Дүрэм журам

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүдийн ёс зүйн дүрэм

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүдийн ёс зүйн дүрэм

ХМЗ НҮТББ-н Удирдах Зөвлөлийн 2015 оны зургаадугаар сарын

24-ний өдрийн 05 тоот тогтоолоор батлав 

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН

ГИШҮҮДИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1 Энэхүү ёс зүйн дүрэм нь Ёс зүйн хороодын /цаашид Хороо гэх/ гишүүдийн ёс зүй, зан үйлийг тогтоон хэвшүүлэх, дагаж мөрдөх, бие даасан, хараат бус, шударга Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийг /цаашид Зөвлөл гэх/төлөвшүүлэх бэхжүүлэх, хамгаалахад чиглэгдэнэ.  

1.2 Хорооны гишүүд энэхүү ёс зүйн дүрмийг дагаж мөрдөж, Зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм, журмыг сахих, нэр хүндийг хамгаалах үүрэгтэй.

Хоёр. Ёс зүйн зарчим

2.1 Хорооны гишүүд нь ёс зүйн дараах зарчмыг баримталж ажиллана. Үүнд:

2.1.1 Мэргэжлийн ур чадвартай байх

2.1.2 Шударга байх

2.1.3 Хариуцлагатай байх

Гурав. Ёс зүйн хэм хэмжээ

3.1 Энэхүү дүрмийн 2.1.1-р зүйлд заасан ёс зүйн зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд:

3.1.1 Хэвлэл мэдээллийн мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүй зарчмыг сайтар судалж мэдсэн байх, энэ чиглэлээр өөрийн мэдлэг, чадвар, туршлагаа байнга хөгжүүлнэ.

3.1.2 Гишүүний үүргийг гүйцэтгэхдээ үр дүнтэй, бүтээлч хандах, гүйцэтгэлийн өндөр түвшинг хангахад өөрөөс шалтгаалах бүхнийг хийхийг ямагт эрмэлзэнэ.

3.1.3 Өөрийн зүгээс гомдлыг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг өөрийн үйл ажиллагаа, үг яриагаар төрүүлж чадахуйц мэдлэг, харьцааны соёлыг эзэмшсэн байхыг ямагт хичээнэ.

3.1.4 Тухайн асуудлыг мэргэжлийн өндөр түвшинд судалж, үндэслэлтэй, үнэн зөв мэдээллийг бусад гишүүдтэй хуваалцах, бусдын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан саналаа хэлэх, болзошгүй үр дагавар, эрсдэл, сөрөг талыг ч урьдчилан анхааруулж байна.

3.2 Энэхүү дүрмийн 2.1.2-р зүйлд заасан ёс зүйн зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд:

3.2.1 Хорооны гишүүний үүргээ үнэнч, шударгаар гүйцэтгэх ба бусдын нөлөөнд автахгүй байж, ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзана.

3.2.2 Хорооны гишүүний үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа аливаа  этгээдтэй үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, тэдэнд давуу байдал олгох зэргээр аливаа ашиг сонирхлыг зөрчил гаргахгүй, ялгаварлан гадуурхах байдал гаргахгүй.

3.2.3 Зөвлөлийн эрх ашгийг ямагт хувийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж, Зөвлөлийн зорилтод харшлах үйл ажиллагааг явуулахгүй.

3.2.4 Аливаа асуудлыг шийдвэрлэхэд байнга зөвийг эрхэмлэн дээдлэнэ.

3.2.5 Бусад гишүүдийн үйл ажиллагаанд нөлөөлөх, нөлөөлөхийг оролдох, Зөвлөлийн зорилго, чиг үүрэгт нийцэхгүй үйлдэл хийхийг хүсэх, шаардах, хавчин гадуурхах байдал гаргахгүй.

3.3 Энэхүү дүрмийн 2.1.3-р зүйлд заасан ёс зүйн зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд:

3.3.1 Зөвлөлийн зорилго, ач холбогдлыг ойлгож, дэмждэг байх, сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаанд нь идэвхи, санаачлагатай оролцдог, оролцох хүсэл эрмэлзэлтэй байна.

3.3.2 Зөвлөлийн бодлого, дүрэм, журмыг даган сахих, гомдол хэлэлцэх үйл ажиллагааг нь хэвийн явуулах үүргээ ухамсарлан өөрийн үүргээ үнэнч, шударга, цаг алдахгүй, үр дүнтэйгээр гүйцэтгэх ба ХМЗ-ийн зорилтод харшлах үйл ажиллагааг явуулахгүй.

3.3.3 Хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гишүүдийн санаа бодол, хэлсэн үгс, мэтгэлцээн гэх мэт гомдол хэлэлцэх үйл явцтай холбоотой мэдээллийн нууцын чанд хадгалж, аливаа хэлбэрээр бусдад тараахгүй.

3.3.4 Өөр бодол саналтай байсан ч хорооноос гаргасан олонхийн шийдвэрийг хүндэтгэж, гаргасан шийдвэрийн талаар өөрийн үзэл бодлыг бусдад дэлгэхгүй, элдэв яриа, хов жив, хэрүүл маргаан үүсгэхгүй.

3.3.5 Хорооны бусад гишүүдэд нээлттэй, хүндэтгэлтэй хандаж, харилцан ойлголцож, байнга зөвлөлдөж, эв нэгдлийг эрхэмлэн Зөвлөлийн төлөвшил, тогтвортой хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулна.

3.3.6 Үүргээ гүйцэтгэх явцад олж авсан мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, тэдгээр аливаа мэдээлэл буюу материалыг цаашид хувийн ашиг сонирхолын үүднээс ашиглахгүй.

3.3.7 Олон нийтийн эрх ашиг болон хариуцлагатай сэтгүүл зүйн үзэл баримтлал, итгэл үнэмшлийг тэргүүнд тавьж, өөрийн үүргийг гүйцэтгэхдээ улс төр, бизнесийн бүлэглэл, аль нэг хэвлэл мэдээллийн байгууллагаас аливаа хамааралгүй байна.

3.3.8 Үйл хөдлөл, зан байдал нь олон нийтийн болон хэвлэл мэдээллийн салбарын ХМЗ-д итгэх итгэлийг бататган бэхжүүлэх, нэр хүндийг өргөхөд чиглэгдэнэ.

3.3.9 ХМЗ-ийн нэрийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглахгүй.

3.3.10 Үүргээ зүй ёсоор гүйцэтгэхэд харшлах, Зөвлөлийн нэр хүндийг унагах шинжтэй аливаа үйл ажиллагаанд оролцохгүй, аливаа байр суурь, үүрэг хүлээж авахгүй.

3.3.11 Хорооны үйл ажиллагаа, гаргасан шийдвэртэй холбогдуулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тайлбар хийх тохиолдолд гишүүний хэлэх үг, нийтлүүлэх материал нь Зөвлөлийн нэр хүнд, хараат бус, бие даасан байдалтай харшилсан байж болохгүй.

3.3.12 Зөвлөлийн бодлого, үйл ажиллагааг улс төрийн үзэл бодлын үүднээс сөрөгөөр тайлбарласан, Зөвлөлийн нэр төрд үндэслэлгүйгээр халдах, өөрийн үзэл бодол, таамаглалаа хорооны шийдвэр, байр суурь хэмээсэн мэдээлэл тараахгүй.

3.3.13 Нийгэм, соёлын арга хэмжээнд оролцохдоо уг үйл ажиллагаа, арга хэмжээ нь Зөвлөлийн нэр хүндэд харшлахаар бол түүнд оролцохоос татгалзана. 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД