“Иргэний нийгмийн байгууллагын санхүүгийн орчин, тэдгээрийн зохицуулалт ба дэмжлэг” зөвлөлдөх уулзалт боллоо

“Иргэний нийгмийн байгууллагын санхүүгийн орчин,  тэдгээрийн зохицуулалт ба дэмжлэг”  зөвлөлдөх уулзалт боллоо

2025 оны 6-р сарын 25-нд Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс ИНБ-уудын өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрийг дэмжих эрх зүйн зохицуулалт, санхүүгийн орчны талаар иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн, төрийн байгууллагыг хамарсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн Газар 2021 оны 11-р сарын 24-ний өдөр УИХ-д Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Холбооны эрх зүйн байдлын тухай шинэчилсэн хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулийн төслүүд нь 1997 онд батлагдан одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Төрийн бус байгууллагын тухай хуулийн хэрэгжилт, тулгарч буй бэрхшээлтэй асуудал, түүний цар хүрээг тодорхойлон Монгол Улсад Төрийн бус байгууллагуудын (ТББ) үүсгэн байгуулалт, үйл ажиллагааг зохицуулах зорилго бүхий юм. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан ТББ-ууд, тэдгээрийн эвсэл, консорциум, ашгийн төлөө бус олон улсын байгууллага зэргээс эвлэлдэн нэгдэх эрх чөлөөтэй холбоотой зохицуулалтын хязгаарлалт, зүйл заалтын тодорхой бус байдлыг удаа дараа илэрхийлсэн байдаг.

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 4 дүгээр сарын 10-ний өдөр ИНБ, төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн 20 гаруй төлөөллийг хамруулсан “Иргэний Орон Зай ба Бодлого Боловсруулалт” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан билээ. Зөвлөлдөх уулзалтын дараа ИНБ-ын хууль эрх зүйн орчны талаар судалгаа хийх хоёр багийг сонгон шалгаруулсан ба багууд судалгааны ажлынхаа бэлтгэлийг хангаж байна.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт нь Иргэний нийгмийн байгууллагын санхүүгийн орчин, тэдгээрийн дэмжлэг, зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэхтэй холбогдуулан оролцогч талуудын мэдлэг, ойлголтыг нэгтгэхийн сацуугаар ИНБ болон хэвлэл мэдээллийн байгууллагын цаашдын үүрэг оролцоог тодорхойлоход чиглэгдэж буйгаараа онцлог юм.

Зөвлөлдөх уулзалтад Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн М.Болормаа, Ардчиллын боловсрол төвийн Гүйцэтгэх Захирал Г. Ундрал нар илтгэл хэлэлцүүлэн тулгамдсан асуудал болон олон улсын туршлага зэрэг иргэний нийгмийн тухай бодлого боловсруулалтын талаар зөвлөлдлөө.

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс ХБНГУ-ын Дойче Велле Академи (DWA)-тай хамтран Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийг 2023-2026 онд хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын ил тод, бие даасан байдлыг дэмжиж, иргэний нийгмийн үйл ажиллагааны талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх замаар сайн засаглал, нийгмийн эв нэгдэлд хувь нэмрээ оруулах үндсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Төслийн хоёрдугаар үе шат нь иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, залуучууд зэрэг нийгмийн олон талт бусад бүлгүүдийг төрийн бодлогын хэлэлцүүлэгт татан оролцуулах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж буй юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.