Мэдээ, мэдээлэл

АМЖИЛТЫН ТҮҮХ: Ийм сайхан сургалтад суусан мэдлэг мэдээллээ илүү олон хүнд хүргэх нь миний үүрэг гэж үзсэн
АМЖИЛТЫН ТҮҮХ: Ийм сайхан сургалтад суусан мэдлэг мэдээллээ илүү олон хүнд хүргэх нь миний үүрэг гэж үзсэн

АМЖИЛТЫН ТҮҮХ: Ийм сайхан сургалтад суусан мэдлэг мэдээллээ илүү олон хүнд хүргэх нь миний үүрэг гэж үзсэн

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Жендэрийн мэдрэмжтэй мэдээ, мэдээлэл хэрхэн бэлтгэх тухай хэвлэл, мэдээллийнхэнд зориулан сургалт зохион байгуулж байгаа билээ. Сургалтыг явуулах сургагч багш нарыг бэлдэх хөтөлбөрт их сургуулийн багш нар болон сэтгүүлчдийг хамруулсан. Тус хөтөлбөрт хамрагдсан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхмийн багш Л. Ариуны амжилтын түүхийг хуваалцаж байна.   

 

- Юуны өмнө сургагч багшаар сонгогдсонд баяр хүргэе! Ta бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу? 

 

- Баярлалаа, багшлах ур чадвараа сайжруулах, мөн жендэрийн асуудлаар илүү мэргэших боломж олгосон та бүхэнд хариу талархал илэрхийлье. Би сэтгүүл зүйн багшаар 22 жил ажиллаж байна. Хэвлэл мэдээлэл хүний эрхийн асуудлыг хэрхэн тусгаж байна, сэтгүүлчийн ёс зүйн алдааны үндсэн шалтгаан зэрэг сэдвээр сүүлийн жилүүдэд судалгаа хийж, энэ чиглэлийн хичээлүүд зааж байна.   

 

- Энэ удаагийн сургагч багшийн сургалтад оролцоод маш их урам авсан гэж байсан. Багшийн ур чадварын талаар шинэ мэдлэг олж авч чадсан уу? 

 

- Багш хүн үргэлж шинэ мэдлэг, мэдээлэл, ур чадвараар өөрийгөө цэнэглэж байх ёстой юм. Манай мэргэжлийн байгууллагууд биднийг агуулга сайтай, багтаамж, ихтэй, шинэ арга зүйтэй богино хугацааны чанартай сургалтад урьж байнга боловсруулж байдгийг дурдах нь зөв байх. Энэ удаагийн сургалт яг тийм сургалт байлаа. Агуулгын хувьд судалгаан дээр суурилсан маш их мэдээлэл сайтай, мөн логик дараалалтай байсныг онцолмоор байна. Арга зүйн хувьд биднийг сургалтад сууж байх үед богино хугацаанд маш их ойлголт өгсөн, өөрсдөөр нь бодуулсан, ажиллуулсан, дүгнүүлсэн сонирхолтой, халуун дулаан уур амьсгалтай болсон. Хамгийн их таалагдсан нэг зүйл бол өөрийн заах сэдвээрээ сургагч багш нарынхаа багт хичээлээ зааж туршиж юуг сайжруулах, хийгээд юун дээр алдаж байгаагаа хэлэлцсэн. Ийм сургалтаар хөтөлбөр сайжирч, багш ч өөрийн сурсан мэдсэнээр эргээд заах өөрийн гэсэн арга зүй туршлагатай болдог их үр дүнтэй юм байна. Үүнийг сургалтын байгууллага ажил болгож хэрэгжүүлвэл багш, хөтөлбөр хоёр хоёулаа маш хурдан сайжирч ахих юм билээ. 

 

- Сэтгүүл зүйн багшийн хувьд “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй”-н талаар таны ойлголт ахисан түвшинд байсан нь мэдээж. Сургагч багшийн болоод загвар сургалтуудад суусны дараа ямар сэтгэгдэл төрсөн бэ? 
 

