Европын Холбооны дэмжлэгтэйгээр Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, ХБНГУ-ын Дойче Велле Академийн хамтран хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн дуу хоолой: ИНБ-ууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтыг сайжруулахын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн “ИНБ-уудын эгэх хариуцлага, ил тод байдал, мэдээлэл харилцааны нөхцөл байдлын судалгааг” та бүхэнд хүргэж байна.
Тус судалгаа нь онолын хэсэг болох “Судалгааны үндэслэл, шаардлага”, *Өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох” судалгааны хэсгээс бүрдсэн ба дүгнэлт зөвлөмжийг тусгасан болно. Мөн тоон мэдээллийг компьютерын тусламжтайгаар болон биечлэн мэдээлэл цуглуулах аргуудыг ашиглан цуглуулсан бөгөөд мэдээлэл цуглуулалтад нийт 124 ИНБ-ын төлөөлөл оролцон судалгаанд хамрагдсан байна.
ҮСХ-ны өнгөрөгч онуудын тоон статистик мэдээллээр Монгол Улсад нийт 8000 орчим ИНБ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Бүртгэлтэй ИНБ-уудын тоо хэдий олон ч, тогтмол системтэй үйл ажиллагаа явуулдаг ИНБ нь харьцангуй цөөн. ИНБ-уудын 70 гаруй хувь нь нийслэл хотод, үлдсэн хувь нь орон нутагт бүртгэлтэй. Иймд тус судалгаанд байгуулагдсан цагаас хойш тогтвортой үйл ажиллагаа явуулсан огноо нь төрөл бүр байх ИНБ-уудыг оролцуулахыг зорьсон төдийгүй Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй болон орон нутгийн ИНБ-уудыг тэгш тоогоор хамрууллаа.
Судалгааны дүнгээс харахад ИНБ-уудын дийлэнх нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулахын сацуугаар үйл ажиллагааныхаа ач холбогдлыг олон нийтэд түгээн таниулах, иргэд олон нийтэд ил тод мэдээлэл түгээх нь дутмаг байна. Түүнчлэн, зорилтот бүлэгт байгууллагын үйл ажиллагааны тухай сүүлийн үеийн мэдээллийг хүргэх зорилтот бүлгийг мэдлэгжүүлэх, чадавхжуулах мэдээллийг түгээх төдийхнөөр мэдээлэл харилцааг хэрэглэж байгаа нь чамламаар дүнг харуулж байна. Ингэхдээ ихэнх нь буюу судалгаанд оролцсон ИНБ-уудын 95 хувь нь мэдээлэл түгээх сувгуудаас “Фэйсбүүк”-ийг түлхүү ашигладаг гэж хариулсан нь мэдээлэл харилцааны сувгуудыг бүрэн дүүрэн ашиглахгүй байгаа нь харагдана. Харин орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд “Ихэвчлэн утсаар болон биечлэн уулздаг”, “Өөрөө биечлэн болон утсаар мэдээлэл өгдөг” мөн “Орон нутгийн телевизэд ханддаг” зэргээр уламжлалт сувгуудыг түлхүү ашиглаж байна.
ИНБ-ууд өөр бусад ИНБ-тай бүрэн хамтарч ажиллах боломжтой байгаа ч, энэ талаар дорвитой алхам, нэгдсэн систем байдаггүй гэж тодотгожээ. ИНБ-ууд төр болон бусад ИНБ-тай харилцахад нэн тэргүүнд авах арга хэмжээний талаар ИНБ-уудын чиг үүрэг, зорилтот бүлгээс хамааран харилцан адилгүй саналтай байгааг судалгааны харж болох юм. Энэ талаар ИНБ-ууд өөрсдийгөө тухайлбал, “Хөгжлийн бодлогоо зөв тодорхойлох шаардлагатай байна. Төртэй хамтрах болон төрөөс ангид байх, бусад ИНБ-тай хамтрах болон ангид байх мэргэжлийн чиглэлүүдийг тодорхойлж, урт хугацаанд хамтарч төлөвлөх нь хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээг тодорхойлоход чухал ач холбогдолтой” гэж дүгнэжээ.
Байгууллагынхаа үйл ажиллагааг ил тод байршуулж, эгэх хариуцлагыг нэмэгдүүлэхэд, ИНБ-ууд “Хэрхэн мэдээллээ ил тод болгох тухай зааварчилгаа”, “Ил тод байршуулах платформ” маш их хэрэгтэй гэж 60-аас дээш хувь нь хариулав. Мөн ярилцлагын судалгаанд оролцогчид “ИНБ-ын үйл ажиллагаа нь зорилтот бүлэгт хэрхэн хүрсэн зэргээр үйл ажиллагааны чанар, тогтвортой байдлыг үнэлэхэд мэдээллээ ил тод байршуулах нь чухал ач холбогдолтой. Үүнтэй зэрэгцэн өнөөгийн хууль тогтоомжид тусгагдсан ИНБ-ын тайлангийн төрөл, шалгуур, болзлууд өөр хоорондоо зөрүүтэй, төвөгтэй байгааг эдгээр платформоор харуулах хэрэгтэй. Үйл ажиллагаагаа ил тод байрлуулаагүй ИНБ-ууд, үйл ажиллагаа нь идэвхгүй ИНБ-уудыг платформоор дүгнэж, шүүмжлэлтэй хандаж болох юм гэж хариулжээ. Иймд үйл ажиллагааг ил тод байршуулах платформ хэрэгтэй байхын сацуугаар ямар төрлийн мэдээллийг хэрхэн зөвөөр ил тод байрлуулах сургалт хэрэгцээтэй байна” гэж хариуллаа.
Өмнөх судалгааны дүнгүүдтэй харьцуулахад өмнө тулгарч байсан бэрхшээлүүд өнөөдөр ч зарим талаар шийдвэрлэгдээгүй хэвээрээ байгаа нь тус судалгаанаас харагдах юм. Түүнчлэн, зөвлөмж хэсэгт, ИНБ-уудын цаашдын хөгжлийг тодорхойлон, үйл ажиллагааг өргөжүүлэхэд олон төрлийн боломж харагдах ба тэдгээр гарц гаргалгааг 4 хэсгээр багцлан оруулсан байна.
Та судалгааг бүрэн эхээр нь энд дарж хүлээн авна уу.