Мэдээ, мэдээлэл

Гадаад харилцааны сайдтай уулзлаа
Гадаад харилцааны сайдтай уулзлаа

Гадаад харилцааны сайдтай уулзлаа

Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ)-ийн удирдлагууд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж, зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулахын сацуу цаашдын зорилтуудын талаар санал солилцлоо. Тодруулбал, ХМЗ-ийн удирдах зөвлөлийн дарга У.Тамир, гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар есдүгээр сарын 7-ны өдөр сайдтай уулзаж хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт нь ардчиллын нэгэн тулгуур зарчим болж буй, мөн тус зөвлөл нь олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай түншлэл хөгжүүлэх замаар өөрсдийн үйл ажиллагааг олон улсад сурталчилж буй талаар танилцууллаа. Уулзалтад Германы хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга Манфред Протце, Дойче Велле Академийн Монголыг хариуцсан хөтөлбөрийн менежер Патрик Беннинг, Дойче Велле Академийн Монгол дахь төлөөлөгч Х.Ариунчимэг нар мөн оролцсон юм.

 

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монгол Улсын гадаад бодлогыг сурталчлах, эх орноо олон улсад таниулахад чөлөөт, шударга хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо нэн чухлыг онцолж, ёс зүйтэй, хариуцлагатай хэвлэл мэдээллийг хөгжүүлэн дэмжих салбарын өөрийн зохицуулалтын ач холбогдол өндөр” хэмээн онцлон тэмдэглэв.   

 

ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга У.Тамир энэхүү уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж хэвлэл мэдээллийн салбарын хараат бус, бие даасан өөрийн зохицуулалт нь олон улсад сайн туршлага болж буйг онцолсон юм. 

 

ХМЗ нь өнгөрсөн оны 12 дугаар сард Бельгийн Вант Улсын нийслэл Брюссель хотноо “Ардчиллын тулгуур багана: хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг тогтвортой хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгуулж Зүүн Европын улс орнуудад загвар туршлага болох тухай танилцуулга хийсэн. Түүнчлэн энэ оны 7 дугаар сард Киргизстан Улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан “Ардчиллыг хамгаалахын тулд хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын хуралд ХМЗ-ийн төлөөлөл оролцож, Төв Азийн орнууд болох Казахстан, Киргизстан, Узбекстан, Тажикстаны хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. 

 

Цаашид хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын хараат бус байдлыг хадгалах замаар урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр талууд байр сууриа илэрхийлж санал солилцлоо. 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД