Хорооны шийдвэр

Paparazzi.mn сайт мэргэжлийн бус байлаа
Paparazzi.mn сайт мэргэжлийн бус байлаа

Paparazzi.mn сайт мэргэжлийн бус байлаа

     Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Сонин, сайт, сэтгүүлийн Ёс зүйн хорооны 2020 гуравдугаар улирлын ээлжит хурал есдүгээр сарын 10-ны өдөр болж, гурван гомдлыг шийдвэрлэлээ.

 

Paparazzi.mn сайт мэргэжлийн бус байлаа

 

     “Comedy Lаb” клуб мэдээллийн Paparazzi.mn сайтад хаяглан гомдол ирүүлжээ. Paparazzi.mn сайт нь 2020 оны долдугаар сарын 1-ний өдөр лайв хийн дамжуулсан мэдээндээ тухайн болсон үйл явдлын агуулгыг илт гуйвуулж, буруугаар ойлгогдох тайлбар хийсэн нь сэтгүүлчийн Ёс зүйн зарчмын 5-д заасан “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй” гэснийг зөрчсөн хэмээн гомдол ирүүлсэн юм.

     Тухайн өдөр буюу 2020 оны долдугаар сарын 1-ний өдөр “Comedy Lаb” клубын залуус нийслэлийн Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулжээ. Энэ нь COVID-19-тэй холбоотойгоор 2020 оны гуравдугаар сараас улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, зарим байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан нь бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг илэрхийлсэн эсэргүүцлийн жагсаал байжээ. Уг хязгаарлалтад орсон байгууллагуудын нэлээд нь баар, ресторан, цэнгээний газрууд бөгөөд эдгээр бизнесийн байгууллагыг нээх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.  

     Уг жагсаалыг paparazzi.mn сайтын сэтгүүлч сурвалжлан, лайв дамжуулалт хийхдээ “Comedy Lаb” клубын залуусыг “2-р сувгийн юм ярьдаг, архи дарс уухыг уриалдаг, архины үйлдвэрлэлийг дэмжиж, залуусыг архи ууж, шоронд ор гэдэг зүйлд уриалаад зогсож байна” гэсэн тайлбарыг хийсэн байна. 

     ХМЗ сайтын редакцад тайлбар ирүүлэх боломжийг олгосон ч хариу ирүүлэхээс татгалзсан ажээ.

     Хороо энэ гомдлыг хэлэлцээд гомдол үндэслэлтэй, тус сайтын сэтгүүлч лайв дамжуулалтын төгсгөлд болсон үйл явдлыг буруугаар мушгисан тайлбар хийсэн нь ёс зүйн алдаа мөн хэмээн дүгнэлээ. Мөн сэтгүүлч мэргэжлийн түвшин хангаагүй гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Улсын II эмнэлгийн гомдол үндэслэлтэй байлаа

 

     Улсын II эмнэлгийн зүгээс нэгэн сайтын мэдээлэлд гомдол ирүүлсэн байна. Тус сайт нь 2020 оны тавдугаар сарын 22-ны өдөр “Хатан эрдэнийн хамар дор юу болов?” гарчигтай нийтлэл гаргасан бөгөөд уг нийтлэлд дурдагдсан мэдээллүүд нэр хүндэд халдсан бөгөөд баталгаагүй мэдээлэл тараасан, хувь хүний эрүүл мэндийн нууцыг задруулсан байна гэж үзээд сэтгүүлчийн Ёс зүйн зарчмын хэд хэдэн заалт, тухайлбал, 1.1 /Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ/, 1.2 /Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдана/, 2.1 /Сэтгүүлч өөрийгөө танилцуулж, ил тодоор ажиллах энэхүү мэргэжлийн үндсэн зарчим болно/, 4.2 /Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй/, 5 /Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана/, 6.6 /Бие болон сэтгэл санааны эмгэг, эрүүл мэндийн тухай мэдээлэл нь хувийн нууцад хамаарах бөгөөд тухайн хүний болон асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхийг цээрлэнэ/ гэсэн заалтуудыг зөрчжээ гэсэн гомдол ирүүлсэн.

     Энэхүү мэдээлэлд хуулийн байгууллагад шалгагдаж байгаа Д.Сэргэлэнд шаардлагагүй хагалгаа хийн, хуулийн байгууллагаас нуугдах боломж олгосон учраас тус эмнэлгийн захирал С.Энхболдыг шалгах шаардлагатай, С.Энхболд нь зөвхөн энэ биш өөр хэд хэдэн алдаа гаргаж байсан, тухайлбал, ажилд авч байгаа хүнээс хахууль нэхдэг, КОВИД-19-ийн үед мөрдөгдөх халдвар, хамгааллын дэглэмийг сахиагүй алдаа гаргасан байхад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хариуцлага тооцоогүй гэсэн агуулгыг багтаажээ.

     Сайтын редакцын зүгээс ХМЗ-д тайлбар ирүүлсэн байна. Энэхүү мэдээллийг эх сурвалжтай бичсэн, баталгаатай эсэхийг нягталсан, сэтгүүлч эх сурвалжаа нууцлахыг хүссэн болохыг тайлбарлаад гомдол гаргагчийн шаардлагын дагуу уг мэдээллийг сайтаасаа устгасан гэжээ.

     Хороо гомдлыг хэлэлцэн үзээд дараах дүгнэлтийг гаргалаа. Үүнд, редакц эх сурвалжаа баталгаатай гэж байгаа боловч нийтлэлд өгүүлсэн зүйлсээ баримтаар нотлох шаардлагатай байсан гэж үзээд 1.1 заалтыг зөрчсөн гэж үзлээ. Харин бусад заалтыг зөрчөөгүй байна. Мөн редакц алдаагаа ухамсарлан мэдээллийг арилгасан тул сайтын нэрийг олон нийтэд зарлах шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүхийн шатанд яваа гомдлыг хэлэлцэхийг хойшлууллаа

 

     ХМЗ-д иргэн Д.Э-гээс Urug.mn сайтад 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр нийтлэгдсэн “800 Хятад иргэний асуудлаар хоёр Монгол хүнээс мэдүүлэг авлаа” гарчигтай нийтлэлд гомдол ирүүлсэн юм. Гомдол гаргагч иргэн Д.Э-г 800 Хятад иргэний асуудалтай холбоотой хэмээн urug.mn сайт нийтэлсэн нь үнэн бодит эсэхийг ХМЗ нягтлан шалгах боломжгүй юм. Иймээс тухайн хэрэгтэй холбоотой гэх нэр бүхий 15 хүний гэм буруугийн шүүх хуралдааны эцсийн шийдвэр гартал гомдлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 8-т Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална гэсэн заалтыг Urug.mn сайт мөрдөхөө илэрхийлсэн. 

 

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД