“Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” симпозиум боллоо

“Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” симпозиум боллоо

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг гуравдугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

 

Тус симпозиум нь улс төр, хэвлэл мэдээлэл, нийгмийн мэдээллийн сүлжээний манлайлагч, нөлөөлөгчид хамтран цахим орчин дахь жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтыг сөрж, хүн бүрд ээлтэй хэвлэл мэдээллийн орчин бий болгох санаачилга, уриалга гаргаж цаашид бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллах зорилготой юм.

 

 

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа симпозиумыг нээж хэлсэн үгэндээ “Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн үеэр, ялангуяа сонгуулийн сурталчилгааны хугацаанд иргэдийг бодитой, баримттай, олон ургалч, тэнцвэртэй, нягталж шалгасан мэдээллээр хангаж, тэдэнд мэдээлэлтэй сонголт хийх боломж олгосноороо ардчилалд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Тиймээс ч Монголын сэтгүүлчдийн дагаж мөрдөх мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ болох Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын хэрэгжилт сонгуулийн үед жирийн үеэс ч өндөрт тавигддаг. ХМЗ-ийн гишүүд, “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн гишүүд, дэмжигчид бол бусдыгаа манлайлан ажиллана гэдэгт бид итгэлтэй байна.

 

Нөгөө талд, сонгуулийн үеэр үзэн ядах, ялгаварлан гадуурхах, худал ташаа мэдээлэл гаардаг нь нууц биш. Удахгүй болох Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн үед хэвлэл мэдээлэл, цахим талбарт хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангахын сацуу бусдын нэр төрийг гутаан доромжлохгүй, ялгаварлан гадуурхалт, үзэн ядалтаас ангид мэдээллийн орчин бүрдүүлэхэд хэвлэл мэдээлэл, улс төр, нийгмийн мэдээллийн сүлжээний манлайлагч, нөлөөлөгчид дуу хоолойгоо нэгтгэх нь нэн чухал байна.” гэдгийг онцлон тэмдэглэв. 

 

 

Харин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримталснаар ялгаварлан гадуурхалтаас холдож эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх боломж үүснэ” гэдгийг чухалчлан хэлсэн юм.

 

Тус симпозиумд Жендэр ба Медиа судлаач Д.Мөнхчимэг “Үг хэлэх эрх чөлөө жендэрийн тэгш бус байдлыг арилгах нь”, МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа “Хуурамч мэдээлэл ба эмэгтэй улс төрчид” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа. 

 

 

Тухайлбал, Жендэр ба Медиа судлаач Д.Мөнхчимэг “Үг хэлэх эрх чөлөө: Жендэрийн тэгш бус байдлыг арилгах нь” илтгэлийнхээ үеэр Монгол Улсын хувьд 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр улс төрийн мэдээллийн арван эх сурвалж тутмын нэгийг л эмэгтэйчүүд бүрдүүлж байсан. Мөн тэдний улс төрийн байр суурь, үзэл бодлоос илүүтэй гадаад төрх, хувийн амьдрал, хүйсийг онцолж, тодорхойлох тохиолдол элбэг байдгийг тэмдэглэлээ. Үүнийг зарим судлаач жендэрт суурилсан цензур хэмээн тодорхойлж байгаа ажээ. “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө алдагдвал бусад бүх эрх чөлөө унана гэдэг. Харин хэний үгийг олон нийтэд хүргэх вэ гэдэг торгон сонголтыг сэтгүүлч хийдэг. Тиймээс л хэвлэл мэдээлэл хүчтэй байгаа юм” хэмээн тэрбээр тайлбарлав.

 

Түүнчлэн, BBC-ийн Олон Улсын уран бүтээлийн зөвлөх Радхарани Митра “Өөрийн түүхээ өгүүлж давших нь” сэдвээр өөрийнхөө тухай ярьснаар цахим дайралтыг сөрж зогсох арга зүйг заасан юм.

 

 

Мөн үеэр “Цахим хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдвийн дор Хэвлэл мэдээлэл, улс төр, иргэний нийгмийн салбарын төлөөллүүд харилцан санал солилцож, “Хүн бүрд ээлтэй хэвлэл мэдээллийн орчин хэрхэн бүрдүүлэх вэ?” сэдвээр ширээний хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлгийн үр дүнд цахим орчинд эрх тэгш байдлыг бүрдүүлэхэд талуудын идэвх оролцоо, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, нэгдмэл чанар чухал байгааг онцолсон юм.

 

 

 

Үргэлжлүүлэн, “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн виртуал редакцын редактор Б.Нямзул “Эмэгтэйчүүд ба цахим орчны ээлтэй байдал” сэдвээр бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн бүтээлийг танилцууллаа. Симпозиумын үеэр, эдгээр сэтгүүл зүйн бүтээлээр үзэсгэлэнг гаргаж, олны хүртээл болголоо. 

 

 

 

Энэхүү симпозиумд улс төр, хэвлэл мэдээлэл, нийгмийн мэдээллийн сүлжээний манлайлагч, нөлөөлөгчдийн 70 гаруй төлөөлөл оролцсон билээ.  

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.