Мэдээ, мэдээлэл

Сэтгүүл зүйн ёс зүйн форум дөрөв дэх удаагаа боллоо
Сэтгүүл зүйн ёс зүйн форум дөрөв дэх удаагаа боллоо

Сэтгүүл зүйн ёс зүйн форум дөрөв дэх удаагаа боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ыг дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгууллаа. Хоёрдугаар сарын 24-нд болсон энэхүү форумд сэтгүүлч, редакторуудаас гадна салбарын эвсэл, холбоод, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл гээд нийт 80 гаруй хүн оролцлоо.

 

Ёс зүйн форум нь тухайн жилийнхээ онцлог сэдвүүдээс сонгон хөндөж, бодлогын санал зөвлөмж гаргахад чиглэдэг, хэвлэл мэдээллийн салбарынхан асуудлаа хамтдаа хэлэлцэж, гарц шийдлээ дэвшүүлдэг онцлогтой билээ. Энэ жилийн хувьд “КОВИД-19: Мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүй” сэдвийн хүрээнд болж өнгөрлөө. Учир нь дэлхийн аль ч улс оронд, хаана ч, хэнд ч цар тахлыг хохирол багатайгаар даван туулах туршлага, арга зам байсангүй. Бусад оролцогч талуудын нэгэн ижил хэвлэл мэдээллийнхэн нийгмийн өмнө хүлээсэн иргэний мэдэх эрхийг хангах, мөн хяналт тавих “хоточ банхар”-ын үүргээ амаргүй нөхцөл байдалд биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж, олон сорилыг туулсан. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарын сорилт, сургамжийн талаар хамтдаа хэлэлцэхийг энэ удаагийн форумаар зорьсон юм. 

 

 

ХМЗ-ийн удирдах зөвлөлийн дарга У. Тамир нээлтийн үеэр “Ковид-19 цар тахалтай тэмцэх төрийн бодлого, үйл ажиллагаа нь иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхэд аргагүй зарим хязгаарлалтыг үүсгэсэн ч зарим тохиолдолд энэ нь зохист хэмжээнээс хэтэрсэн тохиолдлууд бий. Иймд бид энэ удаагийн форумаар иргэний суурь эрх, эрх чөлөөг хязгаарласан арга хэмжээнүүдийн хэрэгцээ шаардлага, зэрэглэл, оновчтой байдлын талаар хэлэлцэнэ. Мөн ёс зүйтэй хариуцлагатай сэтгүүл зүйн үүрэг роль инфодемик буюу мэдээллийн цар тахлын үед энгийн үеэс ч илүү онцгой чухал болохыг ДЭМБ, ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагууд сануулсаар ирсэн. Иймээс өнөөдөр сэтгүүлчид бид цар тахлын үед юуг сайн хийж чадав, юуг хийж чадсангүй вэ гэдгээ хамтдаа дүгнэн хэлэлцэх боломж юм” хэмээн хэллээ.  

 

Энэ үеэр ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Глоб интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн нар “Цар тахлын үеийн хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ёс зүй”, МУИС-ийн сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Д.Идэржаргал “КОВИД-19: Сэтгүүл зүйн үүрэг, ёс зүй, хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл танилцуулж цар тахлын үеийн хэвлэлийн эрх чөлөө, ёс зүй, сэтгүүл зүйн үүрэг, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хөндлөө.  Мөн цар тахлын үед олон нийтийн мэдэх эрхийн төлөө дэлхийн хүмүүс бүгд тэмцсээр өнөөдрийг хүрсэн. Цар тахлаар далимдуулан олон оронд иргэдийн үг хэлэх, мэдээлэл авах эрхийн эсрэг зөрчил гарсаар л байна. Тэдгээр орны жишээ, болсон үйл явдлаас бид ямар сургамж, туршлага юу болох талаар Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа “Цар тахлын үеийн мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт илтгэл танилцуулсан юм. 

 

Форумын хэлэлцүүлгийн хэсэгт NTV телевизийн сэтгүүлч М.Батхишиг, Бодлогод залуусын хяналт ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Амарзаяа, Өдрийн сонины албаны дарга Я.Баярбаатар, Ubn.mn сайтын эрхлэгч Г.Лхагвадорж, “Цагаан үзэг” эрүүл мэндийн сэтгүүлчдийн холбооны үүсгэн байгуулагч Б.Ундрах, Дорноговь аймгийн сэтгүүлч З.Энхзул нар оролцон  мэдэх эрх, ёс зүйн асуудлыг хөндөн ярилцаж, форум оролцогчидтой санал бодлоо хуваалцлаа.

 

Өмнөх жилүүдэд “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-аар  хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба эрх зүй,   дижитал эрин үеийн мэргэжлийн сэтгүүл зүй, хэвлэлийн эрх чөлөө-дижитал хувьсал зэрэг сэдвийг хөндөж байжээ. Энэ удаагийн онцлох сэдэв бол Цар тахлын үеийн иргэний мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүйн асуудал байлаа. 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД