Төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн гурвалсан түншлэлийн хэлэлцүүлэг Өвөрхангайд боллоо

Төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн гурвалсан түншлэлийн хэлэлцүүлэг Өвөрхангайд боллоо

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан “Төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол” сэдвээр гурван талын оролцоотой хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Хэлэлцүүлэг нь оролцогч талуудын мэдээлэл солилцоо, ойлголцол, хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон, иргэний нийгэм ба сэтгүүл зүйн оролцооны тухай бодит туршлага, сорилтыг ярилцах талбар болов.

Хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн ИТХ, ЗДТГ, иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ), хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 25 хүн оролцож, орон нутагт тулгамдаж буй олон нийтийн мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдал, иргэдийн оролцоо, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх гарцын талаар хэлэлцлээ. Мөн хэвлэл мэдээлэл ба ИНБ-уудын нийгэмд гүйцэтгэх үүргийг онцолж, талуудын хамтын ажиллагааны боломж, тулгамдсан асуудлыг хөндсөн юм.

Хэлэлцүүлгийн дараа зохион байгуулагчид “Бүтээлч гар” ТББ-ын үйл ажиллагаатай танилцаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээрх туршлага, төрийн болон ИНБ-уудын хамтын ажиллагааны үр нөлөө, боломжийн талаар санал солилцов. 

Тус ТББ-ын тэргүүн А.Цэцэгмаа “Бид аймгийн хэмжээнд тэргэнцэртэй иргэдийн эрхийг хамгаалах, мэдээллээр хангах чиглэлд идэвхтэй ажиллаж ирсэн. ЗДТГ-ын дэргэдэх салбар зөвлөлд манай төлөөлөл багтсанаар хүртээмжтэй байдлын үнэлгээг тогтмол хийж налуу замын чанар, хүртээмжийг сайжруулахад онцгойлон анхаарч мэдэгдэхүйц үр дүн гаргаж байна. Улмаар шинээр баригдаж буй барилга, байгууламжийг хүлээн авах комисст орж ажилладаг болсон. Төр ба иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа энэ мэтчилэн сайжирч буй боловч цаашид хийх хэрэгжүүлэх зүйл олон бий” хэмээн ярьлаа.

Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын 10 гаруй сэтгүүлч оролцсон салбар уулзалтаар сэтгүүл зүйн өнөөгийн чиг хандлага, төрийн байгууллагуудтай харилцахад тулгарч буй хүндрэл, салбарын ёс зүйн зохицуулалт, ИНБ-уудтай хамтрах боломжийн талаар нээлттэй ярилцаж, сургамж, шийдлийн талаар хэлэлцсэн юм.

Энэхүү хэлэлцүүлгийг Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн зөвлөл, ХБНГУ-ын Дойче Веллэ агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн дуу хоолой” төслийн хүрээнд зохион байгууллаа. Тус төсөл нь иргэний нийгмийн байгууллагуудын эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтыг сайжруулах зорилготойгоор хэрэгжиж буй юм. Дараагийн хэлэлцүүлгийг Дорноговь аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.