Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл “Хөгжлийн төлөөх эгэх хариуцлага: иргэний нийгмийн санаачилга” зарчмуудаа олон нийтэд танилцуулж байна. Энэхүү баримт бичиг нь нийт 9 зарчимтай ба иргэний нийгмийн байгууллагуудын хариуцлагатай, ил тод, үр нөлөөтэй үйл ажиллагааг улам бататгахад чиглэж буй.
Иргэний нийгмийн өдөр (1-р сарын 31)-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Өөрчлөлтийн дуу хоолой” иргэний нийгмийн форумын үеэр энэхүү эгэх хариуцлагын 9 зарчмыг форумд оролцогчид нэг бүрчлэн хэлэлцэж, санал бодлоо солилцсон юм. Түүнчлэн иргэний нийгмийн 18 байгууллага энэхүү санаачилгын баримт бичгийг сайн дураар хүлээн зөвшөөрч, цаашид хамтран хэлэлцэж, засан сайжруулж, хөгжүүлэн баталгаажуулж, түгээн дэлгэрүүлэхэд түншлэн ажиллахаа илэрхийлсэн.
Хүчирхэг иргэний нийгэм тогтвортой, хүртээмжтэй ардчилсан тогтолцоо бэхжих үндэс суурийг бүрдүүлдэг. Иймд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх, ил тод, эгэх хариуцлага бүхий иргэний нийгмийн байгууллагуудын хөгжил дэвшилд энэхүү зарчим “жанжин шугам” болно гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү баримт бичигтэй танилцаж, нэгдэхэд ИНБ-уудад нээлттэй. Баримт бичигтэй танилцах, дэлгэрэнгүй мэдээлэл авах бол манай пэйжийн чатаар бидэнтэй холбоо барина уу.
‘Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь’ төслийг Европын Холбооны дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн зөвлөл, Дойче Велле Академи хамтран хэрэгжүүлж байна.