Бид гажуудсан ардчиллын замаас гарч, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхийн тулд улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд, залуучууд, цөөнхийн төлөөллийг багтаах нь зүйн хэрэг. Сүүлийн жилүүдэд хууль эрх зүйн шинэчлэл хийсэн боловч тойргийн тогтолцоо олонд танигдаагүй, шинэ нэр дэвшигчид сонгогдох боломжийг хаах эрсдэл өндөр байна. Үүний зэрэгцээ, сонгуулийн үед хэвлэл мэдээлэл, нийгмийн мэдээллийн сүлжээгээр эмэгтэй улстөрчдийг хүйсээр илт ялгаварлаж гутаан доромжлох, нийгэмд тогтсон хэвшмэл хэллэгүүдийг улам дэвэргэх байдлаар үзэн ядах, буруутгах байдал илүүтэй ажиглагддаг. Жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, цензуртэй тэмцэж, эмэгтэй улстөрчдөд хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд үзэл бодол, байр сууриа илэрхийлэх гарааны тэгш боломж олгох нь нэн чухал юм.
Иймд, хүн бүрд ээлтэй хэвлэл мэдээлэл, мэдээллийн орчинг бүрдүүлэхийн тулд “Ёс зүйтэй илэрхийлье” уриан дор сэтгүүлчид, нийгмийн нөлөөлөгчид, улс төрч эмэгтэйчүүд, иргэний нийгмийн төлөөллийнхөн нэгдсэн энэхүү симпозиумаас дараах уриалгыг дэвшүүлж байна.
Нэг. Мэдлэгтэй иргэд хүчтэйн нэгэн адил улс төрийн болон мэдээллийн суурь боловсролтой, хүний эрхийн ба жендэрийн мэдрэмжтэй иргэдийг нийгмийн бүхий л шатандаа бэлтгэж, оролцогч талууд (төр, нам, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл) үйл ажиллагаагаа чиглүүлж үр нөлөө үзүүлье.
Урт хугацаанд:
- Хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролтой иргэдийг бэлтгэж төлөвшүүлэхийг бүхий л шатны боловсролын системд нэвтрүүлэхийг судалъя, шаардъя, оролцъё.
- Институцын хэмжээнд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд сонгогчдын боловсролыг дэмжих чиглэлээр манлайлан ажиллая.
- Олон нийтийн зүгээс шударга, бие даасан хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудаа санхүүжилтээр дэмждэг тогтолцоог бүрдүүлье.
Богино хугацаанд:
- Хувь иргэн бүр гэр бүл, найз нөхөд, хамт олон буюу өөрийн ойрын хүрээлэлдээ цахим орчинд үг хэлэх, үзэл бодлоо “Ёс зүйтэй илэрхийлдэг” байхад нөлөөлье, дэмжье.
- Сонгогчдын боловсрол, хэвлэл мэдээллийн боловсролыг дэмжих төсөл, хөтөлбөр санаачилж хамтдаа хэрэгжүүлье.
- Хэвлэл мэдээллийнхэн сонгогчийн боловсрол, мэдээллийн боловсрол олгох чиглэлийн контент бэлтгэж, кампанит ажил өрнүүлье.
Хоёр. Ёс зүйтэй, хүний эрх ба жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэн хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын тогтолцоог улам бэхжүүлье.
Урт хугацаанд:
- Нэр төр нь гутаагдсан, эрх нь зөрчигдсөн иргэний гомдлыг хуулийн зохицуулалтаар биш, сэтгүүл зүйн өөрийн зохицуулалтын байгууллагаар дамжуулан шийдвэрлэдэг эрх зүйн таатай орчин бүрдүүлье.
- Ёс зүйтэй, хариуцлагатай хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд бие даасан, хараат бус санхүүжилт, эрүүл өрсөлдөөнт экосистемийг бий болгоё.
Богино хугацаанд:
- Сэтгүүлч, редакцууд ялангуяа сонгуулийн үеэр мэдрэмжтэй бөгөөд ёс зүйтэй мэдээллээрээ нийгэмдээ үлгэрлэн манлайлъя.
- Хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгуулийг ёс зүйтэй мэдээлж сурвалжлах тухай редакцын бодлогодоо тусгаж үйл ажиллагаандаа мөрдлөг болгоё.
- Редакцууд, сэтгүүлчид бие биедээ хяналт тавьдаг, сэтгүүл зүйн шүүмжийг хөгжүүлье, үүнийг хөгжүүлэх тэтгэлэг бий болгоё.
Гурав. Цахим орчинд эмэгтэйчүүд, нийгмийн цөөнхийн эсрэг доромжлол, үзэн ядах үг хэллэг гаарч, энэ бүхэнд иргэдийн мэдээлэлд шүүлтүүртэй хандах мэдлэг, чадвар дутагдаж буй энэ цаг үед хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролыг дээшлүүлэхэд оролцогч талууд онцгой анхаарч ажиллая.
Урт хугацаанд:
- Нийгмийн мэдээллийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах талаар эрх зүйн шинэчлэл хийхдээ олон улсын сайн туршлагыг сайтар судалж, гүтгэлэг, доромжлол, худал мэдээллийн зохицуулалт нь эрх мэдэл бүхий албан тушаалтнууд сэтгүүлчид, хүний эрхийн хамгаалагч идэвхтэнүүдийн үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөт шүүмжлэл өрнүүлэх эрх чөлөөнд саад учруулах аливаа хэлбэрийн оролдлого, санаачилгаас ангид байя.
- Иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл цахим орчин хүний эрхийг хамгаалах, цахим орчинд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалан бэхжүүлэхэд манлайлан ажиллая.
Богино хугацаанд:
- Хүн бүр цахим орчинд жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, үзэн ядах үг хэллэгийг тэвчдэггүй, репорт хийдэг байя.
- Хэн нэгэн жендэрт суурилсан цахим дайралтад өртвөл хараад өнгөрөөдөггүй, хамтраад кампанит ажил өрнүүлж тэмцдэг байя.
- Цахим орчинд ёс зүйтэй байж соёлтой оролцоход сэтгүүлчид, нөлөөлөгчид үлгэрлэн манлайлж түгээлтийг сааруулах, арилгахад хувь нэмрээ оруулъя.
- Цахим орчинд үг хэлэх, үзэл бодлоо ёс зүйтэй илэрхийлэхэд бүх нийтээрээ суралцъя.
Дөрөв. Эмэгтэй улстөрчдөд хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд танигдах гарааны тэгш боломж бүрдүүлэхэд улс төрийн намууд манлайлал үзүүлье.
Урт хугацаанд:
- Улс төрийн намууд эмэгтэй улстөрчдийг хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ур чадварыг хөгжүүлэн бэхжүүлэхэд дэмждэг тогтолцоог бүрдүүлье.
- Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, төлөөллийг сайжруулахад шийдвэр гаргах түвшний эрэгтэйчүүдийн манлайллыг бий болгоё.
- Эмэгтэй улстөрчид цахим дайралтыг хүлцэн тэвчиж бууж өгдөг бус ирээдүй хойчдоо тэгш боломж олгох замын талаа х амтран тэмцдэг байя.
Богино хугацаанд:
- Цахим орчинд ёс зүйтэй байж соёлтой оролцоход нийтийн албаны болон улс төрийн хүрээний бүхий л оролцогчид иргэд, сонгогчиддоо үлгэрлэн манлайлъя.
- Нэр төр, эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд хуулийн бус өөрийн зохицуулалтын механизмыг ашиглаж ёс зүйтэй мэдээ, мэдээллийг бүтээхэд хувь нэмэр оруулъя.
Улаанбаатар
2024.03.28