэдгийг шүүхийн байгууллага тогтоогоогүй, мөн нууц материалыг ил гаргасан гэдэг ч бодит байдалд нийцэхгүй байна, манай редакц эдгээр баримтыг хууль бусаар болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдлээр аваагүй” гэжээ. Tac.mn сайтын нийтлэлд ашиглагдсан баримтууд өмнө нь өрөг.мн сайтад мэдээлэгдэж байсан, мөн энэ хэргийг шүүхээр шийдвэрлэгдээд дууссан хойно нь мэдээлсэн ажээ. Шүүхийн шийдвэр нь шүүх.мн сайтад албан ёсоор байршсан нээлттэй мэдээллийн хүрээнд баримтыг дэлгэсэн гээд шүүхийн шийдвэрийг хавсарган ирүүлжээ.

Тиймээс редакц мэдээллээ бэлтгэхдээ олон нийтэд ил болсон нээлттэй мэдээллүүдийг ашигласан, бүх мэдээллээ баримтжуулсан тул “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэсэн зарчмыг зөрчөөгүй хэмээн үзлээ.

 

“Цэцэд санаархсан “хараат” нэр дэвшигчид хэн нь хэн бэ” нийтлэл алдаатай байлаа

2021 оны гуравдугаар сарын 20-ны өдөр мэдээллийн нэгэн сайтад “Цэцэд санаархсан “хараат” нэр дэвшигчид хэн нь хэн бэ?” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн бөгөөд уг нийтлэлд нэр нь дурдагдсан иргэн гомдол ирүүлжээ.

Гомдол гаргагч нь тус редакцыг дээрх мэдээг бэлтгэхдээ мэдээллээ нягталж шалгаагүй, худал мэдээлэл түгээж, нэр төрд халдсан гэж үзсэн юм. Иргэний гомдол үндэслэлтэй байсан бөгөөд редакц баримтын алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, залруулгыг 2021 оны зургадугаар сарын 24-ний өдөр гаргажээ. Тиймээс редакц сэтгүүлчийн хайнга үйлдлээс болж үнэнд нийцэхгүй мэдээлэл түгээсэн тул “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэсэн зарчмыг зөрчсөн. Гэхдээ редакц алдаагаа хүлээн зөвшөөрч, залруулга гаргасан тул редакцын нэрийг зарлахгүй байхаар шийдлээ.

 

Tsahiur.mn сайтын Ц.Анандбазартай холбоотой нийтлэл ёс зүй зөрчөөгүй

Tsahiur.mn сайтад 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нийтлэгдсэн “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” гэх гарчигтай мэдээлэлд иргэн Г.У гомдол ирүүлж, тус редакц уг мэдээг бэлтгэхдээ хүчирхийллийг хэт детальчилж харуулсан, энэ төрлийн хүчирхийлэлд өртөж байсан хүмүүст хэрхэн нөлөөлөхийг бодолцож үзээгүй, хүүхдүүд зурган контентийг маш ихээр үздэг тул хүчирхийлэл үйлдсэн аргыг комик байдлаар харуулснаас болж хүүхдүүдэд хүчирхийлэл энгийн зүйл мэт ойлголт өгөхөөр байсан нь хэт ёс зүйгүй байсан төдийгүй зүй бус зургууд дээр редакц логогоо байршуулсан нь хүчирхийллийг ашиглан брэндинг хийсэн үйлдэл болсон гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Редакц хариу тайлбар ирүүлсэн бөгөөд хариу тайлбартаа уг бүтээл нь Ц.Анандбазар гэх хувь хүний ёс зүйгүй үйлдлийн улмаас олон охид, эмэгтэйчүүд хохирсон талаар өгүүлж буй ч хамгийн гол зорилго нь ажлын байрны бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийллийн үйлдлүүд нь хуульд тусгагдаагүй учир энэ төрлийн үйлдэлд хариуцлага тооцдог болгох, тогтолцооны өөрчлөлт хийх зорилготой. Мөн уг мэдээлэл нийтлэгдсэний маргааш өдөр нь Улсын прокурорын ерөнхий газраас ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба анхаарал хандуулж нийтлэл, нэвтрүүлэгт дурдсан үйл явдлууд нь гэмт хэргийн шинжтэй байгаа тул шалгаж тогтоох чиглэл өгч, ажлын хэсэг байгуулагдан шалгаж эхэлсэн гэдгийг дурдсан байна. Улмаар редакцын зүгээс тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч, нэвтрүүлэгт оролцсон хохирогч, гэрчүүдийн мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрлийн дагуу цагдаагийн байгууллагад гарган өгч, нэвтрүүлгийн оролцогчид ч мэдүүлэг өгч, хэргийг шалгуулж байгаа гэдгийг илэрхийлжээ.

Хороо энэхүү гомдлыг хэлэлцээд tsahiur.mn сайт мэргэжлийн ёс зүйн хүрээнд ажилласан хэмээн дүгнэлээ. Тодруулбал, энэхүү нийтлэл, нэвтрүүлэг нь нийгэмд ил, далд хэлбэрээр байсаар байгаа сэрэмжлэх ёстой мэдээллийг хүргэсэн нь хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлээгүй гэсэн үг биш бөгөөд сайт ташаа мэдээлэл түгээгээгүй, хохирогчдын зураг болон аудио, видео бичлэгийг олон нийтэд хүргэхдээ техникийн арга хэрэгслээр өөрчилж, танигдахгүй болгох нь хэвлэл мэдээллийн ёс зүйн үүргийг сахисан, нийгэмд далд бугшсан зүй бус асуудлыг шүүмжлэх, олон нийтэд мэдээлсэн, хохирогчдын яриаг хүргэсэн, тэдний яриаг зурган хэлбэрээр харуулсан хэдий ч үйл явдлыг нэгбүрчлэн, нарийвчлан харуулаагүй, том зургаар нь харвал энэ бүхэн ил болсноор ийм төрлийн асуудал үүсч болдог, үүнээс сэрэмжлэх хэрэгтэй гэсэн ойлголтыг өгсөн, комик зургууд дээр логогоо байршуулсан нь далд хэлбэрийн сурталчилгаа биш, харин өөрсдийн бүтээл гэдгийг ил хэлбэрээр мэдэгдэж байгаа тул редакц ёс зүйн зөрчил гаргаагүй.

 

Ubn.mn сайт ёс зүйн алдаа гаргаагүй

Ubn.mn сайтад 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр нийтлэгдсэн “Салсан эхнэрээ 13 удаа хутгалж, амь насыг нь хохироожээ” гэсэн гарчигтай мэдээлэлд иргэн А.Б гомдол ирүүлсэн байна. Гомдол гаргагч нь тус редакцыг дээрх мэдээг бэлтгэхдээ аливаа төрлийн гэмт хэрэг өдүүлэх сэдлийг төрүүлэхүйц үг, өгүүлбэр хэрэглэсэн, гэмт хэргийн үйлдлийг дэлгэрэнгүй мэдээлсэн нь бусдыг гэмт хэрэг үйлдэж болох юм байна гэдэг сэдлийг төрүүлэхүйц байсан гэж үзжээ.

Хороо дээр дурдсан мэдээг сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзээд уг мэдээлэлд цагдаагийн байгууллагын мэдээллийг дамжуулсан, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэрийг нарийвчилж дүрсэлсэн гэх зүйлгүй тул “Гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхээс зайлсхийнэ” гэснийг зөрчөөгүй хэмээн үзлээ.

 

“Зууны мэдээ” сонин ёс зүйн алдаа гаргалаа

“Зууны мэдээ” сонины 2021 оны тавдугаар сарын 4-ний өдрийн №89 (6566) дугаарт  “Д.Бямбасүрэн: Гахай үүрсэн хүн төрийн ажил хийдэггүйг манайхан ойлгодог боллоо” гэсэн гарчигтай ярилцлага нийтлэгджээ. Энэ ярилцлагад холбогдуулан иргэн Б.Э гомдол ирүүлж, тус редакц уг ярилцлагыг нийтлэхдээ аавынх нь ярьсныг гуйвуулж улстөржүүлсэн, Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших нь тодорхойгүй байсан үе буюу нэгдүгээр сард авсан ярилцлагаа яг одоо сонгуультай холбож нийтэлсэн, ярилцлага өгсөн хүний үзэл бодол, байр суурийг дур мэдэн өөрчилсөн, мөн уг ярилцлага нийтлэгдсэний дараа ярилцлага өгсөн хүн болох Д.Бямбасүрэн өөрийн биеэр редакц руу удаа дараа холбогдож, ярьсан зүйлийг нь өөрчилсөн байгааг хэлсэн байхад ямар нэг хариу үзүүлээгүй гэжээ.

Редакц энэхүү гомдолд хариу ирүүлж, зөрчил гаргаагүй гэдгээ илэрхийлсэн. Гомдлыг хэлэлцэхийн тулд ярилцлагын аудио бичлэгийг редакцаас авсан болно. Аудио бичлэгийг нийтлэгдсэн ярилцлагатай тулгаж үзсэний эцэст “Зууны мэдээ” сонин ёс зүйн зөрчил гаргасныг нотоллоо.

Сэтгүүлч эх сурвалжаас авсан ярилцлагаа цаг хугацааны хувьд хэзээ ч нийтэлж болно. Гэхдээ ярилцлага авснаас хойш ярилцлагад дурдагдаж байгаа нөхцөл байдал өөрчлөгдсөн бол ярилцагчаас эргэн тодруулах, эсвэл ярилцлага авсан цаг хугацааг дурдан, тэр үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнийг нэмэлт тайлбартайгаар нийтлэх нь ярилцагчийн байр суурийг зөв хүргэхээс гадна уншигчийг төөрөгдүүлэхгүй. Гэвч энэ тохиолдолд “Зууны мэдээ” сонин нь ямар нэг нэмэлт тайлбар хийгээгүй байна. “Зууны мэдээ” сонин болон zms.mn сайтад нийтлэгдсэн ярилцлагад “МАН-ын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших юм байна гэж ойлгосон. Тэр нь ч тодорхой болж намынх нь их, бага хурлууд болж дэмжсэн шийдвэр гаргалаа” хэмээсэн байгаа бөгөөд редакцаас ирүүлсэн аудио бичлэгийг сонсч үзэхэд “Тэр нь тодорхой болж намынх нь их, бага хурлууд болж дэмжсэн шийдвэр гаргалаа” гэсэн зүйлийг ярилцагч хэлээгүй. Мөн “АН-ын хувьд одоо Ерөнхийлөгчийн алба хашиж байгаа Х.Баттулга нь дөрвөн жил алба хашаад, зургаан жилээр дахин нэг удаа нэр дэвшин алба хашина гэвэл боломж бий л дээ. 1997 онд П.Очирбат Ерөнхийлөгчийг сонгуульд ороход 1992 оны Үндсэн хуулиар хоёр жил Ерөнхийлөгч байсан, 1993-1997 онд Ерөнхийлөгчөөр ажилласан ч гэсэн 1997 онд нэр дэвших эрхтэй гэж Үндсэн хуулийн Цэц шийдэж байсан. Тийм болохоор Х.Баттулга Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн Цэц нааштай шийдэх болов уу гэсэн бодолтой байна. Прецедэнт жишиг тогтчихжээ” гэж хэлснийг “Нөгөө талд АН-аас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дөрвөн жил алба хашаад зургаан жилээр нэг удаа алба хашина гэхэд боломж байсан. 1997 онд П.Очирбат Ерөнхийлөгчийг сонгуульд ороход 1992 оны Үндсэн хуулиар хоёр жил Ерөнхийлөгч байсан ч гэсэн 1993, 1994 онд дахиад нэр дэвших эрхтэй гэж Үндсэн хуулийн Цэц шийдэж байсан. Тиймээс Цэц тэгж шийдэх болов уу гэж хартал тэгсэнгүй” гэж байгаа тул Ёс зүйн зарчмын 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг зөрчсөн хэмээн үзлээ.