- Өмнө нь тодорхой хэмжээний ойлголт мэдлэг байсан ч харах өнцөг, мэдрэмжийн хувьд илүү зөв болсон. Багш хүний хувьд миний хийж чадах зүйл бол оюутнууддаа сэтгүүл зүйгээр суралцаж байх үед нь маш сайн хэлж өгч, мэдлэг ойлголтыг нь зөв суулгаж өгөх. Цаг хугацааны хувьд яг тохирсон мэт ирэх улиралд “Нийгэм, эдийн засгийг сурвалжлах нь” сэдэвт шинэ хичээлийн хөтөлбөр бэлтгэж, төгсөх ангийн оюутнуудад заах  болсон тул шинэ хичээлийн хөтөлбөртөө энэ сургалтын агуулгыг бүрэн оруулж, заахаар болсон. Хичээл маань ч сайн боловсруулсан агуулгаар баяжлаа, удахгүй төгсөөд ажил дээр гарах оюутнууд маань нэн хэрэгтэй шинэ сэдэвтэй танилцах нь гээд баяртай байна.   

 

 

- Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нь манай орны хувьд тулгамдсан асуудал мөн үү? 

 

 - Өмнө нь тийм ч тулгамдсан асуудал гэж боддоггүй байлаа. Сургалтад суугаад үнэхээр буруу ойлголттой яваагаа мэдсэн. Яагаад гэвэл эмэгтэй улс төрчийн шийдвэр гаргах түвшний оролцоо тийм их ач холбогдолтойг мэддэггүй байсан. Улс төрийн сонгуулийн үеэр ч өөрийн хэвшмэл ойлголт хандлагаар санал өгдөг байсан байна лээ. Эрэгтэй, эмэгтэй хоёр нэр дэвшигч манай тойрогт таарвал аль нэгийг нь онцолж улс төрийн байр суурь, туршлага, үзэл бодлоор нь дэмжихгүй үед “Эрэгтэй нь арай дээр юм болов уу даа” гэсэн үзэл хандлагаар ханддаг байсан. Гэтэл манай оронд улс улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо тулгамдсан асуудал болсон байгаа юм билээ. 

 

- Энэ удаагийн хөтөлбөрийн үр дүн таны хувьд юу байв? 

 

- Сургагч багш бэлтгэж байгаа нь илүү сайн үр дүнтэй болгож байна. Миний хувьд өөрийн ойлголт, мэдлэгээ гүнзгийрүүлж, хандлага, мэдрэмж зөв болсон. Ийм сайхан сургалтад суусан мэдлэг, мэдээллээ илүү олон хүнд хүргэх нь миний үүрэг гэж үзсэн. Тиймээс өөрийн заадаг хичээлийн хөтөлбөртөө оруулсан нь цаг үеэ олсон, үр дүнтэй ажил боллоо гэж сэтгэл хангалуун байгаа. Жендэр гэхээр хүн болгон мэддэг сэдэв мэт боловч огт мэдэхгүй зүйл дотор нь их байна гэдгийг л сайн ойлгож авлаа. Саяны сургалтаар авсан миний ойлголт хандлага насан туршийн боловсрол болон төлөвших юм. Их сургуулийн багш бол салбарынхаа тулгамдаж буй асуудлыг байнга судалж бичих байх үүрэгтэй. Тиймээс судалгааны ажлаа энэ чиглэл рүү хандуулна гэж бодож байгаа. Жишээлбэл дипломын ажил бичих төгсөх ангийн оюутандаа “Эмэгтэй улс төрчийн ХМХ дэх дүр төрх” сэдвээр судалгаа хийх санал өгсөн. Ер нь хэд хэдэн судалгааны ажлын сэдэв бодсон байгаа. Энэ төслийг хэрэгжүүлж байгаа багаас ямар сэдэв, чиглэлээр хийх судалгаа шаардлагатай байгаа талаар санал зөвлөмж аваад судалгаа хийнэ гэж төлөвлөж байна.

 

Танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД