Хорооны шийдвэр

РЕДАКЦИУД МОБИКОМ КОРПОРАЦИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭХДЭЭ ЁС ЗҮЙГ БАРИМТАЛСАНГҮЙ
РЕДАКЦИУД МОБИКОМ КОРПОРАЦИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭХДЭЭ ЁС ЗҮЙГ БАРИМТАЛСАНГҮЙ

РЕДАКЦИУД МОБИКОМ КОРПОРАЦИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭХДЭЭ ЁС ЗҮЙГ БАРИМТАЛСАНГҮЙ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт, сэтгүүлийн /ССС/ Ёс зүйн хорооны 2019 оны гуравдугаар улирлын ээлжит хурал есдүгээр сарын 12-ны өдөр болж 32 гомдлыг хэлэлцлээ. Гэхдээ “Мобиком корпорац” ХХК 16 редакцид, “Рапид Архитектур Констракшн” ХХК 14 редакцид хаяглан гомдол ирүүлжээ.

 

НЭГ. Мобиком корпорацийн тухай мэдээлэл ёс зүйн зарчим зөрчсөн

Мобиком корпорацийн байрны түрээстэй холбоотой мэдээллүүд 2019 оны тавдугаар сарын 22-27-ны өдрийн хооронд олон нийтэд түгээгдсэн байна. Гол агуулга нь Мобиком корпорац түрээсийн төлбөрөө төлөөгүй, түрээсээ зуучлагч компаниар дамжуулан төлж байсан нь зориуд хэн нэгэнд давуу тал олгосон байж болзошгүй гэж үзэн тус корпорацийн удирдлагуудыг АТГ шалгаж эхэллээ гэсэн байжээ. Харин энэ мэдээллүүд бодит байдалд нийцэхгүй байна гэж Мобиком корпорац үзээд тус корпорацийн тухай мэдээлэл бэлтгэн цацсан хэвлэлийн редакциуд Ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.6, 1.8, 4.2 гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн гомдлыг нийт 16 редакцийн эсрэг ирүүлжээ.

Хороо хэлэлцээд Мобиком корпорацийн гомдол үндэслэлтэй байна гэж үзлээ. Редакциуд мэдээллээ үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулаагүй, эх сурвалжаа нягтлаагүй, таамаглал, ам дамжсан яриаг мэдээлсэн, буруутгагдсан талын байр суурийг гаргаагүй учраас Ёс зүйн зарчим зөрчигдлөө гэж үзсэн байна. Харин Ёс зүйн зарчмын 4.2 дугаар заалт буюу “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” гэсэн заалтыг редакциуд зөрчсөн гэсэн гомдол үндэслэлгүй юм.

Мобикомоос ирүүлсэн гомдолд гурван редакц, тухайлбал, arslan.mn, chuhal.mn, murch.mn сайтууд хариу тайлбар ирүүлж, зөрчлөө залруулсан гэдгээ мэдэгдсэн. Харин dardas.mn, ene.mn, fact.mn, grandnews.mn, medee.mn, shuud.mn, sodonnews.mn, Өдрийн сонин, Өнөөдөр сонины редакциуд Мобиком корпорацийн тухай нийтэлсэн мэдээлэл нь Ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.6, 1.8 дугаар заалтуудыг зөрчжээ.

 

ХОЁР. “Рапид Архитектур Констракшн” компанийн гомдол үндэслэлгүй

“Рапид Архитектур Констракшн” компанийн гомдол нь тус компанийн бариулж буй барилга дээр гарсан ослоос үүдэлтэй. Тус барилгад гарсан осолд өртсөн хохирогчийн ар гэрийнхэн 2019 оны зургадугаар сарын 11-ний өдөр хэвлэлийн бага хурал зарлаж “Рапид Архтектур Констракшн” компани хохирогчийн ар гэрийнхнийг дарамталж буй тухай мэдээлсэн юм. Энэ мэдээллийг дамжуулсан хэвлэлийн редакциудын эсрэг “Рапид Архитектур Констракшн” компани гомдол мэдүүлж, уг мэдээллийг нийтэлсэн редакциуд нь Ёс зүйн зарчмын 1.1 болон 1.8 дугаар заалтыг зөрчсөн гэсэн юм.

Хороо хэлэлцээд энэхүү мэдээллийг дамжуулсан редакциуд ёс зүйн зөрчил гаргаагүй гэж дүгнэлээ.

 

ГУРАВ. Eagle.mn буруугүй

MHI буюу Харвардын Эрдэм шинжилгээ, судалгааны албан ёсны нэгж нэртэй байгууллагаас eagle.mn сайтад 2019 оны зургадугаар сарын 19-ний өдөр нийтлэгдсэн “Харвардын өгсөн Д витамин халамж уу, туршилт уу” гэсэн гарчигтай мэдээлэл Ёс зүйн зарчмын 1.2, 1.3, 1.6, 1.9 дүгээр заалтуудыг зөрчсөн гэсэн.

Хороо хэлэлцээд гомдол үндэслэлгүй, eagle.mn сайтын мэдээлэл ёс зүйн алдаагүй гэж үзлээ.

 

ДӨРӨВ. Сирийн иргэний гомдлыг хойшлууллаа

Англи хэл дээр хэвлэгдэн гардаг “UB Post” сонины 2019 оны зургадугаар сарын 27-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн “The threat of radicalism under nose” гарчигтай нийтлэлд Сири улсын иргэнээс Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирүүлсэн.

Хороо энэ гомдлыг хэлэлцэхийг хойшлуулсан. Учир нь, энэ асуудлаар үүсгэсэн зарга шүүхийн шатанд явж байгаа юм.

 

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД