Мэдээ, мэдээлэл

Мэдээний сэтгүүлч, сурвалжлагч нар коронавируст халдварыг хэрхэн сурвалжлах талаар сургалтад хамрагдлаа
Мэдээний сэтгүүлч, сурвалжлагч нар коронавируст халдварыг хэрхэн сурвалжлах талаар сургалтад хамрагдлаа

Мэдээний сэтгүүлч, сурвалжлагч нар коронавируст халдварыг хэрхэн сурвалжлах талаар сургалтад хамрагдлаа

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс ЭМЯ, ДЭМБ-тай хамтран мэдээний сэтгүүлч, сурвалжлагчдад зориулан “Ковид19-ийн эсрэг дархлаажуулалтыг хэрхэн сурвалжлах вэ?” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. 

 

Тус сургалтад Зууны мэдээ, Монголын үнэн, Өглөөний сонин, Gogo.mn, News.mn, Тac.mn сайтууд болон МҮОНРТ, Ийгл ньюс, ТВ9, ETV, TV5 зэрэг телевизүүдийн 20 орчим сэтгүүлч хамрагдлаа. 

 

Сургалтаар 

  • ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Ковид-19 ба дархлаажуулалт” сэдвээр, 

  • ДЭМБ-ийн мэргэжилтэн Б.Энхтуяа “Ковид 19-ийн эсрэг вакцины талаарх хүн амын дунд хийсэн мэдлэг, хандлага тодорхойлох судалгааны үр дүн” сэдвээр, 

  • Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн үүсгэн байгуулагч, сургагч багш Ц.Чимиддондог “Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтыг сурвалжлах зөвлөмж” сэдвээр, 

  • Сэтгүүлч, судлаач, Ц.Сувданцэцэг “Сингапур, Их Британи, Канад улсуудын жишээн дээр үндэслэн “Ковид19-ийн эсрэг дархлаажуулалтыг сурвалжилсан сэтгүүлчдийн туршлага” сэдвээр, 

  • News.mn сайтын сэтгүүлч С.Ундармаа “Ковид 19 ба миний сурвалжлага” гэсэн сэдвээр тус тус илтгэл танилцуулав.

 

Энэ үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Энхтуяа “Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээний бүрэлдэхүүн хэсэг болох вакцинжуулалтын үеийн эрсдэлийн мэдээлэл харилцааны чиглэлээр сэтгүүлч, сурвалжлагч нарт зориулсан сургалт, хэлэлцүүлэгт бид өндөр ач холбогдол өгч байгаа” гэлээ. Мөн вакцинтай холбоотой худал, ташаа мэдээлэл тарахаас сэргийлсэн үнэн зөв, баталгаатай мэдээллийг хүн амд цаг тухай бүрт хүргэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог онцлон тэмдэглэв. 

 

Мөн news.mn сайтын сэтгүүлч С.Ундармаа “Ковид 19 ба миний сурвалжлага” илтгэлийнхээ үеэр дархлаажуулалтын үйл явцыг сурвалжлахдаа сайтынхаа уншилт, хандалтаас илүүтэй олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө ажиллахын чухлыг онцлов. Түүнчлэн “Хэвлэл мэдээллийн байгууллагууд цар тахлын онцгой нөхцөл байдалд иргэдийг айдас, түгшүүрт автуулах мэдээнээс татгалзаж, харин эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийг уриалах нь чухал болж байна. Тиймээс сэтгүүлчид албаны мэдээлэл дамжуулах бус бодит байдлыг баримтаар нотолж сурвалжлах, вакцинцуулалтын талаарх иргэдийн эргэлзээг тайлах эерэг үр дүнг сурталчлан таниулахад анхаарах хэрэгтэй” хэмээн нэмж хэллээ. 

 

Оролцогч “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Должинжав “Вакцинтай холбоотой эргэлзээтэй мэдээллийг олон нийтэд хэрхэн мэдээлэх талаар мэдлэг олж авлаа. Тухайлбал, Астразенека вакцинтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллийг сэтгүүлчид “шүүрч авах” бус шүүлтүүртэй хандаж, нягталж шалгаж мэдээлэх нь чухал юм. Ингэснээр уншигчдыг төөрөгдүүлэх, эргэлзээтэй байдалд оруулах, сөрөг мэдээлэл түгэхээс урьдчилан сэргийлж чадна” гэдгийг онцлов.  

 

Энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй тавдахь удаагийн сургалт юм. Эдгээр сургалтыг хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч, редактор, сурвалжлагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан цаг үеийн шинэлэг мэдээлэл, судалгааны үр дүнгүүдэд тулгуурлан зохион байгуулж байна. Орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан дараагийн сургалтыг 9-р сарын 14-нд зохион байгуулах болно. 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД