Мэдээ, мэдээлэл

Төв Азийн хэвлэлийн зөвлөлүүдтэй санамж бичиг байгууллаа
Төв Азийн хэвлэлийн зөвлөлүүдтэй санамж бичиг байгууллаа

Төв Азийн хэвлэлийн зөвлөлүүдтэй санамж бичиг байгууллаа

“Ардчиллыг хамгаалахын тулд хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын хуралд Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-ийн төлөөлөл оролцож, Төв Азийн орнууд болох Казахстан, Киргизстан, Узбекстан, Тажикстаны хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

 

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-аас Төв Азийн орнуудын сэтгүүлчдэд зориулан жил бүр зохион байгуулдаг уг хуралд Монгол улсаас төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн 11 төлөөлөгч оролцсон юм. Бага хурлын үеэр ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Сэтгүүл зүйн төлөөлөл: хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” сэдвээр илтгэл танилцуулж, Монголын хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын үүсгэл санаачилга, төлөвшил, цаашдын чиг хандлагын талаар туршлагаасаа хуваалцав. Тэрээр “ХМЗ нь бүс нутагтаа сайн туршлага болохуйц салбарын өөрийн зохицуулалтыг сэтгүүлчид, редакторууд, эвсэл холбоодын хамтын ажиллагаан дор амжилттай хэрэгжүүлж байна” гээд цаашид үйл ажиллагааныхаа тогтвортой байдлыг хангахад олон нийтийн оролцоо, дэмжлэг нэн чухал болохыг онцлов. Мөн энэ үеэр ХМЗ-ийн төслийн төслийн менежер А.Ариунтуяа “Худал ташаа мэдээлэлтэй тэмцэхэд иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдвээр илтгэл танилцуулсан. Тэрээр ХМЗ-өөс өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн “Хямралын үеийн мэдээлэл харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа”, “Мэдрэмжтэй мэдээлье” зэрэг хөтөлбөрийн хүрээнд сэтгүүл зүйн бүтээлийн чанарыг дээшлүүлэх, ёс зүйн кодыг мөрдүүлэх замаар худал ташаа мэдээлэлтэй тэмцэж буй туршлагаасаа хуваалцсан юм. 

 

Уг хуралд ХМЗ-ийн төлөөллөөс гадна Гадаад хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монцамэ агентлаг, Глоб Интернэшнл төв, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Gogo.mn сайт зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо. 

 

Энэхүү хурлыг Төв Азийн орнуудын нийслэлд ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил 24 дэх удаа зохион байгуулагдаж буй хурал Киргизийн нийслэл Бишкек хотноо долдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд болж өнгөрөв. Санамж бичгийн хүрээнд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагуудын бүс нутгийн сүлжээг бий болгон хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, түнш байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажиллах юм. 

 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД