Хэвлэл мэдээллийн зөвлөл нь Европын Холбооны санхүүжилтээр, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд сэтгүүлчид болон сэтгүүл зүйгээр суралцаж буй оюутнуудад зориулсан “Бизнес дэх хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлье” сургалтыг цувралаар зохион байгуулж буй билээ.
Энэ хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, уран бүтээлчдэд зориулсан сургалтыг 2025.06.28-ны өдөр Дорноговь аймагт хийлээ. Сургалтад тус аймагт ажиллаж буй сэтгүүлч, уран бүтээлчдийн төлөөлөл болох есөн хүн оролцсон. Энэ удаагийн сургалтаар бизнес дэх хүний эрх болон байгаль орчны асуудлыг ойлгох, хэвшмэл хандлагаа өөрчлөх, бизнесийн үйл ажиллагаан дахь хүний эрхийн асуудлыг хэрхэн мэдрэмжтэй мэдээлэх талаар мэдлэгийг олгохыг зорьсон. Сургалтад оролцогчид сэдвийн болон агуулгын ач холбогдлыг өндрөөр үнэлэхийн сацуу “Үнэн бодит, баталгаатай мэдээлэл иргэдийн амьдралд онцгой чухал болохыг мөн асуудлыг өөр өнцгөөс харах, наадах биш цаад талын үнэн бодит зүйлийг олж харах, аливаа зүйл харагддаг шигээ байдаггүй тул үргэлж арыг нь харж эргэцүүлж байх нь сэтгүүлчдэд нэн чухал” гэдгийг илүүтэй ойлгож ухамсарлаж авлаа хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Мөн энэ үеэр Дорноговь аймгийн DTV телевизийн сэтгүүлчидтэйй уулзаж, хэвлэл мэдээллийн ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллага болон Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаа, цаашдын бодлого болон ёс зүйтэй, чанартай бүтээл бэлтгэж олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.