 

“Өдрийн сонин, “Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн ҮАБЗ-ийн талаарх нийтлэл ёс зүй зөрчөөгүй

“Өдрийн сонин” болон “Зууны мэдээ” сонин 2021 оны гуравдугаар сарын 9-ний өдөр “ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг “айлчлал” хийж, 20 сая доллар ачиж ирсэн үү” гэх гарчигтай эрэн сурвалжлах нийтлэл гаргажээ. Энэ нийтлэл ҮАБЗ-ийн үйл ажиллагааг мушгин гуйвуулсан, буруу ташаа ойлголтыг зориудаар олон нийтэд тараасан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон ажлын албыг хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэж нотлох баримтгүй, үндэслэлгүйгээр гүтгэн доромжилсон, хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж, албан томилолтоор ажилласан төрийн албан хаагчдын нэр төр, алдар хүндэд бүдүүлгээр халдаж гүтгэсэн, дээрх үйлдэл нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллагын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдлыг алдагдуулах, төрийн нэгдмэл бодлого, төрийн залгамж чанарыг тасалдуулахад чиглэсэн үйлдэл боллоо хэмээн ҮАБЗ-ийн Ажлын албанаас гомдол ирүүлсэн байна.

Сонины редакцууд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн тайлбаруудыг ирүүлсэн байна. Уг нийтлэлийг “Монголын өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлагч нэгдэл”-ээс бэлтгэж нийтлүүлсэнийг редакцууд дурдсан байна. “Мэдээлэл олж авах эрх, мэдээлэх үүргийнхээ дагуу ажилласан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад өөрсдийнхөө гаргасан үйлдлийг нялзаахыг оролдож байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Түүнчлэн гомдол гаргагч дээрх нийтлэлээр санаатайгаар гүтгэлэг доромжлол тарааж байгаа үйлдэл нь Үндсэн хуульт байгууллагын аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж үзэж байна. Нийтлэлд дурдсан үйл явдал огт болоогүй, зохиомол мэдээлэл түгээсэн гэдэг нь батлагдаж байгаа нөхцөлд ийнхүү хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгахыг хүлээн зөвшөөрч болох юм” гээд нийтлэлд дурдсан мэдээлэл үнэн гэдгийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх 2021 оны гуравдугаар сарын 9-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ нотолсон хэмээн редакцууд тайлбартаа онцолжээ.

Энэхүү гомдлыг Ёс зүйн хороо сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзээд сонины редакцууд ёс зүйн зөрчил гаргаагүй гэсэн дүгнэлтийг гаргалаа.

Гомдол гаргагч гомдлоо Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудыг эшлэн, Монгол улсын язгуур ашиг сонирхол, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд харшилсан зэрэг ноцтой, цар хүрээтэй асуудлуудад редакцуудыг буруутгасан. Гэхдээ ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-д ажлын айлчлал хийсэн гэдгийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нийтлэл хэвлэгдсэн өдөр сэтгүүлчдэд зориулан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн тул 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг зөрчөөгүй.

Дээрх нийтлэл нь эрэн сурвалжлах бүтээл бөгөөд энэ төрлийн бүтээлд иргэдийн мэдэх эрхийг хангаж байгаа бол эх сурвалжаа нууцлах нь сэтгүүл зүйн хамгийн том хариуцлага тул 1.2-т заасан “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ” гэснийг  зөрчөөгүй, дээрх нийтлэл гарсан өдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 9-нд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх хэвлэлийн бага хурал хийж, ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-д ажлын томилолтоор ажилласныг нотолсон.

 

 

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД