Хэвлэл мэдээллийн байгууллага, редакцуудыг эх сурвалжийн дата санг ашиглаж, баталгаатай эх сурвалжийн сангаа нэмэхийг уриалж байна.
Яагаад?
Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажиглалтаар эмэгтэйчүүдийг хэвлэл мэдээллээр гаргах, эш татах нь цөөн байдгийг анзаарч, тэд төрөл бүрийн санаачилга гарган ажилласаар байна.
Манай улсын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй дөрвөн эх сурвалж тутмын нэг нь эмэгтэй хүн байгаа талаар судалгаа бий. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2021 онд хийсэн контент анализын судалгааны дүнд улс төрийн мэдээний арван эх сурвалж тутмын нэгийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгааг харуулсан байдаг.
Хэн, юу хийв?
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл, “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ” хамтран 2022 оны хавар эх сурвалжийн тэнцвэрт байдлыг хангасан нийтлэл нэвтрүүлэг бэлтгэх салбарын мэргэжилтнүүдэд зориулсан “Эмэгтэй эх сурвалжийн мэдээллийн сан” бүтээх аяны хүрээнд эх сурвалжийн хакатоныг Монголд анх удаа зохион байгуулсан билээ. Хакатонд улс төр, эдийн засаг, технологи, уул уурхай, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэй эх сурвалж, жендэрийн асуудлаар ярих эрэгтэй эх сурвалжийн мэдээллийг бүрдүүлэхдээ тэднээс эх сурвалж болох зөвшөөрлийг нь авснаараа онцлог юм.
Хэрхэн нэгдэх вэ?
500 гаруй эмэгтэй эх сурвалжийн мэдээлэл бүхий энэхүү санд энд дарж редакцын албан хүсэлтээ илгээгээд нэгдээрэй.